УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэг жилийн ажлын тайланг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос сонирхсон асуултдаа хариулт авч байгаа юм. Энэ үеэр З.Энхболд дарга “Ерөнхийлөгч энэ онд хоёр хөршдөө айлчлахаас гадна АНУ-д айлчилна. Мөн Энэтхэг улсад айлчлахаар яриа хэлэлцээ хийж байгаа. Халх голын дайны 80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүүлэхээр ОХУ-тай хамтран ажиллаж байгаа. Комиссын даргаар нь Шадар сайд Ө.Энхтүвшин ажиллаж байгаа. “Роснефть” компанийн 10 сая ам.долларын хандиваар Халх гол сумыг цоо шинээр барьж байгаа. Халх голын дайны 80 жилийн ойн арга хэмжээний үеэр ОХУ-ын төрийн тэргүүн Монголд айлчилна. Ерөнхийлөгч дөрөвдүгээр сарын сүүлээр БНХАУ-д айлчлал хийж, “Нэг бүс-нэг зам” уулзалтад оролцоно” гэлээ.