Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж импортыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг сайжруулах зорилгоор 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарлав.
Засгийн газар дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авч, хэрэглэхийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд уриаллаа.
Жилийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөний дагуу нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, эрхэлсэн салбар, нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх, тайлангаа хагас жил, жилийн эцсийн байдлаар Аж үйлдвэрийн бодлогын зөвлөлд хүргүүлж байхыг сайд нар, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн өмчит компани, төсвийн байгууллагын удирдлагуудад даалгав.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар ханган, төлөвлөгөөний хэрэгжилтийг Засгийн газарт танилцуулах юм.
Эх оронч худалдан авалт хийхэд төрийн байгууллагууд чухал хувь нэмэр оруулах учиртай. 2017 онд улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 1,2 их наяд төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөж 1,1 их наяд төгрөгийн өртөгтэй гэрээ байгуулж 93.1 тэрбум төгрөгийн хэмнэлттэй гарчээ.
Үүнээс төсвийн 22 ерөнхийлөн захирагч дотоодод үйлдвэрлэсэн 12 төрлийн бараанаас 47 тэрбум гаруй төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Энэ нь нийт худалдан авалтын дөрвөн хувийг эзэлж байгаа нь чамлалттай үзүүлэлт юм. 2018 онд хэдэн төгрөгийн худалдан авалт хийснийг Сангийн яам нэгтгэн Засгийн газарт танилцуулахаар бэлтгэж байна.