ХӨДӨӨГӨӨС ОРГОСОН АЗТАН
-Таныг бид мэднэ, гэхдээ л “Өөрийгөө танилцуулна уу” гэсэн уламжлалт асуултыг тавья.
-Би хөдөөний хүүхэд. Гэхдээ Их сургуульд элсэж хотод ирээд буцалгүй үлдсэн азтайчуудын нэгэн.
Малчны гэрт хаваржаан дээр төрсөн. Гэхдээ Улаанбаатарт анх сургуульд орсон. Иргэний паспорт автлаа хүн амын бүртгэлд огт тусгагдаагүй явсан. Гэхдээ Боловсролын Яамны статистикт байнга орж байсан. Завханы Шилүүстэй сумандаа дунд сургууль дүүргэсэн. Гэхдээ аймгийн төвийн Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн сургуульд бас сурч байсан. Нэгдүгээр ангид ерөөсөө суугаагүй. Гэхдээ сургуулиасаа өмнө бичиг сурч, “Уруугаа ургасан мод”, “Таван хархүү” гээд хэд хэдэн хөөрхөн ном уншсан байсан. Нэр маань ч ховорхон, дуудахад адармаатай. Анх уншсан номын маань нэр ч “Уруугаа ургасан мод” гэж ирээд адармаатай. Аа тийм, төрсөн газрын маань нэр ч адармаатай “Бага хөндлөнгийн Босго” гэж ирээд л нэг их хөндөлдсөн, босго тавьсан нутаг орон, олж төрөхөд ихээхэн шалгууртай байрын.
Хорвоо намайг их л ер бусын адармаатай байдлаар хүлээн авсан. Тэрнээс болоод бичгийн хэв, бичлэгийн хэлбэр маань ч жаахан адармаатай болсон байх аа. Эмээ маань намайг зэмлэдэг сэн, “араа дэгээ оргиод юм ярихад хэцүү” гэж. Фельетон гэдэг бол сэтгүүл зүйн төрөл жанр дотроо нэгэн зүйл “Уруугаа ургасан” бодрол шүү дээ. Өөрийнхөө тухай ярихад, товчдоо ийм байна.
-Бидний үеийнхэнд “ургийн овог” анх удаа авах түүхэн боломж таарсан. Анх удаа ч юу байхав, түүхэн овгоо сэргээсэн гэж түүхчид ярьдаг. Та ямар “түүхэн овог”-оо олж сэргээсэн бэ?
-Монголчууд овогтой байсан боловч тэр нь цусан төрлийн холбоог бус овог аймгийн харьяаллыг илэрхийлж байсан гэж түүхчид хэлдэг. Өнөөгийн “Дарьгангачуул”, “Завханыхан” энээ тэрээ гэдэг шиг. Жишээлэхэд, тэр үлгэрээр явбал өнөөгийн нийслэлийн иргэд “Улаанбаатар” овогтон болохнээ дээ. Түүнчлэн ургийн овог хэрэглэлгүй, эцэг эхийнхээ нэрийг хамаатуулан хэлсээр өнөөг хүрсэн үндэстэн зөвхөн монголчууд ч биш юм билээ. Исландчууд “Тэрний хүү тэр” , “хэний охин хэн” гэх маягаар овог нэрээ бичдэг.
Манай монголчуудын ихэнх нь Чингис хаан руугаа тал татаж “Боржигон” хэмээх овог авсан шиг байгаа юм. Сайхан л хэрэг, монгол хүн л Чингис хаан руугаа татаж овог авахгүй бол өөр хэн ч авах билээ. Харин надад Чингисийн удам гэж хэлэгдэхэд монгол хүн байх нь хангалттай гэж бодогддог.
Дашрамд дурдахад, Чингис хаан ба түүний залгамжлагчид дэлхийн гүрэн байгуулж, өөрсдөө дэлхийн хаад болцгоосон. Ийм учраас алтан ургийн хэлхээс дэлхий дахинаар түгсэн. Харин БНМАУ-ын иргэдийн дунд хэд хэдэн удаа зохион байгуулсан аймаглан устгах хэлмэгдүүлэлтийн үр дүнд “алтан ураг”-аас бараг л бүрэн утгаараа чөлөөлөгдсөн дөө. Хэлмэгдүүлэлт бол жинхэнэ утгаараа “Алтан ургийн эсрэг геноцид” байсан. Иймээс, “Алтан ураг”-ийнхнаас хамгийн сайн цэвэрлэгдсэн улс бол хуучин БНМАУ.
Миний анхны тодорхойлолт. Сурагч Цэнддоо нь тус сургуульд 1971 оны 11 сард анх орж суралцсан. Сурагч Цэнддоог I ангийн программаар шалгалт авч I ангийг алгасан суралцах боломжтой гэж үзэж II ангид авч суралцуулсан юм. Энэ сурагч сургуульд ирэхдээ ямар ч үг өгүүлбэрийг шууд уншиж, учрыг ойлгож, ярьдаг байлаа. Мөн тоог цээжээр 1000 хүртэл тоолж, нэмэх, хасах үйлдлийг цээжээр хийх чадвартай байсан. Хичээллэсэн хугацаандаа юмыг маш түргэн сэтгэдэг, шинэ зүйлийг мэдье гэсэн тэмүүлэл өндөр, үзсэн зүйлсийг ухаалгаар тусгаж чаддаг нь ажиглагдсан. Сурагч Цэнддоо нь сэргэлэн. Хэрэв зөв хөгжүүлж чадвал ямар ч авьяас билиг тодорч болзошгүй ухаалаг хүүхэд гэж үзэж байгаа юм.
Хичээлийн эрхлэгч Д.Чимидгочоо.
1972 оны 5 дугаар сарын 25
Их сургуулийн томилолт. Эрдэнэ мэт өвөрлөн явсаар эмээдээ үзүүлсэн бичиг маань энэ байна. Уралдаант шалгалтаа Улиастайд өгч дуусгаад, янз бүрийн унаанд дайгдсаар сүүлийн хэдэн км-ийг явган туулаад гэртээ ирж билээ. Шууд хэлэхийн оронд “шалгалтанд унасаан. Цэрэгт явахаар болсон” гэж эмээгээ цаашлуулж, жаахан тэвдүүлж байгаад, цай чанасан хойно сая гаргаж үзүүлж байгаа юм чинь. Эмээ миний занг андахгүй юм болохоор “Тэгнэ ээ тэр. Би ч мэдээд байсан л даа, наад царай чинь жуумалзаад л андашгүй” гэж билээ
Миний хувьд өвөг дээдсийн ураг удмын түүхийг ухаж сонирхоод ямар нэгэн хэллэг олж болох л байсан байх. Харин би гэр бүлтэйгээ зөвшилцөөд овог авахад нэрнээсээ сэдэвлээд зохиосон. Ер нь бүгдээрээ л овог “зохиосон” шүү дээ. Миний хойчис хүсвэл “Доо” овогтон болно биз. “Сутра” буюу “Судар” гэсэн самгарьди үгний төвд хувилбар юм билээ, Доо гэдэг нь
Нөгөө талаар, дэлхий ертөнцийн үүд хаалга монголчуудын өмнө нээгдсэн цаг үед овгоо сонгож таарсан тул хаанахын хэнд хэлсэн ч амар, ямар ч үсгээр бичихэд хялбар байх нь зүгээр гэж мунхагласан.
–Та түрүүнд “хөдөө рүүгээ буцаагүй азтан” гэж хэллээ. Энэ азаа тайлбарлаач.
-Бидний үеийнхэн, их дээд сургуулиа төгсөхдөө зарим талаар гунигладаг байсан. Сургуулиа төгсгөж диплом гардах нь сайхан. Гэвч, хот газрын хөл хөгжөөн, оюутны цэнгээнт амьдралд умбаж дассан сэтгэл их хоргодно. Хот суурины соёл, амьдралын дэвшлээ орхиод явахад их хэцүү. Үнэхээр аж төрөх нэг эрэмбээс эргээд бууж байгаа хэрэг.
Тэгээд л хотод хэрхэн үлдэх вэ, ядаж хотод ойрхон Төв аймаг, дор хаяж Эрдэнэт, Дарханд суух арга тал хайна. Зарим нь хотын хүнтэй гэр бүл болох боломж судална.
Та нар социалист нийгмийг томьёолдог “социалист лагер” гэдэг хэллэгийг “лагерь” гэдэг утгаар нь ойлгож байгууштай. Улс орон даяараа янз бүрийн “зон”-той том хөдөлмөрийн лагерь байсан. Хүн бүр заавал хөдөлмөрлөх үүрэгтэй ба ингэхгүй бол “нийгмийн туст хөдөлмөрөөс зайлсхийсэн” гэх үндэслэлээр албадан ажил хийлгэнэ. Лагерийн “зооно” хооронд шилжихдээ төрөөс зөвшөөрөл авна. Энүүхэн Төв аймаг Улаанбаатар хоёрын хооронд автобусаар зорчиход ч зөвшөөрлөө шалгуулж билет авна.
Улаанбаатарт зөвхөн хотын паспорт бүхий иргэд байнга амьдрана, орон нутгийн төр захиргааны түр зөвшөөрөлтэйгөөр ирээд буцаж болно. Шөнөөр цагдаагийн эргүүл айл хэсч, бичиг баримт шалган, зөвшөөрөлгүй иргэдийг илрүүлж албадан буцаадаг байсан. Тэр үед хотод суух эрх олж авах нь өнөөгийн Америкийн виз, ногоон картаас ч илүү, аз завшааны хэрэг байсан.
Хотод үлдэх ганц нэг арга байсан. Нэгдүгээрт, нам төрийн чухал газар ажиллах томилолт авах, хоёрдугаарт хотын хүнтэй гэр бүл болох. Хоёр дахь нь бас тийм ч найдвартай биш дээ, цаад хадмууд нь дарга даамал биш л бол. Манай нэг найзын ангийн гурван хүүхэн диплом хамгаалахынхаа өмнөхөн Сонгинод амраад, гурвуулаа л “хотын нөхөр”-тэй болоод ирж байсан даг. Тэгээд цөмөөрөө л хөдөөнөө томилогдоод “хотод нөхөртэй хөдөөний хүүхэн” болоод явцгаасан. Хожмоо яасныг мэдэхгүй.
Таны саналыг огоот харгалзахгүйгээр “улс орны хэрэгцээт” газар хуваарилаад чиний хувийн хэрэг, дээд боловсролын дипломыг тийш нь явуулчихна. Тэндээ л очихгүй бол чиний боловсрол, мэргэжил хүчингүй тул өөр газар ажилд орох боломжгүй. Дипломгүй, томилогдсон газар очоогүй оргон зайлсан этгээдийг ажилд авсан албан тушаалтан хариуцлага хүлээнэ. Лагерийн дэглэм гэж энийг л хэлээд байгаа юм.
Дадлагаар. Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ерэнтэй бид хоёр их сургуулийн нэг анги. Бид хоёр 1982 онд Завхан аймгийн “Туяа” сонинд дадлага хийж байв
Оюутан байхдаа сэтгэл нийлсэн хосуудыг өрөвдөхгүй салгана, тэр ч бүү хэл гэр бүлээ батлуулж, хүүхэдтэй болсон эхнэр нөхрийг ч өөр өөр газар руу илгээх энүүхэнд. Харилцаа холбоо тааруу, шилжилт хөдөлгөөн хатуу хяналттай болохоор цагийн эрхээр тэд салж хагацан холддог байв. Ямар сайндаа, хайртай хосуудыг салгаж, амраг сэтгэлтнийг хагацаасаар байгаад Ардын боловсролын Яам “Ардын Бэлэвсрэлийн Яам” хэмээх хоч хүртэл зүүж байхав.
Харин надад аз таарч, “Бага хөндлөнгийн босго”-д төрсөн малчин жаал хотод суух “их хөндлөн босго”-ыг давсан. Хувь заяаны тэнгэрүүд Л.Түдэв эрхлэгчээр дамжуулан гараа сунгаж, МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Засгийн газрын хэвлэл “Үнэн” сонинд ажиллах завшаан тохиож билээ. Хэн болох нь төдий л тодорхойгүй жаал хархүүгийн маргаашт итгэж найдсан сайхан хүмүүсийн л ач юм даа.
Ингээд өөрөө хотод амьдрах эрх төдийгүй, гэр бүлийн хүнээ орон нутгаас шилжүүлэн авчрах дархтай болоод ирж байгаа юм. Иргэний паспортын нэгэн хуудсанд хөндөлдүүлэн дарсан “Улаанбаатарт оршин суухыг зөвшөөрөв” гэсэн тэмдэглэлтэй улаан тамга олон хүний өсөж дэвжих замыг нээсний нэг нь надад байгаа.
-Түдэв гуай танаас өөр залуу хүнийг дэмжиж авсан гэдэг, тийм ээ?
-Л.Түдэв гуай олон залуусыг татаж сониндоо, бас хотод авчирч байсан ч заримдаа хүчрэхгүй тал гарна. Их сургуулийн нэг ангийнхан болох Ш.Цэрэнпил, Б.Ерэнтэй бидэн дээр нэмэгдэж Ховдоос Т.Цоож ирж ажилласан. Харин ангийн анд Ш.Содномжамцыг Говь-Алтай аймгаас татаж авчрах гээд хүчрээгүй. Аймгийн намын хорооны дарга нь “Чамайг хот шилжүүлэхгүй ээ” гээд л гүйцээ. Залуу хүний ид насандаа өсч дэвжих замыг нэг аймгийн МАХН-ын дарга ингээд л тас цохичихож байгаа юм.
Түдэв эрхлэгч, “Үнэн” сонин хоёр 1990-ээд онд Монголд олон намын тогтоц бодитой болох хүртэл нийгмийн урам зориг, хэмжээгүй эрхт МАХН-ын дотоод сөрөг хүчин байсан. Анх тэнд наймдугаар Богдыг “эх оронч” хэмээн нэрлэж, Улс орныг удирдах үнэмлэхүй эрхт команд болох Улс төрийн товчооны гишүүнийг нэр заан шүүмжилж, шүүх прокурорын доторх булхайг илчилж, зэвсэгт хүчний доторхи оны ялгаа, “дэглэх” үзэгдлийг сөхөн бичиж байхад бидний үеийнхний “самсаа шархирч” байсан юм шүү. Өнөөгийхэнд чөлөөтэй санагдах эдгээр сэдвүүд Хэвлэл хянах газрын тусгай удирдамжаар бичихийг хориглосон сэдвүүд байв. Яг энэ үед нь “Үнэн” сонинд ажиллаж таарсан нь бас л аз завшаан.
-Сүүлийн үед “Л.Түдэв гуайг Ерөнхийлөгч болгох байсан. Монголын ард түмэн түүнийг гомдоосон, одоо энэ алдаагаа залруулах цаг болсон” гэсэн яриа хөөрөө сонсогдох боллоо.
-Өөр хүний тухай, өөр нэг хүн ярьж байхад надад ямар ч хамаа байхав. Гэхдээ, нэгэнт асууснаас хойш хариу бодъё л доо.
Хүн төрөлхтөн урам хугарахаараа өнгөрсөн үеийн сонголтуудаа шүүж үздэг. Эдийн засаг, улс төрийн гүн хямралд орсон монголчууд ч тэгж байна. Энэ хүн Ерөнхийлөгч байсан бол, тэр нам ялсансан бол хамаагүй сайхан болох байсан байх гэхчлэн. Үнэн хэрэгтээ, социализмаас ардчилалд шилжсэн нүүдэлчдийн төр нийгэм өнөөгийнхөөсөө арай дээр, эсвэл илүү тааруу л байж болохоос биш ямар нэгэн сонголтоос хамаараад диваажинд очоод буучих байсан эсэх бол эргэлзээтэй. Өнөөгийн хямралын 80-90 хувь нь бидний нийтлэг ёс суртахуун, үнэт зүйлсийн насжилт буюу товчоор хэлэхэд иргэншлийн туршлагаас хамаарч байгаа юм шүү. Үйлийн үр боловсрох мөчлөг жаахан цаашилж, эсвэл наашилж болохоос, тойрох зам үгүй л байсан болов уу.
Тээр жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд бол миний байр суурь тэр үеийнхээрээ. Юуны өмнө өнгөрсөн боломж бол өнгөрсөн боломж л байдгийг бодууштай. Нөгөө талаар, Л.Түдэв эрхлэгч ороо бусгаа өнөө цагийн нугачаанд нэр нь цэвэр, алдар нь ариунаараа үлдсэн нь улс төрийн үер уруйгаас тойрч үлдсэнийх ч байж мэднэ. Улстөрчид ч үүнийг сайн мэдэж байгаа.
Таны асуултад хариулах гэж зөндөө тойрлоо. Угаасаа ч асуултад хариулж чадахгүйгээ хэлсэн. Учир нь улстөрчид Л.Түдэв гуайг эргүүлэн авчирч, улс үндэстнээ авруулах гэж байна уу? Эсвэл түүний сэвтээгүй үлдсэн нэр төрийг улс төрийн карьертаа ашиглах гэж байна уу. Өөрөөр хэлбэл, Л.Түдэв гуайгаар бамбар хийж өөрийнхөө замыг гэрэлтүүлэх гэж байна уу, гэсэн асуултын хариуг цаг хугацаа л харуулах учраас өнөөдөр хариулахад хэцүү юм аа.
Дүү Доржготов маань нэгдүгээр ангид ордог жил би дунд сургуулиа төгсгөж байв
“МАШИНААС ҮРГЭДЭГ” МОРЬ, ХҮҮХЭД ХОЁР
-Анх сургуульд орсон үеэ дурсаач?
-Мал маллахад хүн бүл маш хэрэгтэй. Тийм болохоор маш олон айл хүүхдээ сургуульд суулгалгүй дэргэдээ авч туслуулах, гар хөлийн үзүүрт зарах сонирхолтой байсан. Мянга, мянган жил тэгж амьдарч болоод ирсэн үндэстний л үзэл бодол юм даа. Манайхан ч тэдний л нэг, бие биедээ дэм болоод хорвоог туулах бодолтой л жирийн монгол айл.
Манайхны “Хүүхэд тусад орох” гэдэг үг бол хэр хэмжээндээ хөдөлмөр эрхлэх чадвартай насанд хүрэхийг илэрхийдэг. Найман нас хүрч сургуульд орж буй хүүхдийн хувьд “тусад орох” үе нь. Нөгөө талаас, малчин айл хүүхдээ сургуульд суулгахын тулд сумын төвд суурьшин амьдрахыг засаг захиргаа зөвшөөрөхгүй. Иймээс хүүхдүүд ах дүү хамаатныхаа айлд суух юм уу, дотуур байранд орно. Энэ их амаргүй. Дотуур байрныхаа түлээн дээр гарч зогсоод гэрээс нь хүн ирдэг замыг өдөржингөө ширтэж, бэтгэрэн зогсдог бяцхан хүүхдүүдийн дүр сэтгэлд тодоос тод байна. Тэгэхээр сургуульд суухгүй байх нь хүүхдийн ч, эцэг эхийн ч сонирхол нийцсэн уулзвар байгаа биз.
Нөгөө талаас нь “Бүх хүүхдийг бүрэн бус дунд боловсролтой болгох” намзасгийн зорилтыг заавал биелүүлэх үүрэг авсан сургуулийнхан нь сургууль завсардан үлдэхтэй их тэмцэнэ. Захиргааны дарамт үзүүлнэ. Хүүхэд хөөх тусгай төлөөлөгч айлаар явж, ухуулах албадах, заналхийлэхийг хослуулна.
Би ч гэрээсээ холдох дургүй байсан болохоор мотоцикль, машин дуугарангуут л мордоод гэрээсээ зугтаадаг сан. Номхон хонгор морь маань машинаас үргэнэ гэж жигтэйхэн. Соёл иргэншлээс айсан хоёр амьтан хорвоогийн зайд учирсан хэрэг.
Эхний удаад намайг найм хүрээгүй гэж гүрийсээр байгаад сургуулиас мулталж дөнгөв. Угаасаа эмнэлэгт гараагүй, төрсний гэрчилгээ энээ тэрээ байхгүй юм чинь. Харин хоёр дахь удаад нь ингэх аргагүй тул эмээг маань дагуулан Улаанбаатарт байгаа хамаатнууд дээр өвөлжүүлэхээр оргуулав. Тэр үеийн журам ёсоор, эмээ маань хот орж биеэ эмчлүүлэх нэрээр “Зам явах” зөвшөөрөл авсан байдаг.
Хүүхдийг нэг хоёр жил аргалаадахвал сургуулиас нэгмөсөн холдуулж болдог байсан хэрэг. Гэтэл миний хувь тавилан огт өөрөөр эргэсэн юм.
Шилүүстэйн хүүхдүүд. Шилүүстэй сумын 8 жилийн дунд сургуулийн 4б ангийнхан. 1973 он
–Сургуулиас зугтааж чадалгүй баригдсан уу?
-Улаанбаатар иртэл манай хамаатнууд, ялангуяа Молом баньдхай гэж сүрхий, лам явсан бөгөөд ажилчин ангийн эгнээнд орсон хэрсүү нэгнээс эхлээд миний орголтыг буруушаалаа. Улс амьтан харин ч сургуульд орохын тулд гэрээсээ оргодог цаг ирсэн юм байж.
Ингээд хичээл эхлээд удсан хойно намайг гэрийн ойролцоо “Нийслэлийн Отябрийн районы 40 дүгээр бага сургууль” гэсэн бичигтэй дан цагаан байшин руу хөтөлж орлоо. Ингээд сургуулиас оргох гэсэн биш харин ч сургуульд оров.
Сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч бас бус хүмүүс эхлээд сурах бичгээс нэг юм уншуулсан нь Д.Нацагдоржийн “Миний хэнз хурга” байж таарав. Тэд хоорондоо шивэр авир гэхийг сонсвол “Маш сайн, хурдан уншиж байна”, “Гэхдээ, цээжилсэн шүлэг нь байж магадгүй” гэлцэнэ.
Тэгснээ нэг сонин шүүрч аваад унш хэмээн өглөө. Сонины “Монголын инженер, техникчдийн анхдугаар зөвлөгөөнөөс гаргасан уриалга” гэсэн гарчгаас унштал байдал өөр болж, “гадаад үгийг хүртэл сайн уншиж байна”, “тоо бодлогодоо хэр вэ”, “арай сургуульд сууж байсан юм биш биз” гэхчлэн ярилцав.
Тэгснээ хэд, хэдэн хүний нэр асуув. Сүүлд мэдэхнээ, манай Шилүүстэйн сургуулийн багш нарын нэр байсан юм билээ. Учир нь сургуулийн захирал Бадамдорж(гэдэг санагдана) нь өөрөө Завханы хүн байж таараад манай сумын багш нарыг мэдэж байж. Миний анхны сургуулийн захирал аминдаа “газ-67 “машинтай, тэрийгээ унаад ирэхээр нь хүүхдүүд сургуулийн хашааны хаалгыг нээгээд өгдөг байсан нь санаанд үлдэж.
Ингээд миний тоо бодлогыг шалгаж үзээд, энэ хэмжээний “боловсролтой” сургуулиас оргогчийг шууд хоёрдугаар ангид оруулах нь дээр гэж үзээд, шууд л дагуулан аваачиж ширээнд суулгасан.
1971 оны намар оройхон 40 дүгээр бага сургуулийн Пүрвээ багштай “2в” ангийн хаалгыг татснаар ардын сургуульд анх орох нь тэр. Эрдмийн танхимд анх мөр зэрэгцсэн хүүхдүүдээс сургууль тараад гэр рүүгээ хамт явдаг Баярсайхан гээд хүүхэд, бас Отгонбаяр, Батболд, Мөнхдалай, түүнчлэн Алтангэрэл, Тунгаа гээд эгч дүү хоёр ч байл уу, нэр нь санаанд үлдэж.
Гэтэл сургууль гэдэг бол сайн унших, тоо бодох төдийхөн биш гэдгийг оруутаа л мэдрэв. Цээж бичиг хийх болдог юм.
Багш эхлээд цээжээр бичүүлэх сэдвээ удаан, ойлгомжтой уншиж өгөв. Унших зуур нь тогтоож авлаа. Тэгээд багшийгаа хэлж өгч дуусаагүй байхад нь биччихлээ. Багш над руу хараад “Чи яагаад бичихгүй байна” гэхэд “би бичээд дуусчихсан” гэж хариулав. Багшийн нүд орой дээрээ гарна биз дээ.
Дараа нь номоосоо дасгал хийх болов. “Цахилгаан, борооны, солонго” гэсэн өгүүлбэрийг оролцуулан өгүүлбэр зохиох учиртай аж. Өгүүлбэр гэж ч юу юм бэ, өгүүлбэр зохиох ч гэж яадаг юм бэ, бүү мэд. Хүүхдүүдийг хартал юм бичээд байх аж. Тэгэхээр нь “Цахилгаан борооны солонго” гээд л биччихээд харсан чинь нэг их гоё юм, бараг л шүлэг шиг санагдаад л. Багш зохиосон өгүүлбэрээ унш гэхээр нь тэрийгээ уншиж, мөн л харилцан гайхалцаад л. Ингээд хойтон жил нь мөнөөх сургуулиас зугтаасан оргодол чинь шууд гуравдугаар ангид орох болоод сумандаа эргээд ирж байгаа юм. Үе тэнгийнхнээ ч гүйцээд ирсэн.
–Сургуулиас гадуур үсэг сурснаа яриач?
-Сургуулиас гадуур бичиг үсэг сурсан нь бас л “талууд сонирхол нийлсэн” байдлаас үүдсэн. Зургаа, долоотой байхад “Соёлын довтолгоо”-ны хүрээнд айл болгон номын сантай, тэндээ номтой байх шаардлага тавьжээ. Манайх “Таван хархүү”, “Уруугаа ургасан мод”, сүүлдээ “Сэтгэлийн догшин шуурга” гэсэн номуудтай болсон.
Ээж надад “Таван хархүү”-гээс завчлан уншиж өгөөд, заримдаа сүү саалиндаа дийлдээд амждаггүй байж. Би ном уншиж өгөх хүн олдоогүйд гоморхон уйлав. Эмээ ном уншиж өгөх хүн олохын оронд надад “миний хүү өөрөө сурчих, эрдэмт хүн эрэлгүй гэж үгтэй юм” хэмээн зөвлөв. Ингээд л дармал үсэг нүдлэн тогтоогоод, үсэглэн уншиж эхэлсэн. Тэр хооронд “Таван хархүү” алга болчихсон учраас “Уруугаа ургасан мод”-ыг уншсан. Дараа нь “Сэтгэлийн догшин шуурга” гэдгийг уншаад ерөөсөө ойлгоогүй, одоо бодоод байхад гол баатар бүсгүй хайр сэтгэлээсээ болсон ч юмуу, усанд живж амиа хорлосон шиг байдаг юм. “Ус…түүний зөөлөн энхрийхэн уруулд хүрэв” гэх маягийн хэллэг санаанд үлдсэнийг бодоход.
Гэтэл бичиг үсэгт эрт тайлагдсан явдал маань эсрэгээрээ эргэж, сургуульд хөтлөх бус харин сургуулиас зугтаалгах хүчин зүйл болон хувирав. Хөдөөнийхөн хүүхдээ сургуулиас завсардуулж болно, харин цэргээс мулталж хүчрэхгүй гэж үздэг байжээ. Цэрэгт явсан хүн гэртээ захиа бичдэг байх чухалтай. Ер нь бол сургуульд суухын ганц хэрэгтэй тал нь хожим цэрэгт очоод гэртээ захиа бичих чадвартай болох л байх нь л дээ. Гэтэл би сургуультай, сургуульгүй бичиг сураад, захиа бичих чадвар суусан аж. Ингээд сургууль завсардах объектив, субьектив бүхий л шалтгаан бүрдээд ирэв.
ГЭР ДОТОРХ“СӨРӨГ ХҮЧИН” ЯЛАВ
-Тэгээд сургуульд яаж орсон юм бэ?
-Харин намайг малын бэлчээрийг орхин одох ёстой гэж үздэг хоёр хүн байсан нь миний эмээ Содномдамба, манай Шарав ах хоёр. Гэвч Шарав ах тусдаа айл гэр болоод эмээ маань гэр дотроо “намын бүлэг” байгуулах хэмжээний квотгүй байсан бололтой.
Шарав ах маань ирэх тоолондоо л “энэ хүүхдийг харанхуй үлдээж болохгүй” гэж байнга үглэх. Тэгээд надад “Тоо бодлого. Хоёрдугаар ангид үзнэ” гэсэн бичигтэй шар ном авчирч өгөв. Тэрээр “Унших бичих тал дээр бол чи номонд дуртай юм чинь аргатай. Харин энэ номноос тоо бодож бай. Манай голын Доржжигээ гэдэг хүүхэд бие дааж ном сураад шууд хоёрдугаар ангид орсон, бас ч дундуур нь анги алгассан” гэж захив. Намайг яаж ийгээд сургуулийн дундуур нь ч болов оруулна гэсэн төлөвлөгөө Шарав ахад маань байжээ.
Эмээгийн нэг үг ч бас сэтгэлд хадаатай байсан юм. Сургуулийг анх аргалж хоцордог жил манайх Завхан голын урд Ямаатын Хүүшт өвөлжив. Цагаан сарын дараахан мал ид төллөж байхад хотныхоо доод бэлд хонинд явлаа. Өвөлжингөө нөөж үлдсэн соргог бэлчээрийн сор хөөсөн хонь гүйцэгдэхгүй давхиад, дээр нь хэд хэдээрээ хургалаад сандаргалаа. Уг нь гэрийнхээ хажууханд л даа. Хоёр хурга уутанд хийж үүрээд, цааш нь даахгүй, бас хонио гүйцэхгүй алдлаа гэж айгаад, уйлаад л явлаа. Нүд дүүрэн нулимстай, урдахаа ч харах сөхөөгүй гүйгээд эмээгээ ирснийг ч анзаарсангүй.
Эмээ минь хэлж билээ, “За, ямар байна миний хүү. Ингэж амьдрахгүй л гэвэл яаж ийгээд ном үзээрэй. Эрдэмт хүн эрэлгүй гэж үгтэй юм шүү” хэмээн захих, аргадах, ам асуухын дундуур хэлж билээ. Яг тэр мөчид л миний тархи толгойд “Тийм ээ, ингэж амьдрахгүй юм шүү” гэсэн мөрөөдлийн оч зурсхийгээд, насан туршийн минь бамбар болон ассан билээ.
Би зарим жил нутаг явахдаа Завхан голын урд талаас очиж, хурга үүрээд уйлж явсан газраа дурсан зогсох дуртай. Хүүхэд насны хөгжөөнт өдрүүд, элэг бүтэн цагийн жаргалтай дурсамжууд сэргэн баясмаар. Бас, миний хамгийн хайртай хүмүүс Ухаа Аргалантын хад хясаанд малтайгаа хөөцөлдөн нарыг жаргааж, бүлгүйдэн самгардаж, хотшил иргэншлийн замыг эргэлтгүй сонгосон намайг “Хүрч ирээд хонины захаас эргүүлээд өгдөгч болоосой” хэмээн халаглан гоморхож явсан болуу гэхээр заримдаа уйтгарлан гунимаар байдаг аа…
Мал маллах ч яггүй шүү дээ. Хүн амин хувийн малаа өсгөж, амьдралаа тэтгэн маллах өөр. Хүссэн цагтаа зарж үрчихээд яваад өгч болно. Харин хаашаа ч явах эрхгүйгээр, бас ажлаасаа чөлөөлөгдөх эрхгүйгээр улс нийгмийн “ялтай мал” маллах тусдаа.
Манай олон хүн зуны дэлгэр цаг аялснаараа, хамаатан садныдаа айлчилж байснаараа хөдөөг төсөөлөөд л, бахдаад л давхиад байдаг. Яг үнэндээ мал төллүүлж, хяр газар, хад асганд хонь ямаатай хөөцөлдөж, цас шуурганд хөөгдөж, усан бороонд уруудаж явсан хүн л малчны амьдралын хүндийг мэднэ. Хөдөө нутаг аялахад сайхан шигээ амьдрахад хялбархан биш.
-Та хөдөөний хүүхэд юм чинь морь мал уядаг уу?
-Үгүй ээ. Уях байсан бол тэндээ л үлдээд морьчин болдог юм байгаа биз дээ. Гэвч монгол хүн болохоор моринд дуртай, уралдаж яваа морины нүдийг харахаар самсаа шархирах энүүхэнд. Адуу ямар их ухаантай амьтан болохыг мэднэ, эзгүй хээр эзэндээ ямар их ханилгаатай, үнэнч нөхөр гэдгийг ч биеэр амсаж таньсан нэгэн.
Нэгэнт л морины тухай ярьсан болохоор мал, малчин хоёрын сэдэв сөхөгдлөө л дөө. Ихэнх хүн зөвхөн малчны хүүхдийг л мал амьтанд хайртай гэж боддог нь жаахан залруулууштай ойлголт юм. Малчны хүүхдийн амьтныг хайрлах хайр их ээдрээтэй. Хөөрхөн ишиг, хургыг хайрлаж өсгөөд, ээжийнх нь мээмний сүүг хувааж уучих мөртлөө дараа нь эх, үр хоёрыг алаад иднэ. “Энэ хайр мөн үү” гэгчээр. Мал хөгшрөөд нас барж байхыг би л лав хараагүй. Хайртай малаа өөрөө идэж сэтгэл түвдэхгүй бол хүнтэй солиод л зооглоно. Амьдралаас тулгасан дүрэм ийм юм.
Тэгэхээр хөдөөний хүн ба малын хооронд, хотынхны тэжээвэр амьтан эзэн хоёрын хооронд байдаг шиг харилцаа үүсэхгүй. Нохойгоо л гэхэд гадаа уяад, угаадас хаягдлаа илүүчлэн тэжээнэ. Зарим айлын нохой зочин нь хүндрэх гээд суухаар яг хажууд нь отоод, шүлс нь гоожоод хэвтэхийг хөдөө гадаа бишгүй л харсан байлгүй.
Гэтэл хотын хүүхдүүд загасаа аквариумнаасаа гаргаж шараад, тэжээсэн нохой, муураараа бууз хуушуур хийгээд явдаггүй биз дээ. Хотошсоны дараанаас л хүмүүс амьтныг жинхэнэ ёсоор хайрлаж, алахын тулд бус нөхөрлөхийн төлөөнөө гэршүүлэх боломж гарсан гэж боддог.
ХӨГШИД БА БУРХАД
-Завхан аймаг хутагт хувилгаад олонтой гэдэг. Танай сум ч бас тийм үү?
-Социализм байгуулж, коммунист ёсоор аж төрж байсан манай сумынхан өөрийн гэсэн хувилгаантай амьдарч байсан. Бид “Дайдаа” гэж авгайлдаг, сумаараа “Андиа”, “Агент гуай” хэмээн нэр цээрлэдэг тэр эрхэм бол жаахан хүүхэд байхдаа хувилгаанаар тодрон ширээнд залагдаад, цагийн эрхээр сэнтийгээ орхисон түүхтэй нэгэн. Хувилгаанаар тодрохдоо нялх балчир байсан учраас буудуулсангүй өнгөрсөн болтой. БНМАУ-ын цор ганц албан ёсны амьд хувилгаан манай нутагт амьдарч байсан. Энэ жил мэндэлснийх нь 100 жилийн ой тохиож байгаа юм.
Цөмөөрөө л очиж мөргөөд, янз бүрийн юм асуух. Ямар ч дүвчин, сүржин зангүй “ийм юмнаас болж, Тийм юмаа гаргаж хая” гэж ер хэлдэггүй хүн байсан. Элдэв аврал, зүг чиг асууж ирсэн хүнд ерийн байдлаар, ахмад туршлагатай хүний зөвлөлгөө маягтай хариулт өгдөг. “Ингэвэл өвдөнө, тэгвэл үхнэ барина” гэж айлгахгүй.
Хот явж үр хүүхэд дээрээ өвөлжвөл ямар болохыг асууж хөгшид ирлээ гэхэд “Улсынхаа нийслэлийг үзэлгүй яахав”, эсвэл “Хотод килийн мах сүү нь олдохгүй, өвөлжингөө хар цай ууж барахгүй байх аа, чи. Хавагнавал яана” гэхчлэн зөвлөнө.
Бас хүний өгсөн өргөл барьцтай яг дүйцэх зүйлийг “гар цайлгаж байгаа юм” гээд хариу бэлэглэнэ. Дээлийн торго өгөхөд өнгийг нь зөрүүлээд эргүүлэн барих жишээний. Социализмын үеийн гэгээний ёс суртлыг өнөөгийнхөн эргэцүүлмээр байгаа биз.
-Таны эмээ бол Бурханы үнэнч сүсэгтэн байж. Та сүсэгтний ач хүү учраас…
-Мухар сүсэгтэн гэж үү. Эмээ маань нэг талаасаа мухар сүсэгтэй, гэхдээ тэр нь тун ч “гэгээрсэн мухар сүсэг” бүхий байсан санагддаг. Одоогийн энэ үздэг, хардаг гээд дүвчигнэж явдаг улсын чинь угшил нь нууц далд ч гэсэн мэр сэр байсан юм, тэр үед. Эмээ тэднээс болгоомжлохыг захиж “ Солио туссан, юманд дайрагдсан хүн заримдаа өвчнийхөө дон, шүглэсэн адаараа далдыг мэдэх, юмыг тааж хэлэх нь байдаг гэдэг юм. Тэр бол хувилгаан, хутагт гэсэн үг ер биш. Харин ч тэдэн рүү очих, мэдэх мэдэхгүй юмаа даатган асуух нь сэтгэлд сэвтэй, насанд цөвтэй болохыг анхаарч сэрэмжилж явууштай” гэдгийг сургаж байсан. “Муу зүгийн элдэв ад юмс чамайг эрхшээн эзэмдэхийн тулд буруу юм зааж, харин ч чамайг хамгаалж явдаг сахиус тэнгэрээс салгах гэж оролдвол яах юм бэ” гэдэг байсан сан.
-Таны амьдралд хөгшчүүлийн нөлөө нэлээн байж дээ?
-Эмээгийн хүү болоод ч тэр үү, хөгшчүүлтэй их найз байлаа. Дэмбэрэлсүрэн гуай гээд багадаа хүрээ хийдэд шавилж, чойрын номд “цоорч” байсан гэгдэх хөгшинтэй жигтэйхэн ходий. Надад хоосон чанар энээ тэрээгийн тухай хэрдээ л ярьж өгөх. Би тэрийг нь яаж ойлгох билээ. Харин ч “эвлэл” пионерээр хүмүүжиж яваа өсвөрийн марксистын хувиар найз хөгшнөө мохоох гэж бас элдэвлэнэ ээ.
Заримдаа “Нүгэл хийвэл тамд унаж, буян хурааж диваажинд төрнө гэдэг худлаа байна. Манай сумын хичнээн ч олон сайн, муу хүн үхэхийг та бид хоёр харлаа. Талийгаач нарын “Алтан сав”-ыг нээгээд “Ах дүүстээ эргэн төрөх нь”, “Тэр зүгт баян айлд төрөх юм байна” гэж л хэлдгээс тамд унасан, Бурханы оронд явсан хүн гараагүй. Жишээ нь, та нарыг нууцаар бурхан шүтэж байна гэж намын үүрийн даргад дандаа матдаг байсан …гуайг үхэхэд хүртэл ах дүүстээ эргэж төрнө гэсэн гэнэ лээ. Сайн ч явсан, муу ч явсан ялгаа алгаа” гээд л мохоох гэж үздэгсэн. Дараа нь мань хүнээр хийморийн сан тавиулж, ном уншуулж аваад явна.
Дэмбэрэлсүрэн гуай “Бурхан байгаа эсэх” тухай эргэлзээнд минь зориулан нэг үлгэр хэлж өгсөн юм. Эрт цагт нэг хүн хол газар очиж Бурханы ном үзээд харьж явжээ. Буцах замдаа гүйдэлтэй газраар шөнө явж таарсан гэнэ. Тэгээд бодож гэнэ “Энд чөтгөртэй гэсэн. Одоо дуугарах байх” гэж. Үнэхээр ч чөтгөр дуугараад эхэлж. “Эндхийн чөтгөр хүний нэрээр дууддаг юм гэсэн, одоо намайг дуудах байх” гээд бодож. Гэтэл нэрээр нь дуудаад унав гэнэ. Мөнөөх лам “Чөтгөр юм чинь далдыг мэдэж байгаа л даа” гэж таамаглаад шалгахаар шийдэж газраас 7 чулуу тоолж атгаад “Энд хэдэн чулуу байна” гэсэн чинь “Долоо” гэж яг хариулсан байна. Гэнэт мөнөөх ламын сониуч зан хөдлөөд, атган дахь чулуугаа тоололгүйгээр хэд болохыг асуутал чөтгөр таг болоод арилсан тухай үлгэр ярьж өгөөд “За ер нь ингээд л ойлгочих” гэж билээ. Одоо болтол ойлгохыг оролдсоор явна даа.
-Ер нь хөдөөнийхөн их цэцэн цэлмэг хүмүүс. Танай удам ч иймэрхүү цэцэн цэлмэг, яруу найрагч зохиолч маягийн улстай байсан уу?
-Угаасаа л монголчууд яруу сэтгэлгээтэй, найруулга төгсөрсөн ард түмэн дээ.
Уран сайхнаар ерөөн магтахаас гадна үг дүрслэлийн авьяасаа “буруу”-гаар ч их ашиглана. Манай хөдөө “сөрөг ерөөл” хэлдэг хөгшид, эмгэд, самгад их байлаа. Хавийн амьтныг уул хаданд цуурайттал загнаад хаячихна. Загнаж загначихаад араас нь хайрлаж эвийлээл, идэж уух юмныхаа өнгөтэй өөдтэйг хавийнхандаа барьж гүйсэн хэсэг хөгшчүүл байлаа.
Үхэр тугал нийлэхээс өгсүүлээд, тэдний “мэдрэгч”-ийг өдөөх юм бишгүй. Наад зах нь залхуурлаа гэж зэмлэхийн оронд л “Чамайг мал юмсан бол таргалуулж байгаад алж идэх сэн”, эрт босохыг шаардахдаа “Ухархайгаа ширгэтэл унтаад байхын оронд босооч, аргамжаатай морио харангадуулж алах гээгүй л юм бол услаач” хэмээн дүрсжүүлээд хаячихаж байгаа юм. Жаахан хичээх хэрэгтэйг сануулахдаа “Сайхан сайхан, хайран хайран хүн үхчихээд байх юм. Оронд нь манай энэ нэг нэмэргүй юм явчихад яана аа” гээл хүүхдээ хангинаад явчихна. Харийн хүнд орчуулаад өгвөл шоконд ормоор ийм үгсийг нөгөөдүүл нь шумуул суусны дайтай санахгүй.
Манай ангийн Чадраа гэдэг хүүхэд Хөдөлмөрийн хичээл дээр суурь машины өрөм хугалаад хаячихлаа. Дүрсгүй золиг санаатайгаар, өрмийг гулзайтал даралт нэмж байгаад хугалж байгаа юм чинь. Багш ч “Ээ, яс нь цайсан хүүрнүүд” гэж ирээд тачигнаад явчихсан. Айхтар зүхүүлээд гомдсондоо бус харин тэр хараал их өвөрмөц, тодотгол нь содон байсан болоод тогтоогоод үлдсэн байна.
Манай голын хөгшчүүл айхавтар “хатуу тарни”-тай атлаа “хүнд муу юм санах нь нүгэл” гэж биднийг хүмүүжүүлнэ. Гомдсондоо болоод юмуу, бусдаас сонссноороо хүн муулбал буруушааж “Том хүнийг тэгж хэлдэггүй юм. Хүүхэд ийм юм ярьж болдоггүй юм”, “Чи буруу юм хийсэн болоод тэр хүн уурласан биз”, “Чамайг сайн хүн болоосой гэсэндээ л тэгж байгаа юм” гээд халгаахгүй.
Эмээ маань Улаанбуланд гардаг кинонд намайг явуулахаа нэг хэсэг больсон. Яасан гэхээр “Дайн байлдаантай кино гардаг гэнэ. Хүүхэд тийм юм үзэж болохгүй” гэсэн хориг тавьчихсан. Орчин үед зурагтаар кино үзүүлэхийн өмнө “Энэ киноны агуулгад хүчирхийллийн шинжтэй зүйлс байгаа тул 16 нас хүрээгүй хүүхэд үзэж болохгүй” гэсэн бичиг гардгийг л эмээ хэрэгжүүлээд байсан хэрэг.
Манай удамд яруу маруу, найрагч майрагч маягийн улс бол байгаагүй, байсан байлаа ч тэмдэглээд үлдэх биш, мартагдсан байх. Харин эмээ маань өөрийн эмээгийнхээ тухай хуучилж байгаад нэгэн явдлыг дурсаж байсан сан. Үг цөөтэй мөртлөө, үгийн баялаг лут нэгэн байсан болтой юм.
Хуланц эмээг л орой хонь саах үеэр нэг хүн баахан дайрч доромжилсон юм байх. Цаад хүн хашгичаад, хараагаад л, хуланц эмээ дуугүй чагнаад л байж. Тэгж тэгж хонио холбож дуусаад хувингаа барьж суусан хойноо урсгаж гарсан байна. Тувт толгой холбоод, ёстой нэг хэлэх шиг болсон гэсэн. “Хусан гадас шиг шовхолзож, Хусран гүү шиг жавхалзаж…” гээд л эхэлсэн гэдэг юм. Цаадах нь ганц бие, хүүхэдгүй хүн байсныг нь дайруулж байхгүй юу. Намайг хүрээлж өсгөсөн хөгшдийн ертөнц нэг иймэрхүү.
-Таны эмээ кино үзэхийг хориглосон байна. Хэддүгээр ангид ортлоо кино үзээгүй вэ?
-Эсрэгээрээ, харин ч кино руу татагдсан. Яаж ийж байгаад “Өсвөрийн кино механикч” гэдэг дугуйланд ороод, кино үнэгүй үздэг болоод, бүүр ч цаашаа ахисан. Кино гаргаж сураад, заримдаа киномеханикч Очиржав гуайд туслах нэрээр оройн цагаар том хүний кинонд орох хүртэл эрх олж авч байв шүү. Амьдрал бол тэр чигээрээ прадокс , “ном сурах гэж мэрийсэн биш сургуульгүй үлдэх дөхөөд”, “сургуулиас зугтаасан биш сургуульд ороод”, “кино үзүүлэхгүй гэсэн биш кино үнэгүй үздэг” болоод явчихаж байгаа биз дээ.
Би ч ганцаараа ингэж байгаа биш дээ, манай улс хүртэл ардчилах гэсэн биш социализм байгуулаад явж байхад…
“Хөдөөний ХоТ”-ын иргэн
-Та хотод олон жил болж өөрийгөө хэр хотошсоно гэж боддог вэ?
-Улаанбаатар миний хот. Энд би гэр бүл зохиож, эрдэм номын шимийг хүртэж, үр хүүхдээ өлгийдсөн. Нөгөө талаас, Улаанбаатар бол энд төрсөн, ирсэн бүгдийн л хот. Хотыг хэнч өмчирхөөгүй, хот хэнийг гадуурхаагүй. Улаанбаатар бол таны ч хот.
Өнөөдөр уугуул хотынхон нь гоё болгоод, ирмэгц хөдөөнийхөн нь сүйтгээд байгаа мэтээр ярьдаг нь хоёр талтай. Гэхдээ бас оргүй ч биш. Үнэхээр түрүүч нь хотшиж ядаж байхад, шинээр ирэгсэд нь нэмж хөдөөшүүлээд яваа тал бол бий. Энэ нь хүмүүс оршин амьдрах газраа өөрөө сонгох эрх чөлөөтэй болсонтой, нийслэлтэй дүйцэх эдийн засаг бизнесийн өөр төвлөрөл гарч амжаагүйтэй холбогдоно.
Нөгөө талаасаа хотшин соёлжих хандлага хар аяандаа өөрөө эрчээ авч байгаа үе. ХХ зууны албадлага, хяналт шалгалт голлосон соёлжих хөдөлгөөнөөс ялгаатай нь өнөөгийнхөн өөрийн эрмэлзлээрээ соёлжих, дор хаяж л технологийн шинэ эрин үед зохицох гэж мэрийдэг болсон цаг. Манай Улаанбаатарын соёлд нөлөөлж байгаа ийм хоёр хүчин байна. Гэвч, хаанаас нь ч харсан манай нийслэл “Хөдөөнийхний хот” байдаг.
–“Хөдөөнийхний хот” гэж яг юу хэлээд байгаа юм бэ?
-Манай Улаанбаатар хөдөөнийхний байгуулсан хот. Энд хөдөөнөөс ирэгсэд, их сайндаа хөдөөнөөс ирэгсдийн ач гуч амьдарч байгаа. Бас хөдөөнөөс ирэгсдээр тасралтгүй тэлж ч байгаа. Бүгд хөдөөнөөс ирдэг ах дүүстэй, хөдөөлж очдог уугуул нутагтай. Бид бүгдийн сэтгэл зүрхэнд нүүдэлчин хүний төрөлх чанарууд нуугдаастай хэвээр байдаг. Гэрлэн дохио хүлээгээд тэсч ядан зогсох жолооч нарын нүдийг хараарай, гарааны зурхайд бие биеэсээ өрсөн ухасхийхээр анаж байгаа унаач хүүхдийн нүд л байдаг.
-Дөрөв, таван үе дамжсан Улаанбаатарынхан гэж байж болохгүй гэх гээд байна уу?
-Үгүй, үгүй. Тийм хүмүүс байх боломжтой, боломжтой. Тохиолдолгүй, жич тэмдэглэх зүйлгүй амьдрал гэж хаана ч үгүй. Тохиолдлоор хүрээнд хэдэн зуун жил болсон айл байж болно л доо. Богдын хүрээ бол олон улсын “Цайны их зам”-ын боомт хот байсан. Уг боомтод байсан гадаадын бизнесмэнүүдийн ур удам бас байлгүй яахав. Харин тэр үед колонийн арга гараагүй байсан учраас хоёр ламын дундаас үүдсэн хүүхэд гэж арай байгаагүй байх. Их хүрээ нь Жавзандамба хутагтыг дагасан хүрээллийн суурин, лам нар, төрийн албаны түр томилолтоор жасаалан суухаар ирсэн албан хаагчдын хот шүү дээ. За энэ ч яахав. Бидний нүүдэлчин сэтгэлийн талаар ярьцгаая.
Хаврын улирал хүний далд мөн чанарыг сэрээн нялхруулдаг. Өөрсдийгөө хавар ажиглаарай. Нөгөөх, “юм”-тай хүний “юм” нь хавар болохоор хөдөлдөг гэгчээр бидний нүүдэлчний зөн совин нялх ногоо соёлж, хөх униар татахын үес сэргэн амилж, сэтгэл зүрхийг эзэмддэг. Хавар болохоор л монгол хүний сэтгэл сэвэлзээд, эмээлт хүлэг нь уяан дээр үүрсэн “хаа нэг тийшээ давхин одъё” хэмээн дуудах мэт. Тэгээд, хамаг бүгдээ хаяад өвөг дээдсийн хээр тал, хорвоо дэлхийн зах хязгаар руу салхи мэт дүүлэн одмоор болдог. Арай л уянгын халилтай ярьчих шиг боллоо.
Бусад үндэстэн яадгийг мэдэхгүй, суурин иргэд тариа тарих, ургац хураах зөн совин нь сэрдэг, нүдэнд нь анжис, гаапуу харагдаад ирдэг ч байж магадгүй.
Яагаад хотын машин багтахаа больчихов, нийтийн тээвэр яагаад хөгжиж өгөхгүй байна гэхээр мөн л бидний нүүдэлчний зөн совинтой холбоотой. Нүүдэлчний алтан дүрэм ёсоор бол хүн ядуу байж болно, харин морьгүй байж болохгүй. Нүүдэл бол маневр, унаа морьгүй нүүдэлчин маневр хийж чадахгүй, маневр хийх чадамжгүй нүүдэлчин бол…хэлэх хэрэг байна уу?
Энэ алтан дүрэм бидний сэтгэл зүрхийг хөглөсөн хэвээр байгаа учраас л монгол айл бүр, монгол хүн бүр машинтай болох гээд зүтгээд байгаа юм. Монгол хүний машин бол эдийн засгийн үзүүлэлт биш, оршихуйн философийн үнэт зүйл. Түлхүүр дарахад л асаад, хангай говийн хаана ч хүргэх машин тэрэг үүдэнд зогсож байхад хотын нүүдэлчин өөрийгөө монгол гэдгээ, хүн гэдгээ, амьдрал ер нь болоод байна гэдгээ мэдэрдэг. Ядаж л приус ч үгүй байна гэдэг бол “хөл залгах унаагүй”, “амьтан ах дүүсээс хөл залгах унаа гуйхдаа тулсан” мэт мэдрэмжтэй явна гэсэн үг.
–Улаанбаатар хотшиж амжаагүй хот гэх гээд байна уу?
-Тийм ээ, монголчууд хотод амьдарч байгаа ч сэтгэл зүрх, мөн чанараараа хотшиж амжаагүй үндэстэн. Монгол орны хотшилтой холбоотой олон асуудал эндээс урган гардаг. ХХ зуун туршид бидний амьдралд бий болсон урбан соёл, аж төрөлд хэвшсэн хотшилын хууль дүрэм зарим талаараа өнгөц байсан бололтой.
Улаанбаатарын амьдралд “Соёлын довтолгоо”-гоор бий болсон олон зүйлийг бидний нүүдэлчин уламжлал давамгайлан дарж байх шиг. Аль 1960 жараад оноос л гудамжинд нус цэрээ хаях явдалтай дайн зарлаж эхэлсэн. Бүүр 1930-аад оноос л бэлгийн замын халдварт өвчний устгах отряд гаргасан. Гэтэл өнөөдөр мөн л гудамжинд нус цэрээ хаях явдалтай тэмцээд, бэлгийн замын өвчин “арай л арай л…байна” гэж халаглаад явж байна. Социализмын үеийн “Соёлын довтолгоо”-ны үзэл санаа социализмтайгаа дуусчихаагүй юм. Монгол орон нээлттэй болонгуут, нийтээрээ өрнө, өрнөджсөн дорнын соёл рүү тэмүүлж суралцах иргэний эрмэлзлээр солигдсон. Соёлын довтолгооны төрийн албадлагыг иргэдийн эрмэлзэл, хувийн тэмүүлэл орлон авсан. Сүүлийн гучаад жилд аж төрөх соёлд зүйрлэшгүй дэвшил гарсан уу гэвэл, тийм. Гэхдээ л гэнэт нүүдэлчин хүний хэрэгцээт газраа сарьдаг зөн нь давамгайлаад гудамжинд морь хараад явчихдаг хэвээрээ.
–Хотынхныг арай л цаашлуулаад байна уу. Шинэ үеийнхэн өөр болж байгаа байх аа.
-Тийм ч биз. Гэхдээ л бид хотдоо гүйцэд өөриймшихгүй, өөрсдийгөө түр хугацаагаар Улаанбаатарт оршин суугаа хүмүүс гэж үзсээр, хэзээ нэгэн цагт орхиж гарсан нутгаараа овоглосон хэвээр байна. Өвөг дээдсийн нутгаа мартахгүй, түүгээр овоглон явах нь гоё л доо, гэхэд үүрд иргэншин суух хот газраа “түр суугаа газар”-аар төсөөлөхөд хүргээд байгаа нь тиймхэн. Наадамд зодоглосон Улаанбаатарын бөхчүүд өөрсдийгөө хаанахын уугуул гэж цоллуулж байгааг саначих. Нийслэлийн хамгийн бодитой захиргаа нь Улаанбаатар дахь нутгийн зөвлөлүүд шүү дээ. Бидний оюун санаа Улаанбаатартаа өөриймшиж гүйцээгүй, “түр суугч”-ын сэтгэлээсээ салж дуусаагүй байна. Энэ сэтгэлээ өөрчлөгдсөн цагт л бид гүйцэд хотшино. Өөрөөр хэлбэл…
–…Өөрөөр хэлбэл….
-Өөрөөр, маш хялбаршуулан бүдүүвчлэн хэлэхэд “Улаанбаатарын бөх” гэж улсын наадамаар цоллодог болсон цагт Улаанбаатар улаанбаатарынхантай болж гүйцнэ.
-Соёлын довтолгоо гэснээс “Соёлын довтолгоо” гэж уран сайхны киног таны тийм нэртэй номоор хийсэн үү?
-Үгүй ээ, тэр кинонд би оролцоогүй ээ. Хүлэгү пикчерс, Маск продакшн гээд авьяаслаг, чадварлаг хүмүүс тэр киног хийсэн байна лээ. Харин би соёлын довтолгооны сэдвээр санал бодлоо ярьж өгч бол байсан.
-Маргааш шинийн нэгэн. Сар шинийн зан үйл, мөрөө гаргах гэх мэтийн ёслолыг та юу гэж үздэг вэ?
-Намайг мэдээ ороход л манайх шинэлдэг байсан. Тэр үеэс л дагасан ёсыг баримталдаг. Хот айл хамгийн өндөр настай хүнтэй нэгнийдээ орж шинэлнэ. Айл бүр нэг жижиг таваг засч ороод тэнд хуваан хүүхдүүдэд хувь өгдөг. Энэ тавгийг золголтын таваг гэдэг. Золгосныхоо дараа гэрийн эзэн, хөвүүд голдуу мордон давхиж, жилийн анхны “мөр”-өө ивээлтэй сайн зүгтээ гаргаад, ойрын хамар толгой дээрээс алсын бараа хараад буцан ирдэг. Зарим нь тэр чигээрээ адуу малдаа явдаг байсан.
–Энэ бүх заншилд та итгэдэг үү?
-Усанд суусан цээрээ гаргаснаар сэлж чадахгүй атлаа усанд живэхгүй болох, төмрийг домносноор хутга даахаа болих гэж юу байхав гэхдээ л яагаад тэгж домнон, сэтгэл засал хийж болохгүй билээ.
Жишээлэхэд, үхэр бол сүү, махны чиглэлийн амьтан. Харин хүн бол сэтгэлийн амьтан. Баяр наадам бол сэтгэлийн жаргалангаар нийтээрээ амьсгалдаг зан үйл. Монголын Цагаан сарын ёслолд зөгнөл, бэлгэдэл онцгой үүрэгтэй. Мөр гаргах, хийморио сэргээх ёс нь итгэл найдвар, гэрэлт маргаашийн төлөөх бясалгал, өөрийн сэтгэлийг ховсдсон зан үйл. Мухар сохроор итгэх нэг хэрэг, харин өөртөө сайхан итгэл, гэрэлт зөгнөл бясалган бүтээх тусдаа байх аа.
-Цагаан сараар хэтэрхий их сүржигнэж, үрэлгэн загнаж байна гэсэн шүүмжлэл Цагаан сарыг дагалдах болж.
-Монголчууд хэзээ гэдэг цагт сүржигнүүр биш, хаана гээч газар үрэлгэн бус байсан болоод тэгж ярьж байгаа юм бол? Сүржигнэх хүчгүй, үрэх юмгүй болчихвал л тэгдэг байсан байх. Гол нь өнөөдөр сүржигнэх хүч, үрчих юм бий болсонд л их учир байгаа болов уу даа.
Тарчиг хомсхон амьжиргаатай нүүдэлчид, хувийн өмчгүй социалист лагерийн гишүүд үндэсний бэлгэдэлт Цагаан сараа хэр чинээгээрээ хангалуун тэмдэглэхийг хичээсээр иржээ. Бас хаалт хориотой үед. Нүүдэлчний болон социалист нийгэмд амьдрал жигд ядмагдуу учраас хүмүүсийн “хэр чинээ” ойролцоо тэгшхэн аж. Та “хаалт хориг”, “хэр чинээ”, “ойролцоо тэгш” гэдэг үгсийг анзаараад аваарай. Гэтэл 1990-ээд оноос хойш хаалт хориг ч алга болсон, монгол хүний “хэр чинээ” гэдэг хэмжүүр ч утгаа алдсан.
Улмаар Цагаан сар “хаалт хориг”-гүй болов. Цалингаа хурааж байж авсан гурилаар 40 ширхэг ул боов хийгээд “хэр чинээ” нь дуусдаг байсан. Гэтэл 40 мянган ширхэг ул боов хийсэн ч хотойхооргүй хөрөнгөтэй болчихсон атлаа мөнөөх л “хэр чинээ”-гээрээ л цагаалахгүй бол олигтой шинэлсэн санагдаж өгөхгүй байгаад байдаг. Нөгөөдүүл нь ч бусадтайгаа “ойролцоо тэгш” хэмжүүртэй Цагаан сар тэмдэглэж ирсэн үзүүлэлтээ алдмааргүй байдаг.
Ингээд л Цагаан сарыг хэрхэн далайцтай тэмдэглэх тал дээр уралдаж гарсан бололтой. Одоо энийгээ ухаарч эхлээд байна. Удахгүй бэлгэдэл, ёс нь давамгайлаад хэвийн явчих биз дээ. Юм үргэлж л дээшилж, дэвшиж явдаг.
Хотын агаар утаатай, улс төр угаартай байгаа нь үнэн. Гэхдээ л монголчууд хэзээ ч ийм өндөр дээд түвшинд утуулж, хөгжлийн ийм эрэмбэд улс төр нь ялзарч яваагүй л байхгүй юу.
За ингээд та бүхэн маань битүүлэг энээ тэрээ рүүгээ орохгүй бол цаг ч багтахаа болилоо. Яриагаа өндөрлөе.
–Баярлалаа сайхан шинэлээрэй.
-Бүгдээрээ бэлгэ дэмбэрэл дүүрэн, баяр хөөртэй шинэлээрэй.