Categories
мэдээ цаг-үе

Л.Наранбаатар: Баялаг бүтээгчдээ адалж, хувийн өмчид халдаад байвал Венесуэлийн араас л явна

“Гложекс консалтинг” компанийн ерөнхий захирал, уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.


-Засаг зүгээс хувийн өмчийг хураана гэсэн утгатай мэдэгдлийг ойрхон давтамжтай хийлээ. Эдгээр байр суурь эдийн засагт яаж нөлөөлөх бол?

-Дэлхийн банкнаас Монгол Улсын бизнесийн орчны индекс гэж гаргадаг. Тэр индексээс харвал манай улс сүүлийн нэг жилд 12 байраар ухарсан байна лээ. 2016 оноос хойш 24 байраар ухарсан. Монголд бизнесийн орчин улам муудсаны шинж. Бизнес хийхэд ямар нэгэн шахалт дарамт байгаагийн илрэл. Энэ жил бүр муудаж гарах байх. Ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудлууд дээр энэ Засгийн газар нэлээд ширүүн хандахаа мэдэгдчихлээ. Захаас нь хураана, авна, нийгэмчилнэ гээд байна л даа. Иймэрхүү нөхцөл байдлыг харсан гадаадын хөрөнгө оруулагчид нэгмөсөн нуруугаа харуулаад явна. Дотоодын хөрөнгө оруулагчдад айдас төрнө. Цаад шалтгаан нь улс төрийн өшөө авалт уу, юу вэ гэдэг нь хамаагүй. Ямар ч байсан эдийн засагт хорлонтой үйл ажиллагаа болж байна.

-ЗГХЭГ-ын дарга Салхит дээр тусгай ажиллагаа маягийн юм явууллаа. Хөрөнгө оруулагчдад сөрөг мессэж өгсөн үйл явдал гэдэгтэй та санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Салхит дээр татварын зөрчилтэй учраас лицензийг нь хураалаа гэсэн тайлбар хэлж байгаа. Ашигт малтмалын хуульд ийм заалт орсныг хэн ч мэдээгүй. 2017 оны арваннэгдүгээр сарын 10-нд батлагдсан хууль л даа. Төсөв орж байхад хэлэлцүүлэг хийхгүйгээр оруулж батлуулсан байдаг юм. Өмнө нь татварын маргаантай асуудлыг чиглэлийнх нь захиргааны байгууллагуудтай хэлэлцэж ярилцаад шийддэг байсан. Ингэж шийдэж байсныг лиценз хураах, цуцлах шийдвэр рүү оруулсан гэсэн үг. Ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт хийх орчин энэ мэт нууцаар оруулдаг заалтуудаас болж нэлээд сул, өрсөлдөх чадваргүй болчихлоо. Хэн нэг нягтлан татварын тайлангаа алдаатай гаргачихвал яах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Компанийн эзний буруу биш, иймэрхүү механик алдаанаас болж олон тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн ашигт малтмалын ордуудыг нийгэмчлээд байвал хэцүү зураг үүснэ. Лиценз буцаалтын тухайд лицензийн төлбөрөө жил бүр төлөөгүй хоцроох, эсвэл компани өөрөө лицензээ буцааж өгөх гэсэн тодорхой хоёр гурван заалт л байсан юм. Лиценз цуцалдаг заалтаа жил бүр нэмээд яваа. Мэдээж уул уурхайн салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдээс хариуцлага шаардах нь зүйн хэрэг. Гэхдээ сүүлд оруулсан өөрчлөлтийн хувьд нам дамжсан бүлэглэлүүд биенээсээ өшөө авах зорилгоор хийсэн заалт гэж харагдаж байгаа. Тэр нь Монголыг гадаад ертөнцөд Венесуэл шиг харагдуулж байна л даа. Коммунизм руугаа эргээд явж байгаа мэт дүр төрхийг харуулчихлаа.

-Г.Занданшатарын үйлдлийг алга ташин дэмжиж суугаа нь олонх байна. Венесуэл ямар байгаад одоо яачихсан бэ, Монгол яг яагаад дэлхийд муугаар жишиг болж яригдаж яваа улстай харьцуулагдах болов гэдэг өнцгөөс нь ярилцлагаа үргэжлүүлэх үү, хоёулаа?

-Засгийн газар шударга юм хийлээ гэж алга ташиж суугаа нь иргэдийн олонх гэдэгтэй тантай санал нэг байна. 1970-аад оны эхэн үед Венесуэл өнөөдрийнхөөс тэс өөр байсан. Газрын тосоор баян улс шүү дээ. Уго Чавес “Бидний баялгийг гадны гар хөл болсон хэдхэн олигарх эзэмшиж байна” гэж гарч ирсэн хүн. Яг тэр үед газрын тосны үнэ өндөр байсан юм. Тэр утгаараа Венесуэлийн эдийн засаг Өмнөд Америктаа хамгийн томд шахуу тооцогдож байсан. Уго Чавес төрийн эрхэнд гарч ирээд бүх ордоо нийгэмчилж, төрийн эзэмшилд авч хөрөнгө оруулагчдаа хөөчихсөн. Уго Чавесын залгамжлагч нь Мадуро. Боловсролгүй, үйлдвэрчний эвлэлээр явж байсан, жолооч хүн. Тэр нөхөр бас популизм хийдэг. Ард түмэндээ “Та нар ажил хийх хэрэггүй, байгалийн баялгийн ашгаа хүртээд амьдаръя” гэж ярьдаг хүн. Эдийн засагт ингэх боломж хэтээсээ байхгүй. Тухайн улсад хөрөнгө оруулалт хийгдэж байж үйлдвэрлэл хөгждөг, үйлдвэрлэлээ дагаж экспорт хийгддэг, экспорт хийгдэж байж вальют орж ирдэг. Өнөөдөр Венесуэл вальютаа гөвчихсөн. Намайг “Төлөөс” лекцээ унших үед 1.5 сая хувь болчихсон байсан. Одоо бол 15 сая хувь. Долоохон хоногийн дотор шүү дээ. Үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш нэг жилийн дотор ингээд уначихлаа. Венесуэлийн өмнөх жишээ нь Зимбабве. Яг Венесуэл шиг аашилсан. Ордуудаа нийгэмчилсэн. Засаглал муутай, иргэний дайнтай аж төрж байна. Зимбабве үндэсний мөнгөн тэмдэгтгүй болчихсон. Хөрөнгө оруулалтгүй, вальютгүй, ажлын байргүй. Венесуэл ч ялгаагүй болчихоод байна. Гудамжиндаа байгаа нохой, муураа барьж идээд дууссан. Мадуро ерөнхийлөгч нь туулай тэжээхийг түрүү жил иргэддээ зөвлөж байсан гээд бод доо. Одоо энэ улсын иргэд асар ууртай байна. Өчигдөр (уржигдар) гэхэд л цэрэг цагдаагийнхан, дотоодын байгууллагын 27 генерал босох гэж байгаад баригдсан тухай мэдээ үзлээ. Хөрөнгө оруулалтаа үргээж, эдийн засгаа сүйрүүлж, бүх юмыг төрд авна гээд зүтгэсээр яваа Венесуэлийн дундаж давхарга, боловсролтой иргэд нь улсаасаа дүрвэчихсэн. Жилийн дотор бараг гурван сая иргэн нь хөрш улс руугаа зугтсан. Нийгмээ чирч явах давхарга нь улсаасаа дүрвэж байна. Ийм байдалд орсон иргэдээ тогтоон байгаа ганцхан арга бий. Тэр нь зохиомол дайсан. Мадуро зохиомол дайсан бий болгосон. Америк гэдэг улс л биднийг ингэлээ, бүгдээрээ өлсгөлөнгөө давж гараад Америкийг ялан дийлье гэсэн уриатай амьдарч байна. Өөрөөр хэлбэл иргэдээ айдсаар нь барьж байна. Ямар нэгэн айдсаар нь айлгаж нэгтгэхгүй бол Мадурогоо хөмрүүлж хаячих гээд байна л даа.

-Манай төр засгийнхан бас айдсаар нь бариад байгаа юм биш үү, иргэдээ. “Цөөхөн хөрөнгөтөн хамаг баялгийг чинь авчихлаа” гээд?

-Цөөхөн олигарх хамаг хөрөнгө сороод та нарыг боолчиллоо гээд байна л даа. Яг Венесуэл шиг пиар. Үндэсний баялаг бүтээгч бизнесмэнүүдээ бүгдийг нь хараар будаж үндэсний дайсан болгож байна. Бас гадаадын хөрөнгө оруулалт руу их дайрч доромжилж байна. Төмөр зам баривал хятадууд танк бариад ороод ирнэ ч гэж байх шиг. Төмөр зам баривал нүүрсээ үнэгүй шахам урсгаад дуусна л гэнэ. Үнэн хэрэгтээ нүүрсээ үнэгүй урсгаж буй ганц компани нь төрийн өмчийнх байх жишээний. Нэг зүйлийг онцолъё. Би төрийн өмч гэж огт байх ёсгүй гэж яриагүй. Төрд өмч байж болно. Гэхдээ төр өмчөө Норвегийн сан шиг ухаалаг удирдвал асуудал байхгүй. Харамсалтай нь өнөөдрийн нөхцөл байдлаа харахаар ингэх боломж алга. Засгийн газар нь 1.2-1.5 жилийн настай, засаг огцрох бүрд төрийн өмчит компанийн захирлууд солигддог, өмнөх хойнох идсэн ууснаа ухалцдаг, бараг өдөрт нэг хүн баригдаж шалгагддаг ийм нөхцөлд төр өмчөө зөв удирдаж чадахгүй. Төрийн өмч гэдэг зүйл сүүлийн хэдэн жил АТГ-ыг хамгийн их ажилтай байлгалаа. Олон хүнийг шоронд явуулж, өчнөөн хүний шуналыг хөдөлгөж адын санааг нь гүйцэлдүүлэх зэвсэг боллоо л доо. Уул уурхайн салбар 2.1 их наяд төгрөгийн татварын орлогыг бүрдүүлсэн байна лээ. Үүний дийлэнх нь өнөө адлагдаад байгаа Оюу толгой, Энержи ресурс, “МАК”-ын татвар хураамжид төлсөн мөнгө. Үндэсний баялаг бүтээгчдээ харааж зүхээд байвал Зимбабве, Венесуэлийн араас явж байна гэсэн үг.

-МАК-ийн өмчийг хураана, уул уурхайн баялаг бол ард түмнийх гэсэн утгатай үгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн нь унагачихлаа. Томоохон их сургуулийн багш нэг том компанийн хувьчлалыг буруу явагдсан, хөрөнгийг нь хураах ёстой гэх маягийн зүйл ярьсан харагдсан. Ингээд харахаар төр засаг мөнгөтэй салбарыг онилоод байна, хувьчлалаас хөрөнгөжиж чадаагүй улстөрчид баялгийн дахин хуваарилалт хийх нь гэсэн хардлага ортой ч юм шиг…?

-Улс төр дэх бүлэглэлүүд сүүлийн арваад жил баялгийн дахин хуваарилалт хийх гэж дажин зарласаар ирсэн нь үнэн шүү дээ. Та анзаарч байгаа бол хайгуул, ашиглалтын лиценз олгохыг зогсоосон. Өчнөөн жилээр түгжлээ. Урт нэртэй хууль гэж гэнэт баталж, өчнөөн компанийн хөрөнгийг түгжсэн. Улс төр дэх нөлөө бүхий этгээдүүд дээрэм хийх гэж л улсын хөгжлийг гацаасан ийм шийдвэрүүд гаргасан. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй шиг байгаа юм. Хөрөнгө оруулалтыг ойлгох ёстой. Хөрөнгө оруулалт эрсдэл гэдгийг ухаж бодох учиртай. Хайгуул гэхэд л тэр чигээрээ эрсдэл. 100 сая ам.доллараар хайгуул хийчихээд ордынхоо нөөцийг олж чадахгүй байх тохиолдол өчнөөн. Жишээ нь, Оюу толгой 500-600 сая ам.долларын өрөмдлөг хийсний эцэст сүүлийн өрөмдлөгөө хийх үедээ өнөөгийн нөөцөө олж тогтоосон. “Айвенхоу майнз” гэдэг компани хамаг мөнгөө гөвж байж ийм нөөцтэй орд олсон учраас бид өнөөдөр Оюу толгой гэдэг том төсөлтэй сууж байна. Сая та МАК-ийн тухай хөндлөө. Цагаан суваргын хувьд ЗХУ-ын үед хайгуул хийсэн. Геологийн мэдээлэл нь олддоггүй байсан орд. Энэ төсөлд хөрөнгө оруулалт хийх олон улсын банк, санхүүгийн байгууллагууд Австрали, Канадынх шиг олон улсын стандартын нөөцийн тайлан, туршилт судалгаануудыг шаарддаг. Иймэрхүү судалгаа хөгжүүлэлт, үйлдвэрийн барилга байгууламж барихад тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй, үүнээс 400 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж ойлгосон. Дахиад хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байж эхний бүтээгдэхүүн гарна гэсэн мэдээллийг би энэ компанийн цахим хуудаснаас авсан. УИХ хуралдаад “Монгол Улс мөнгөгүй учраас энэ эрсдэлийг нь Нямтайшир гэдэг хүнд үүрүүлье” гээд шийдвэр гаргачихсан. Засгийн газар нь энэ шийдвэрийн эсрэг ажиллах гээд байгаа юм шиг тодорхойгүй зураг харагдаж байна л даа. Хэрвээ буцааж авахдаа тулбал гаргасан эрсдэлийг нь, оруулсан хөрөнгө оруулалтыг нь төлөх асуудал зүй ёсоор яригдана. Урт нэртэй хууль яг ингэсэн. Хууль гарсаны дараа төр засгаас компаниудын хэрэгжүүлсэн төсөлдөө гаргасан зардал, хөрөнгө оруулсан мөнгийг төлж чадаагүй. Ийм шалтгаанаар шийдвэртээ дахиж өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл төлж чадахгүй учраас өөр арга гарц хайсан. Тодруулж хэлбэл энэ бол бидний нэгэнт туулчихсан зам.

-Нэгэнт хувьчлагдсан салбар, бизнесээ өсгөж томруулсан хувийн компаниуд руу хандаж, өмчийг нь хурааж авна гэсэн мэдэгдэл хийж, захирлуудыг нь хорьж цагдах нь таныхаар хэр зөв хандлага вэ. Энэ үзэгдэл гадаад ертөнцөд яаж харагдах бол. Зах зээл жамаараа хөгжиж яваа улсад байдаг л үзэгдэл үү, эсвэл…?

-Гэр дотроо үймээн, самуунтай айлд хүн ордоггүй. Сэжиглээд тойроод явна. Тийм болоод эхэлсэн нь судалгаагаар харагдаад байна. Авлигын түвшин өссөөр байгаа. 60 тэрбум, ЖДҮ-чид л “Төрийн өмчийг л тахин шүтэх ёстой, төрд бүх юм байх учиртай” гэж хамгийн их ярьж байна. Ингэж чанга ярьж суугаа улстөрчид улсад хэдэн төгрөгийн татвар төлж, хэнийг ажилтай болгосон юм бэ. Жижиг дундын бизнесийнхний хоолыг л булааснаас өөр ид шидгүй улс шүү дээ. Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиараа баталсан зарчмаараа явъя гэж байгаа бол эдийн засгаа коммунизм руу чирч, Венесуэлизм хийх шаардлагагүй. Манай улс төрийн систем чөлөөтэй хэрнээ эдийн засаг маань коммунист хэвээрээ байгаад байна.

-Нэг талд улстөрчид популизм хийгээд байна. Нөгөө талд бизнес эрхлэгчид, судлаач, эдийн засагчид үгээ хэлмээр санагддаг. Эрхэндээ халдуулаад суугаа хэсэг нь хэтэрхий идэвхгүй байгаа юм биш үү?

-Төр, хувийн ялгаагүй ямар ч байгууллага бодлогын институц гээчийг хөгжүүлэлгүй хаясаар ирсний гай гарч байна л даа. Ард түмэн ажилгүй болж, өлсөөд уурлаад ирэхээрээ хувьсгал хийдэг. Тэрэн дээр нь тоглодог хүмүүс нь иргэдийнхээ хоолыг булааж идсээр яваа улстөрчид. Венесуэл, Зимбабвегийн араас явах, 1932 оны Гитлерийн Германы нөхцөл байдал үүсчихээд байна. Гитлерийн үед Германы парламент нь яг манайх шиг нөхцөл байдалд орчихсон. Бүр хэд хэдэн удаа тарсан байдаг. Манайх тараагүйгээрээ ялгаатай. Гэхдээ тарахад ойрхон болчихсон. Улс төр нь бужигнаантайгаас гадна эдийн засаг нь хямралтай. Ийм тохиолдолд ядарч цөхөрсөн ард түмэн өлсч уурлахаараа хэт үзэлтнүүдийг дэмжээд байна л даа. МАН, АН-ын алинд ч Гитлерийн амилсан дүрүүд байгаа.

-Хувийн өмчид халдана гэж дайрсан засаг, тарахдаа тултлаа бужигнасан парламент, ЖДҮ, жаран тэрбумаас гарах гарц гэвэл та юуг онцлох вэ?

-Ганц л гарц байна. Тэр нь тогтолцооны өөрчлөлт. УИХ тарах ёстой. Намуудын тухай, Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулаад тарах нь бараг зөв байх. Бид сүүлийн 30 жил дандаа хүн сонгосон. Мажоритар системээр явсан. Ингэсний үр дүнд 76 төсөвтэй, 76 тийш харсан хэрүүлтэй улс болчихлоо. Эдийн засгийн өчнөөн гоё төсөл хөтөлбөр байдаг ч хэрэгждэггүй. Эгийн голын усан цахилгаан станцын төслийн хэчнээн ч жилийн ойг тэмдэглээд байгаа юм, бүү мэд. Венесуэл манай 2012-2016 оны сонгуулийн тогтолцоогоор олон жил явсан улс. 70 хувь нь мажоритар, 30 хувь нь пропорционалиар сонгодог тогтолцоогоор. Норвеги дэлхийн хөгжлийн индексээр номер нэг байгаа. Засаглал нь бусдаас өндөр оноотой учраас эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, хувийн хэвшлийг дээдлэх гэх мэт бусад үзүүлэлт нь сайн гардаг. Ийм учраас эдийн засаг нь тэлчихэж байгаа юм. Тэнд тогтвортой урт хугацаанд институц бий болж байна гэсэн үг. Венесуэл манайх шиг мажоритор системээр яваад байгаа учраас бодлого сонгохгүй байна. Популистуудыг сонгох хөрс нь болчихоод байна л даа. Дэлхийн улсуудын индексийг харахаар Монгол сайн, муугийн голд яваа. Венесуэл руу хөлбөрөхөд ойрхон болчихсон. Засаглалын индексүүд унаад байгаа эрсдэл манайд бий. Сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, бодлого ярьдаг институц тогтолцоотой намуудыг бүрдүүлж байж л өөрчлөлт хийгдэнэ. Үнэнийг хэлэхэд манай хоёр хөрш хоёулаа хаант засаглалтай болчихлоо. Хязгааргүй сонгогддог ерөнхийлөгч нартай. Бид өмнө нь далан жил нэг хүний засаглалаар явсан. Тэр тогтолцоо руугаа дахиж орох учиргүй. Тийм учраас сонгодог парламентын засаглалтай, бодлогын нам сонгодог пропорционалиар явах хэрэгтэй.

-Дахиад тодруулъя. Нэгэнт хувьчилсан салбар руугаа төр нь дайрах хэр зөв хандлага вэ?

-Бүр муугаар яривал одоо байгаа төрийн өмчит компаниудынхаа засаглалыг сайжруулж байж хувийн хэвшлээ хурааж дээрэмдэх рүүгээ орсон нь дээр байх. Ер нь гадаад зах зээлийн хэт богино үнийн өсөлтийн үед төрийн өмчит компаниуд өндөр ашигтай ажилладаг. Зардлын мэдрэмжгүй болчихдог. Байнгын супер орлоготой байх юм шиг төсөөлдөг. Венесуэл ингэж халуурч байгаад хальтирсан.

-Засаглалаа сайжруулаад одоо яригдаж байгаа сайн төслүүдээ хөдөлгөөд явбал эдийн засаг томрох ирээдүй байна уу. Энэ чигийн тодорхой тоо, судалгаа хийж үзсэн үү?

-Миний хийсэн тооцоогоор Цагаан суварга, Оюу толгой, Таван толгойн цахилгаан станц, төмөр зам гэсэн дөрөвхөн төсөл хэрэгжихэд 2030 оныг зураглаж болж байна лээ. 26.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх тооцоо байна. Монголын экспортын орлого 7.5 тэрбум ам.доллар байгаа. 2019 онд найман тэрбум давчих байх. Энэ төслүүд хэрэгжээд эхэлбэл 2025 он гэхэд экспорт 16 тэрбум ам.доллар болж нэмэгдэнэ. Тэгэхээр бид Зимбабве чиг рүү явж улсаа баллах уу, засаглалаа өөрчлөөд улсаа тогтвортой өсөлттэйгөөр хөгжүүлж авч явах уу гэдэг сонголтын өмнө ирчихсэн.

-Саяхан та “Төлөөс” нэртэй лекц уншсан. Популизмын эсрэг ганц удаагийн арга хэмжээ юу, эсвэл үргэлжлүүлэх бодол байна уу?

-Судалгаагаар арван хүний дөрөв нь Монголоос явахыг хүсч байна. Жилд 13-15 мянган хүн гадаадын улсын иргэн болж байгаа.

-Хаанаас авсан тоо вэ?

-Үндэсний статистикийн хорооны эх сурвалжаас авсан тоо. Сүүлийн гурван жилийнх нь тоог та хараарай. Та бид хоёрын яриад суугаа тоо эх орон гэсэн ойлголтыг өөрчлөх гээд байна л даа. Тэгэхээр УИХ, Засгийн газар, Монголын төр иргэдээ эх оронд нь яаж сайхан амьдруулах вэ гэдэгт ухаанаа уралдуулж, хувьсгалын шинжтэй тогтолцооны өөрчлөлтийн юм бодож олохгүй бол хэцүү болчихоод байна. “Төлөөс” лекц уншсан минь тодорхой зорилготой. Хатуухан хэлэхэд бид өнгөрсөн хугацаанд хийсэн сонголтынхоо төлөөсийг хийж байгаа. Миний лекц ингээд зогсохгүй. Цаашдаа нэлээд судалгаа, тооцоо, баримт факттай мэдээллийг гаргаж, олонд хүргэнэ. Сэхээтэн хүний хувьд нийгмийнхээ өмнө хүлээсэн үүрэг гэж харж байгаа. Популистуудтай баримт, факт, судалгаагаар үзэхээс өөр арга байхгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *