Мейзу (Meizu) бол дэлхийд 11 дүгээрт эрэмбэлэгддэг ухаалаг гар утасны үйлдвэрлэгч билээ. Тэгвэл тус компани өнгөрсөн Лхагва гарагт “Meizu Zero” нэртэй гар утас танилцуулсан нь ямар ч порт, залгуур, товч байхгүй шинэ загварын гар утас болжээ.
Мейзу шинэ гар утасныхаа үнэ, зах зээлд нийлүүлэгдэх хугацаа зэргийг ирэх сарын 25-28-нд Барселонд болох Mobile World Congress чуулганы үеэр илүү дэлгэрэнгүр утасй зарлах байх гэсэн хүлээлттэй байна.
Tech Insider “Meizu Zero” гар утасны онцлогуудыг ийнхүү дурдлаа.
- Шинэ гар утас чанга яригчийн нүхгүй. Оронд нь өөрийн “mSound 2.0” технологийг ашиглан дэлгэцний чичиргээгээр дуу гаргадаг байна.
- Нүүр нь бүхэлдээ 5.99 инчийн OLED дэлгэцээр бүрхэгдсэн. Хурууны хээ уншигч, нүүрний камер нь дэлгэцний дотор талд байрлажээ.
- Уг гар утсыг зөвхөн утасгүй цэнэглэгчээр цэнэглэдэг. Meizu Zero өөрөө “super fast” буюу утас, кабельгүйгээр өндөр хурдтай цэнэглэх технологийг дэмждэг юм байна.
- Ус, тоосноос хамгаалах IP68 түвшний хамгаалалттай тул 2 метр хүртэл усанд 30 минут хүртэл хугацаатай байх чадвартай.
- Физик СИМ карт хийх оролтгүй. eSIM буюу утсандаа үйлдвэрээс суусан програмчлагддаг СИМ карттай. Тиймээс эхэн үедээ Хятадын зарим операторууд Meizu Zero утсыг дэмжихгүй байх магадлалтай.
- Энэ гар утсанд ганц ч товч байхгүй. Хажуу ирмэгтээ haptic буюу хүрэлт мэдрэгч виртуал товчнуудтай. Тиймээс утсаа унтраах, асаах, дуу чангалах, суллахад хуруунд үл ялиг чичиргээ мэдрэгдэнэ.
- 2018 оны ихэнх Андроид утаснуудад ашигласан Snapdragon 845 процессортой. Bluetooth 5.0 технологийг бас ашиглажээ.Б.Цэндсайхан