Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Оюунжаргал: Цаг агаар харьцангуй дулаарах төлөвтэй байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас ойрын үеийн цаг агаарын төлөв байдлын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Сар шинийн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрсэн. Энэ хүйтрэл үргэлжлэхээр байна уу?

– Өнгөрсөн сар харьцангуй дулаан байсан болохоор өвөл хүйтрээгүйгээрээ Сар шинийн өдрүүдэд жиндүү байлаа. Дээр нь салхи ихтэй байснаас үүдэн хүнд мэдрэгдэх температур нь нэлээн хүйтэн байдаг болохоор хүмүүст илүү их мэдрэгдэж байгаа юм. Тэрнээс хоёр сарын эхний долоо хоногийн хүйтрэлт ерөнхийдөө байдаг л хүйтрэлт. Өнгөрсөн жилийн эхний арван хоног хүйтэн байсан. Тухайн үед хүйтэн газруудаараа шөнөдөө -46, -47, -48 градус хүрч байсан. Үүнтэй адил энэ жил ч мөн хүйтэрлээ. Ялангуяа баруун аймгуудын нутгаар, Увс нуурын хотгор, тэс голын хөндий зэрэг газрууд -47, -48 градусын хүйтэн хоносон. Сар шинийн үе таарсан болохоор хүмүүс гадуур их явсаны улмаас хүйтэн санагдсан байх. Энэ хүйтрэлт ерөнхийдөө өнөө маргаашдаа үргэлжлэх шинжтэй байна. Энэ цаг агаарын үзэгдэл энэ сарын 15-ныг хүртэл сулрахааргүй байна. Бүх нутгаар хүйтэн байх төлөвтэй. Түрүүчийн арав хоногтой харьцуулахад салхины эрч багасна. Тэгэхээр хүнд мэдрэгдэх темпратур нь ч гайгүй болоод ирдэг. Харин энэ сарын 16-ны өдрөөс хүйтний эрч нэлээд сулрах шинж харагдаж байгаа. Зарим газар олон жилийн дунджаас хүйтэн, зарим газраар дулаан, зарим газар яг дунджийн үзүүлэлттэй ижил байхаар янз бүр харагдаж байна. Олон жилийн дундажтай харьцуулах юм бол энэ сар болоод гуравдугаар сар дулаан байх зүйл анзаарагдаж байгаа.

-Олон жилийн дундаж гэдэг нь хэдэн жилийг хамруулсан үзүүлэлт вэ?

-Цаг уурын салбарт 30 жилийг хамруулсан дүгнэлт, үзүүлэлтийг олон жилийн дундаж гэдэг. Ард иргэд, ерөнхийдөө хоёр, гуравдугаар сар ямар байдаг билээ гэдэг өөрийн ой санамж дахь төсөөлөлтэйгөө харьцуулаад бодож багцаалахад болох юм. Ер нь иргэдэд өнгөрсөн жилтэй харьцуулахад ийм байна гээд мэдээлбэл илүү ойр байдаг.

-Энэ өвлийн хувьд цас бараг орсонгүй. Энэ хавар, зуны цаг агаарын төлөв ямархуу байхаар байна вэ?

-Манайхаас хүйтний улирал, дулааны улирлын төлөв гэж гаргадаг. Хүйтний улирлын төлөвийг найман сараас, дулааны улирлын төлөвийг гурван сараас гаргадаг. Энэ нь 60-70 хувийн магадлалтай. Одоо гарсан төлөвөөр зүүн аймгууд болох Дорнод Хэнтий болон баруун аймгуудаар олон жилийн дунджаас хүйтэн байна. Харин Дорноговь, Дундговь аймгуудын зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан байхаар байгаа. Нэг, хоёр сар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байсан бол гуравдугаар сар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй. Гэхдээ бид сар сараар ахиж гаргадаг.

Мөн олон жилийн дунджаас ч хамаарч гаргадаг. Манай улсын хувьд арванхоёрдугаар сарын сүүлээс хүйтэрч эхэлдэг. Харин урьдчилсан төлөв дээр цаг агаарын онцгой үзэгдлийг тодорхой гаргаж ирэх боломжгүй. Дэлхийн бусад улсууд ч аюултай үзэгдэл болно гэдгийг эртнээс мэдэх боломжгүй байдаг. Салхины 18-28м секунд нь аюултай үзэгдэл, 28м секундээс дээш болохоор гамшигт үзэгдэлд тооцогддог. Эрс хүйтэрсэн өдрүүдэд нутгийн баруун өмнөд хэсэг ялангуяа Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд тал Өвөрхангайн өмнө тал, Өмнөговь, Дундговь, Дорноговийн баруун талаар цас орсон. Урьд нь энэ газрууд цасгүй байсан. Эдгээр газруудад ахин өнөө маргаашдаа мөн цас орохоор төлөвтэй байгаа юм. Өчигдөрхөн бидний нарын хиймэл дагуулын мэдээллээс авсан зургаас харахад цасан бүрхүүлийн хэмжээ 46 см орчим байна.

Говийн аймгуудын нутгаар орсон цас гурван сар гараад ирэхээр хайлчихдаг. Харин Алтай хангай уулархаг нутгуудын цас гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхээр хайлдаг. Энэ жилийн хувьд уг газруудаар цас багатай. Хоёр, гуравдугаар сар дулаан байхаар багахан орсон цас эрт хайлах магадлалтай болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цас эрт хайлбал хуурайшилт эхэлнэ. Гуравдугаар сар салхи шуурга ихтэй байдаг. Дээр нь хаврын улирал эхэлж байгаа учир хуурайшилт улам нэмэгдэнэ. Хүйтэн сэрүүн салхитай байвал мал төллөлт ч хүндэрч, малчдад хүнд байх нөхцөлүүд бүрдэж болзошгүй байна гэдгийг анхааруулж байгаа.

Энэ бүгдээс харахад нэлээн хуурай хавар болох нь ээ. Хуурайшилт ихэсч, салхи шуурга болох төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор түймэр ихсэх вий гэсэн болгоомжлол төрж байгаа. Байгууллагууд, хувь хүмүүс энэ тал дээр л анхаараасай гэмээр байна.

-Цаг уурын хэмжилт, мэдээллийг хэр шуурхай авч, дамжуулдаг вэ?

-Монгол орны хэмжээнд манай 300 гаруй цаг уурын станц, харуулууд байна. Тэд маань температур, даралт, хурд тунадас, чийг, салхины зүг хурд, нарны гийгүүлэлт гээд олон үзүүлэлтийг хэмждэг. Бас усны ажиглалтыг маш олон гол дээр хийдэг. Орчны ажиглалт хийнэ. Тэгээд гурван цаг тутамд мэдээллээ ирүүлдэг. 300 станцын 200 орчим нь автомат станц юм. Бид 15 минут тутамд мэдээг нь авч байна. Автомат станцууд минут тутамд хэмжээд мэдээллээ явуулах боломжтой. Бас бөмбөлөг хөөргөж дээд агаар мандлын хэмжилтээ хийдэг. Мөн хиймэл дагуулын мэдээг ашиглаж байна.

-Манайх олон жилийн дунджаас дулаараад байна гэдэг?

-Мэдээж дулаарч байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн илтгэлүүдэд Монгол орны агаарын температур сүүлийн 60, 70 жилд 2.4 градусаар нэмэгдсэн гэж байна. Мөн аюултай үзэгдлийн давтамж ч нэмэгдсэн.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *