МУБИС-иас төрсөн алдартнууд олон. Урлаг спорт, хэл шинжлэлийн салбарт ч тэр. Ардын багш, гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт Данзандаржаагийн Сэрээтэр, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа, гавьяат тамирчин Доржнямбуугийн Отгондалай нар энэ сургуульд боловсорч дэлхийн дэвжээнд гялалзсан түүхтэй. Энэ эрхмүүдийг залгамжилж өнөө цагт эх орны нэрийг олон улсын тавцанд сайнаар дуурсгаж буй хамт олныг “Нэг ангийнхан” булан онцолж байна.
2012 оны намар цаг. Монгол Улсын боловсролын их сургуулийн Биеийн тамир эрүүл мэндийн багшийн ангийг магистр багш Э.Баатарсүрэн дааж авчээ. Эх орны өнцөг булан бүрээс цугласан 35 хүүхэд МУБИС гэх их айлын хаалгаар алхаж эрдэмд сурах аян замдаа хамтдаа гарсан байна. Спорт хүнийг төлөвшүүлж өгдөг. Тэр жилийн биеийн тамир эрүүл мэндийн багшийн ангийн оюутнуудын олонх нь спортоор хичээллэдэг, сум орон нутаг дүүргийн хэмжээнд амжилт гаргаад тодорчихсон хүүхдүүд байжээ. Өөр өөр орчинд өсч торнисон ч зөв хүмүүжилтэй хүүхдүүд хамт олон болоход их хугацаа авсангүй. Сарын дараа л нэг гэр бүл шиг халуун дулаан уур амьсгалтай нийтэч болчихсон байжээ. Ийм нийтэч нэгнээ гэх уур амьсгалтай хамт олны дундаас олон одод гялалзаж сургуулийнхаа нэрийг улсдаа, улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулжээ.
Э.Баатарсүрэн багшийн анги эрийн гурван наадамд төлөөллөө илгээдэг. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын харцага Даш-Очирын Батболд, аймгийн арслан Энхбат нарын бага дүү Батсүмбэр энэ ангийнх. Тэрбээр өнгөрсөн жил төрөлх аймгийнхаа баяр наадамд зургаа давж аймгийн харцага цолны болзол хангасан юм. Мөн Завханы Отгон сумаас ирж суралцаж төгссөн М.Лувсандорж гэж залуу Сэлэнгийн наадамд тав даван аймгийн начин цол хүртэж их амжилтынхаа эхний шатаар амжилттай алхжээ. Н.Сүрэнжаргал гэж охин сурын харвааны тэмцээнд тогтмол оролцдог гэнэ. Зүгээр ч нэг тоо гүйцээж биш тодорхой хэмжээний амжилт үзүүлж, спортын дэд мастер цол хүртжээ. Хөдөө орон нутгийнхаа наадмуудад хурдан хүлэг сойж хаа нэг айраг амсчихдаг залуус ч хэд хэд байдаг аж.
Энэ ангид волейболын спортоор хичээллэдэг хүүхэд олон байдаг нь эвсэг нийтэч байхад нөлөөлсөн талаар ангийнхан ярилцаж байна лээ. Атгасан гар шиг нэгдмэл хамт олон сургуулийнхаа сагс, волейболын тэмцээнүүдэд тогтмол түрүүлдэг байсан гэнэ.
Ширээний теннис, бокс, сагсан бөмбөг гээд бүх төрлийн спортоор хичээллэдэг хүүхдүүд биеийн тамир, эрүүл мэндийн багшийн ангид бий. Зүгээр нэг байгууллагын тэмцээнд оролцдог биш. Улс аймгийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцдог тамирчид шүү дээ.
Эрдэнэтээс төрсөн алдартай боксчдын нэг спортын дэд мастер Барихаан энэ ангид суралцаж төгссөн байна. Бокс тоглодог гээд ангийнхандаа аархаж байсан удаа Барихаанд үгүй. Харин ч хамгийн даруухан нь гэсэн.
Ирэх оны олимпийн хөтөлбөрт багтаад буй 3х3-ын спортоор амжилттай хичээллэж олон улсын тэмцээнүүдэд алгасалгүй амжилттай оролцож буй Ариунболдын Сүхбат гэж хүү Сүхбаатараас ирж суралцаж төгсчээ. Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд МУБИС-иа дуурсгасан энэ залуу ирэх жил олимпийн наадамд эх орноо ч дуурсгаж мэдэх юм. Бэлтгэлдээ шамдахын хэрээр ур чадвар нь өдрөөс өдөрт ахиж байгаа юм билээ.
Сонирхогчдын шатрын дэлхийн аварга Э.Хулан
Сонирхогчдын шатрын дэлхийн хошой аварга, олон улсын шатрын холбооны мастер Энхсайханы Хулан энэ ангид суралцаж төгсчээ. Оюутан ахуйдаа л дэлхийд өөрийгөө таниулчихсан. 2015 онд сонирхогчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түргэн тоглолтын төрөлд түрүүлж алтан соёмбот төрийн далбаагаа харийн тэнгэрт мандуулсан түүх бий. Дараа жил нь эрэгтэйчүүдийн төрөлд орж өрсөлдөөд мөн л түрүүлж монгол эмэгтэй хүний оюуны чадамжийг олон улсад гайхуулжээ. Сүүлд 2017 онд оролцоод мөнгөн медаль зүүсэн аж. Олимпийн наадмын хүрэл медальт Чимэдбазарын Дамдиншарав, ардын багш Насантогтох нарын ойрын хамаатан энэ охиныг бөх болсон бол юм дуулгах байсан гэж олон хүн хэлдэг юм билээ. Сонирхлоо дагаж оюуны спортыг сонгосон Э.Хулан дэлхийд данстай шатарчин болжээ. Ангиас төрсөн дэлхийн аваргаа ангийнхан нь “Аварга аа” гэж хүндэлдэг гэсэн.
ОУХМ Г.Алтанбагана
Биеийн тамир, эрүүл мэндийн багшийн ангийн жүдогийн бэлтгэлийг олон улсын хэмжээний мастер Одсүрэнгийн Болд-Эрдэнэ удирддаг байжээ. Ур чадвартай багшийн гараас ч дэлхийд данстай олон жүдочид төрсөн байна. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын шигшээ багийн тамирчин олон улсын хэмжээний мастер Гантулгын Алтанбагана энэ ангийн хамт олны дунд дөрвөн жил суралцаж төгссөн гэнэ. Гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарын ойрын хамаатан тэрбээр энэ ангиас дэлхийд гарч өрсөлдөж буй өөр нэг хүчтэн. 2017 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -90кг-ын жинд өрсөлдөж шилдэг наймд шалгарч шуугиулсан. Ганц ялахад медаль зүүх байсан ч дэлхийн чансааг тэргүүлж буй Сербийн Кукочид хожигдож шагналт байр эзэлсэн. Гантулгын Алтанбагана дэлхийн шилдэг жүдочид чуулдаг Парисын их дуулгад түрүүлж, олимп дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальд ойрхон ойрхон очсоноо батлаад харуулчихсан. Дэлхийн шилдгүүдийн зүрхэнд шар ус хуруулаад эхэлчихсэн энэ залууг Токиогийн олимпоос медаль зүүгээд ирнэ гэж итгэл хүлээлгэж цай сүүнийхээ дээжийг өргөж байгаа. Дан ганц жүдо бөхөөр ч биш монгол үндэсний бөхөөр ч шаггүй үзчихнэ. Өнгөрсөн жилийн наадмаар гарч улсын арслан Доржпаламын Ганхуягаар хоёр давж цэнгэлдэхэд шуугиулсан. Улсаар өөрийн багш улсын аварга О.Балжиннямаар гурав даваад дархан аварга Г.Өсөхбаярын аманд гарч өвдөг шороодсон.
Баянмөнхийн Гаажадамба гэж дэлхийн данстай тамирчин залуу мөн энэ ангид суралцаж төгссөн. Тэрбээр олимпийн хөтөлбөрт шинээр багтаад буй самбо барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан удаатай. Харин жүдо барилдааны 81кг-ын жингийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алгасалгүй медаль зүүж байгаа. Б.Гаажадамба Отгонбаатарын Ууганбаатар, Нямсүрэнгийн Дагвасүрэн нарын дэлхийд танигдсан жүдочдыг ялж байж олон улсын тэмцээнд өрсөлдөх учиртай. Ирэх онд самбо бөхийн төрлөөр эх орноо төлөөлж Токиогийн олимпийг зорьж мэдэх л юм. Мөн Гонгорын Пүрэвбаатар гэж энэ ангийн хамгийн шооч залуу бас л дэлхийн дэвжээнд нэрээ дуурсгачихсан эр. Самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тэрбээр үндэсний бөхөөр муугүй үзчихнэ. Өнгөрсөн жил үндэсний их баяр наадмын нэгийн даваанд бөхийн чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер аймгийн харцага Өлзийсайханы Батзултай оноолт таарч хөлд суугаад босоход тэр чигт нь түлхчихээд дэвж байсан бяртай залуу. Адилцэцэг гэж бүстэй барилдаанаар тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож мөнгө, хүрэл медаль зүүсэн мундаг охин энэ ангийнх.
Энэ мэтчилэн ангиас төрсөн алдартнуудыг дурдаад байвал дуусахгүй. Тэд өнөөдөр сургуулиа төгсөж тус тусын амьдралын мөрийг хөөн одсон ч спортын тэмцээн уралдаан дээр цугладаг гэнэ. Оюутан байхдаа л спорт хороодод харьяалагдаж цалин авдаг байсан тэд өлсөхийн зовлон мэдэлгүй сургуулиа төггсөн гэнэ лээ. Цалингаа авсан нөхөд нь ангийнхнаа дайлна. Харин бие биедээ зээлсэн цөөхөн хэдэн төгрөгөө буцааж өгдөггүй гэж өөр хоорондоо ярилцаж хөгжилдөж сууна лээ.