Энэ сарын 8-10-ны хооронд Хан-Уул дүүрэгт байрлах түргэн хоолны “KFC” сүлжээ дэлгүүрийн Зайсан дахь салбараар үйлчлүүлж хоол захиалж идсэн гэх 9-40 насны 20 хүн халуурах, бөөлжих, суулгах, зовиуртайгаар ХӨСҮТ-д хүргэгдэж, одоо эмчлүүлж байна. Эдгээрийн 10 нь бага насны хүүхэд аж. Одоогийн байдлаар 11 иргэний биеийн байдал өндөр хэмтэйгээр халуурах, бөөлжих, усархаг суулгалтаар олон удаа суулгах зэргээр биеийн байдал нь хүндэвтэр байгаа юм. Ямартай ч хордсон иргэдийн дийлэнх нь “Найзууд” багц захиалан идсэн ба тухайн өдөр 300 гаруй багц худалдаанд гаргасан гэх мэдээлэл байна. Тухайн өдөр НМХГ-ынхан дээрх салбараас 52 дээж авчээ. Гэтэл эхний шинжилсэн дээжнээс нь халуунд тэсвэртэй бактери, хадгалалтын хугацаа уртасгадаг, бохирдуулагч бодис буюу нитрит илэрсэн атал тус газрыг зөрчлөө арилгатал түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоосон байгаа юм. Ийнхүү бараг 10 хоног болох гэж байхад дээжээс авсан шинжилгээний хариу ирэх даваа гарагт гарна. Тэгэхээр мэдээлэл хийнэ гэсэн тайлбарыг НМХГ-аас өгч байна. Шинжилгээний хариу гарах гэсээр байтал дахиад хэчнээн хүн хордлого авч эмнэлэгт хүргэгдэхийн тааж мэдэхгүй нь. Цаашид хордлого авсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй. Зарим иргэдийг нь хувийн эмнэлэгт хэвтүүлсэн байгаа аж. Түргэн хоол гэдэг угаасаа хор байдаг. Хүний биед ямар ч хэрэггүй зүйл. Шим тэжээл байхгүй гэдэг. Анх энэ түргэн хоолны газрыг Монголд оруулж ирсэн “Таванбогд” групп өнөөдөр нэг мэдэгдэл гаргаад асуудлыг дарж, намжаагаад өнгөрөх бишээ. Олон хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал яригдаж байхад бүх газрыг нь хаах ёстой. “Таванбогд” групп ч хор болсон хоолны газруудынхаа хаалгыг хаах ухамсар байх ёстой юм шүү.