Монголын триатлоны спортын “Ironman” клубын баг тамирчид Малайз, Тайланд улсад сар гаруй хамтарсан бэлтгэл болон уралдаан тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо ирлээ.
Багийн бүрэлдэхүүнд 11 тамирчин, хоёр дасгалжуулагч багтсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 22-нд эх орноосоо морджээ. Тэд Малайз улсын триатлоны “М3Х” клубтэй хамтарсан бэлтгэл хийж байгаад 2019 оны нэгдүгээр сарын 12-ноос Тайланд улсын триатлоны холбооны тамирчидтай бэлтгэл сургуулилтаа базаажээ.
Мөн 2019 оны нэгдүгээр сарын 22-24-нд тамирчин Г.Амарсанаа, П.Ханмөнх, Г.Наранцацралт, А.Хэнтий нар Тайланд, Сири, Сингапур улсын тамирчидтай хамт олон улсын триатлоны холбооны хамтарсан бэлтгэлд оролцсон байна.
Ийнхүү “Ironman” клубын 11-16 насны өсвөр үеийн триатлончид хилийн чанадад бэлтгэл сургуулилт хийж, 2019 оны нэгдүгээр сарын 25, 27-нд триатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 4 хүрэл медалийг хүртжээ. Тус тэмцээний нэгдүгээр сарын 25-нд өсвөрийн элит /Junior elite man/ ангилалд өрсөлдсөн Г.Амарсанаа, 27-ны гараанд 16-аас дээш насны эрэгтэйчүүдийн ангилалд Г.Амарсанаа, 13-15 насны охидын ангилалд Б.Биндэръяа, 10-13 насны хөвгүүдийн ангилалд Э.Сайханбилэг нар тус бүр гуравдугаар байрт шалгарчээ.
Тамирчдыг Олон улсын триатлоны холбооны зэрэгтэй, “Ironman” клубын үүсгэн байгуулагч-багш, дасгалжуулагч Э.Уянга, М.Цэнгүүн нар удирдаж энэ хамтарсан бэлтгэл, Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон байна.