Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байр ашиглалттай холбоотой зардлыг орон нутаг энэ жилээс хариуцахаар болсон. Өмнө нь цэцэрлэг, ерөнхий боловсрол, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүүхэд хамгаалал болон газрын харилцааны төсвийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар улсын төсвөөр дамжуулан шилжүүлдэг байв. Хэдийгээр эдгээр нь тухайн аймаг, нийслэл, орон нутгийн өмч ч ашиглалтын зардлыг БСШУСЯ, Эрүүл мэндийн яамнны төсөвт тусгах нь оновчгүй, үр ашиг, үр дүн муутай гэж үзсэн байна. Тухайлбал, орон нутгийн засаг захиргаа өөрийн өмч хөрөнгөө зөв зохистой, үр ашигтай удирдах, ашиглах, хамгаалах боломж, бүтээлч санаачилгыг төрүүлэхгүйн дээр хуваарилсан төсвийг хэмнэх хүсэлгүй байна гэж холбогдох албаныхан дүгнэжээ. Орон нутгийн засаг захиргаа өмчөө бүрэн хариуцдаг тогтолцоонд шилжсэнээр барилга байгууламжийн ашиглалт, хамгаалалт сайжрах, өр авлага үүсгэхгүй байх ач холбогдолтой аж. Харин байр ашиглалтаас бусад үйл ажиллагааны зардал болох цалин хөлс, хичээл үйлдвэрлэлийн дадлага гэх мэт бараа үйлчилгээний бусад хувьсах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх юм.