НИТХ-ын дарга С.Амарсайхантай ярилцлаа.
-2019 оныг та бүхэн “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд ямар ажлууд хийж байгаа вэ?
-Нийслэлийн зүгээс хийгдэж байгаа ажлуудыг гүйцэтгэхдээ бид иргэд оршин суугчдынхаа оролцоотой шийдлийг гаргаж, хэрэгжүүлэн хөгжлийн асуудлыг шийдвэрлэе гэдэг зорилттой байгаа. Энэ хүрээнд хэд хэдэн ажлуудыг төлөвлөөд байна. Тухайлбал, иргэдийн оролцоотойгоор хот төлөвлөлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх юм. Шинэ хот, жишиг дүүргийг байгуулахад ямар байдлаар явуулах вэ гэдгийг иргэд, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоотой, хамтран хэрэгжүүлэх ажил бий. Энэ жил нийслэлийн 380 жилийн ой тохиож байна. Энэ ойг бид найр наадам, зугаа цэнгэл, бэлэг сэлт өгөх маягаар тэмдэглэдгийг таслан зогсооно. Үүнээс хойш ойн баярыг бүтээн байгуулалт бүхий, иргэнд үлдэцтэй хийнэ гэх шийдвэрийг гаргасан.
Эдгээр төлөвлөсөн олон ажлыг иргэдийн оролцоотой хийнэ. Түүнчлэн нийслэлийн 152 хорооны иргэд оршин суугчдын гол төлөөлөл болсон хороон засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга, хэсгийн ахлагчдыг Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад шууд оролцуулж, хяналт тавьдаг, үр дүнг нь тооцдог зохион байгуулалтыг хийнэ.
-Хотын даргын томилгоотой холбоотой асуудал бий. Өнгөрсөн хугацаанд янз бүрийн л зүйлс яригдлаа. Таныг тогтоолоо аваад таг дарчихлаа гэх мэдээлэл ч нийгмийн сүлжээнд хөвж явсан. Яагаад тогтоолоо явуулахгүй удсан юм бэ?
-Хотын даргатай холбоотой асуудлыг иргэд, олон нийт надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Миний зүгээс шалтгаалах ямар ч асуудал байхгүй. НИТХ буюу нутгийн өөрөө удирдах байгууллага хамтын шийдвэрээр гаргадаг байгууллага. Энэ байгууллагаас ямар нэг байдлаар гарсан шийдвэрийг хэн нэгэн удаашруулах ямар ч эрх байхгүй. Гарсан шийдвэрийг зохих дээд шатны байгууллага болох Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Бичиг баримтын бүрдэл дутуу гээд буцаж ирсэн. Бичиг баримтынх нь бүрдлийг хангаад өнгөрсөн даваа гаригт дахин хүргүүлсэн байгаа. Дараагийн асуудлыг шийдэх эрх үүрэг нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүний эрх мэдлийн хэрэг. Тиймээс энэ асуудалд ямар нэг тайлбар өгөх шаардлага байхгүй гэж бодож байна.
-Ерөнхий сайд батламжлахаас татгалзвал НИТХ хэдий хугацааны дотор дахин хуралдах вэ?
-Хуульд тодорхой заачихсан байгаа. Хэрвээ Ерөнхий сайд батламжлахаас татгалзах юм бол 15 хоногийн дотор хурлыг хуралдуулж дахин нэр дэвшилтийг явуулна гэсэн заалттай.
-Тийм зүйл болбол та дахиж нэр дэвших үү?
-Энэ бол дараагийн асуудал, миний нэр дэвших үгүйтэй холбоотой асуудал ерөөсөө биш. Би хэн нэгэн хүнд таалагдах гэж, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт нийцүүлэх гэж, эсвэл албан тушаалтай байх гэж үг үйлдлээрээ дүр эсгэж явах ямар ч шаардлагагүй. Хаана ч байсан би хотын хөгжил дэвшил, иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлыг л ярьдаг. Өмнө нь ч энэ талаар л ярьж ирсэн. Одоо ч ярьж байгаа. Яриад тогтохгүй тодорхой шийдлүүдийг гаргаж, ажил хэрэг болгож яваа. Тэгэхээр энэ миний асуудал гэхээсээ илүү нийслэлийн ард нийтийн эрх ашгийн асуудал. Надаас, эсвэл хэн нэгэн хүнээс шалтгаалахгүй. Аль нэг албан тушаалтнаас шалтгаалахгүйгээр шийдэгдэх зарчмаараа шийдэгдээд явна. Тэрийг тухайн үед нь яаж шийдэх вэ гэдэг процесс нь тодорхой. Тиймээс тэр процессоороо шийдэгдэх байх. Хүссэн хүсээгүй дээр хэн байхаас илүүтэй, хот өөрөө нийслэлийн Засаг дарга, Хотын захирагчийн албан тушаалын асуудлыг зохих хэмжээнд нь шийдэх ёстой гэж бодож байгаа.
-Энэ асуудалд хүн бүр өөрийн гэсэн байр суурьтай байх шиг байна?
-Ер нь намайг асуудлыг гацаагаад байгаа эсвэл удаашруулаад байгаа, нэг бол тээг саад болоод байгаа мэтээр харагдуулахыг оролдож байна. Энэ үйлдлүүдийг би өөрөө харж, ажиглаж байгаа. Үүнд элдэв янзын тайлбар хийгээд байх шаардлага байхгүй. Ямар ч байсан би нийслэлийн удирдлагаар ажиллаж байгаа энэ хугацаандаа хурлын даргынхаа албыг хашиж байна. Өөр ямар ч албан тушаал дээр байсан, эсвэл албан тушаалгүй байсан ч энэ талаар үг хэлнэ. Энэ хотыг зориуд зохион байгуулалттай гэмээр, төлөвлөлтгүй, бодлогогүй, зах замбараагүй тэлж, эзэнгүй айл шиг болгож ирсэн зарим нэг нөхдийн үйл ажиллагаатай тэмцэж, байр сууриа илэрхийлнэ. Ямар албан тушаал хашиж байгаагаасаа үл шалтгаалан хатуу тэмцэнэ. Шийдэх ёстой асуудлыг шийдүүлнэ. Хэн нэгний эрх ашигт нийцүүлж, хэлбэрдэх юм хийхгүй гэдгээ албан ёсоор хэлье.
-Маргааш АТГ-тай хамтарч үйл ажиллагаа зохион байгуулах юм билээ. Энэ талаараа ярихгүй юу?
-Бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд төрийн захиргааны байгууллагын албан хаагчдыг авлига, хээл хахууль хүнд суртлаас ангид байлгахын тулд иргэдийн санал гомдлыг хүлээн авч, шийдвэрлэдэг хяналт тавьдаг байх үүднээс нийслэлийн есөн дүүрэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг цэгийн үйлчилгээг бий болгож байгаа. Тэр үйлчилгээнийхээ хүрээнд иргэдийг хэн нэгэн албан тушаалтны үүдийг сахидаггүй шууд асуудлаа тавьдаг болгоно. Улмаар ямарваа нэг асуудлыг газар дээр нь шалгадаг, хянадаг, хариуг нь өгдөг тогтолцоог бий болгох ажлыг хийж байгаа.
-Төрийн албан хаагчдын зөвлөгөөн ямар ач холбогдолтой вэ?
-Монгол Улсын хүн амын дийлэнх оршин сууж байгаа нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан албан хаагчдын ажил үүргийн хариуцлага, ажил үүргийн бүтээмжээр үр дүн тооцогддог. Тиймээс нийслэлийн зүгээс энэ ажлаа эхлүүлж байна. Энэ хүрээнд төлөвлөж буй олон ажлууд бий. Тухайлбал, нэн тэргүүнд иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, цаашлаад хүүхэд багачуудын хүмүүжил төлөвшилтэй холбоотой төсөл хөтөлбөрүүдийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх. Аливаа ажлуудыг хэлбэр төдий хийж, хэрэгтэй хэрэггүй зардал гаргах замаар бус төсвийн хөрөнгийг үр дүнтэй үлдэцтэй хийхийн тулд анхаарч ажиллах ёстой. Төрт ёс гэдэг бол төрийн албыг дээдэлдэг, хариуцлагатай, ёс зүйтэй хамгийн гол нь иргэндээ үйлчилдэг байгууллага байх ёстой гэдгийг илүү төлөвшүүлэн хэвшүүлэх ажлыг түлхүү зохион байгуулж байна.
-Төрийн захиргааны байгууллагын бүтэц орон тооны талаар ярихгүй юу?
-Хэн нэгэн хүн ажил, албан тушаалд зориулж биш, асуудлыг шийдэхэд чиглэсэн байдлаар явуулахын тулд зарим нэг ажлыг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл бүх ажил хүртээмжтэй байх ёстой. Тийм ч учраас асуудлыг шийдэхэд зориулж, замын түгжрэл бөглөрөл, хөдөлгөөний зохицуулалтыг анхаарч ажилладаг дагнасан бүтэц байхгүй байгаа. Нөгөө талаар амьдрах орчны аюулгүй байдал гэж бид ярьдаг. Гэвч тэр аюулгүй байдлыг бүрдүүлдэг, стандартыг мөрдүүлдэг газар нийслэлд байхгүй байна. Энэ асуудлыг шийдэхээр ажиллана.
-Нийслэлийн нийтийн тээврийн асуудал хурцаар тавигдах болсон. Энэ жил ямар нэгэн гарц гаргалгаа хайх уу?
-Энэ салбарт шинэчлэлийг хийнэ. Такси хэрэглэж байгаа хэдэн мянган иргэн, оршин суугчид байна. Энд үйлчилж байгаа таксинуудыг бүгдийг нь бүртгэж, техникийн аюулгүй байдлынх нь шалгуур, жолоочийнх нь ёс зүйн хариуцлагын шаардлагыг тавина. Түүчлэн албан ёсны төлбөр тооцооны тоолууртай болгож, тогтмол сургалтад хамруулна. Өдгөө маш олон хүн хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг. Нийслэлийн хэмжээнд үйлдэгддэг гэмт хэргүүдийн тодорхой хувь нь эзэнтэй, эзэнгүй энэ таксинуудад үйлдэгддэг.