Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Төрийн өндөрлөгүүд Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, золголтоо хийлээ

XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болсон Төрийн Есөн хөлт, цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.

Үүний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрт УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг айлтган золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцэж, налгар хавартай золгож байгаа талаар ярилцлаа.

Уламжлал ёсоор Төрийн золголтын дараа Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж төрийн хан хуурын хөг аялгууг тааруулж, хан хуурыг эгшүүлэн тухайн жилийн жаврыг үргээх ёслол үйлдэв.

Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж Хан хуурын эгшиг дор аялгуулан хэлсэн магтаалдаа,

“Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо

Төрийн магтаалыг аялгуулан айлтгая.

Эх орон тусгаар тогтнолоо

Эрхэм төрөө, тамга, сүлдээ

Алтан соёмбот далбаагаа

Агуу жавхлант төрийн сүлдээ

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн их Чингис хаандаа

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая.

Ашид мөнхийн Нууц товчоогоо

Аялгуу эгшиглэнт хан хуураа

Хайрлан сахидаг Үндсэн хуулиа

Хар сүлд, Төрийн ордноо

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн их Чингис хаандаа

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая.

Ханат Монгол, хагаан Чингисээ биширтүгэй.

Өрхт Монгол өрнөн дэвжсээр хөгжтүгэй.

Эзэн түмэн эв эетэй амгалан байтугай.

Эрэлхэг Монгол мөнх тэнгэрийн хүчин дор мандан бадартугай” хэмээн ерөөж гурвантаа уухайлав.

Төрийн өндөрлөгүүд хан хуурын хөг эгшиг сайхан зохирч, цээл сайхан дуугарч байгаад бэлгэшээж байна” гэлээ.

Үүний дараа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц Төрийн хүндэтгэлийн өргөө гэрт морилон ирж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт бараалхан золгон ирж буй Шарагчин гайхай жилийн өнгийг хэлэлцэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *