Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Тогтохсүрэн: Төрийн албан хаагчийг хууль бусаар халвал ажилгүй байсан үеийнх нь цалинг буруутай албан тушаалтан гаргана

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


-МАН-ын бүлгээс эмнэлэг барих шийдвэр гаргасан. Цаашид ямар асуудлууд хэлэлцэж, шийдэхээр төлөвлөж байгаа бол?

-Маш олон асуудал бий. Намрын чуулганы төлөвлөгөөнд орсон заавал хэлэлцэх шаардлагатай хэд хэдэн том асуудлууд байна. Тухайлбал, Татварын багц хуулийг хэлэлцэх шаардлагатай байгаа юм. Татварын багц хуулин дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ойрын үед бүлгийн хурлаар хэлэлцэж саналаа нэгтгэх болно. Аж ахуйн нэгж, хувь хүнтэй холбоотой асуудал байгаа. Мөн татварын ерөнхий зохицуулалттай холбоотой асуудал байгаа учраас бүлгээр ярихаас өөр арга байхгүй. Тиймээс энэ асуудлыг бүлгийн хурлаар зарчмын хувьд хэлэлцэж боломж байвал намрын чуулганд багтаж батлуулъя гэсэн байр суурьтай байгаа. Аж ахуйн нэгжүүд энэ хуулийг хүлээж буй гэдгийг ч та бүхэн мэдэж байгаа байх.

Бүлэг дотроо зөрчилдсөнөөс болоод УИХ-ын үйл ажиллагаа гацсан. Харин одоо бол ажил хэвийн явж байна. Гэхдээ хурдтай ажиллах шаардлагатай байна. Нийгэмд тулгамдсан асуудлуудыг бүлэг тухай бүрт нь сонсож тодорхой шийдвэр гаргаж явж байх ёстой. Тиймээс өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн салбарын асуудлыг авч үзсэн. Томуу, томуу төст өвчний асуудал нийгэмд хүнд байна.

Хүүхдүүдийн өвчлөл их, нас барсан тохиолдол ч гарсан. Иймд МАН-ын бүлгийн зүгээс тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Ирэх оны төсөв, төсвийн тодотгол ч юмуу, Засгийн газар нөөцийнхөө хүрээнд шийдчихмээр асуудал байна гэж үзсэн. Ер нь бол томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор нэн тэргүүнд шийдэх хоёр асуудал бий.

Нэгдүгээрт, вакцинжуулалт, урьдчилан сэргийлэх явдал. Энэ асуудалд тодорхой хөрөнгө шаардлагатай. Хоёрдугаарт, эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх нь чухал байна.

Олон хүүхэд шалан дээр хэвтэж эмчлүүлж байна шүү дээ. Эмнэлэгт хэвтэж чадахгүй нь ч байгаа. Тиймээс энэ агуулгаар нь асуудалд хандаж байгаа юм. Намрын чуулганы төгсгөлөөр хэлэлцэх хуулиуд бий. Уг нь бид Сонгуулийн тухай хуулиудыг хэлэлцье гэж бодсон. Чадах эсэхийг нь мэдэхгүй байна. Энэ мэт асуудлууд хуримтлагдчихсан байна.

-Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмуудыг Их хурлаар хэлэлцэж байгаа. Энэ талаар тодруулаач?

-Төрийн албаны тухай шинэ хууль 2017 оны арванхоёрдугаар сард батлагдсан. 2018 онд бэлтгэл нь хангагдсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа юм. Энэ хуулийг дагаж нийт 47 журам гарна. Энэ 47 журмын есийг нь УИХ батлах ёстой. Түүний хоёр журам нь батлагдчихсан. Өнөөдөр таван журмынх нь анхны хэлэлцүүлгийг УИХ хийлээ. Хууль батлагдаж гардаг. Харин хуулийг хэрэгжүүлэх чухал зүйл нь журмууд байдаг. Журам хуулиндаа нийцээд, амьдралыг багтаан хэрэгжүүлдэг тийм л зүйл. Тиймээс журмын боловсруулалт дээр маш их анхаарч ажиллаж байна. Үүнд УИХ-ын даргын захирамжаар таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм. Уг ажлын хэсгийг миний бие ахалж байна. Журмуудыг УИХ ирэх долоо хоногт багтаан баталчих болов уу гэж бодож байна. Мөн ирэх долоо хоногт Төрийн албаны зөвлөлийн гишүүдийн асуудал батлагдах байх. Зарим хүмүүс нь шинэчлэгдэх юм. Ингэснээр Төрийн албаны зөвлөл болон Төрийн албаны тухай хууль хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Журмууд нь төрийн албан хаагчдын ажлаас хууль бусаар халагдсан, төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалттай холбоотой маргааныг хэрхэн хянан шийдвэрлэх вэ гэсэн асуудал байгаа юм. Шинэ хуулинд орсон нэг өөрчлөлт нь төрийн албан хаагчдыг хууль бусаар халвал түүнийг Төрийн албаны зөвлөл бие дааж хүчингүй болгох эрхтэй болж байгаа. Тиймээс энэ маш чухал журам. Мөн Төрийн албаны тухай хуулинд санхүүгийн хариуцлагын тогтолцоог бий болгох тухай оруулж өгсөн. Тодруулбал, Төрийн албан хаагчийг хууль бусаар халсан тохиолдолд ажилгүй байсан үеийнх нь цалинг буруутай албан тушаалтан өөрөө гаргана. Эдгээрийг зохицуулсан журмуудыг оруулж ирж байгаа учраас УИХ-аар өргөн хэлэлцүүлэг болж байна. Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжээд эхлэх юм бол төрийн алба өөрөө чадавх, хариуцлагатай, мэргэшсэн, тогтвортой болно гэж бодож байгаа юм. Төрийн алба тогтвортой болох юм бол иргэдэд үйлчилж байгаа үйлчилгээний чанар сайжирна.

-Ерөнхийлөгчийн зүгээс уиХ-ын чуулганы хуралдааныг сунгах санал гаргасан. Чуулганы хуралдааныг сунгах боломж хуулинд байдаг уу. МАн-ын бүлэг энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Чуулганы хуралдааныг завсарлуулах асуудал өөрөө хуультай. Үндсэн хууль, Улсын их хурлын тухай хууль, Улсын их хурлын Дэгийн тухай хуулинд бий. Үндсэн хуулинд хавар, намрын чуулган ажлын 50 өдөр хуралдах ёстой гээд заачихсан. Хугацааны хувьд 50 өдөр болчихсон юм билээ. Улсын Их хурлын Дэгийн тухай хуулинд намрын чуулган аравдугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын 10-ныг хүртэл хуралдана гээд заачихсан. Хоёрдугаар сарын 1-8-ныг хүртэл Сар шинийн амралт таарч байгаа юм билээ. Ямартаа ч хуулийнхаа хугацааг дуустал хуралдах болов уу гэж бодож байна. Хуримтлагдсан асуудал байгаа нь мэдээж. Тийм учраас ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болов уу гэж хувь гишүүнийхээ зүгээс бодож байна.

-Төсөвт тодотгол хийх болов уу?

-Сангийн яам бол хийхгүй л гэж байгаа. Би ч гэсэн төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж боддог хүний нэг. Төсөвт тодотгол хийхээр л манайхан олон асуудал гаргаж ирдэг. Түүнээсээ болоод төсвийн сахилга бат алдагддаг. Төсвийн сахилга батыг алдагдуулдаг зүйл нь тодотгол юм. Тэгэхээр тухайн жилийнхээ орлого, зарлагыг эхнээс нь сайн харж, зөв төлөвлөх хэрэгтэй.

-уиХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар огцруулах хуулийн төсөл батлагдчихсан. ын даргыг огцруулах хуулийн төслийг гишүүд энэ долоо хоногтоо багтаан өргөн барих болов уу. Энэ асуудал хэдийд эцэслэгдэх вэ?

-Үүнийг сайн мэдэхгүй байна. Ерөнхийлөгч өргөн барьснаар Улсын Их хурлын тухай хууль, Улсын Их хурлын Дэгийн тухай хуульд өөрчлөлт орсон. Одоо УИХ-ын даргыг өөрчилье гэж байгаа гишүүд УИХ-ын даргыг өөрчлөх тогтоолын төслөө өргөн барих ёстой. Тэрхүү тогтоолын төсөл өргөн баригдаагүй байна. Хуулийн хугацаа хэрэгжиж эхлээгүй байна. Тиймээс өнөөдрийн хувьд хэлэлцэнэ, хэлэлцэхгүй гэдэг зүйлийг ярих боломжгүй.

-Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ЗТХ, БСШУС-ын сайд нарыг өөрчлөх асуудал орсон. намрын чуулгандаа багтаж уг асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх үү?

-Сайд нарын асуудлыг ойрын хугацаанд шийдэх болов уу гэж бодож байна. Ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар орох байх. Ямартаа ч намрын чуулгандаа багтаж сайд нарыг чөлөөлөх, шинэ сайд нарыг томилох асуудлыг шийдэх шаардлагатай гэж бодож байна.

-2020 оны сонгууль дөхчихлөө. Эрх баригч нам хийсэн бүтээснээ дүгнэх, хийх ажлуудаа яаравчлах цаг үе ирчихлээ. Бүлгийн даргын хувьд та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Цаашид хууль эрх зүйн хүрээнд хийх ёстой олон зүйл байна. Энэ чиглэлээр ч бид ярилцаж байна. 2016 оны сонгуульд бид олон амлалт өгчихсөн. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд хийх ажлууд их байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ярих уу, үгүй юу гэдэг дээр ярилцаад эцэслэчих ёстой гэж бодож байгаа. Мөн Улс төрийн намуудын тухай хуулийг аль болох хурдан хэлэлцмээр байна. Улс төрийн намуудыг хариуцлагажуулах, санхүүжилтийг нь ил тод болгох зайлшгүй шаардлага бий. Улс төрийн нам хариуцлагатай байж гэмээнэ төр хариуцлагатай болно. Тиймээс энэ чиглэлийн хуулийг хурдан гаргах ёстой. Одоо бол сонгуулийн нэг л том хууль бий. Харин бид сонгуулийн гурван хууль гаргана гэж ярьж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Улсын их хурлын сонгуулийн хууль, Орон нутгийн сонгуулийн хууль гэсэн гурван хууль юм. Эдгээр хуулиудаа 2019 ондоо багтааж гаргах шаардлагатай. Эдийн засаг, санхүүгийн эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй байна. Дээр хэлсэнчлэн Татварын багц хуулийг сайжруулах нь чухал. Иргэдэд дарамт учруулж байгаа зүйл нь зээл, зээлийн хүү байна. Зээл, зээлийн хүүг бууруулахтай холбоотой асуудал ч бий. Иймд үүнтэй холбоотойгоор Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг явуулах нь зүйтэй. Хөрөнгө оруулалт болон бусад банкны хуулиудад өөрчлөлт оруулж зээл, зээлийн хүүг бууруулах, гадны банк санхүүгийн байгууллага орж ирэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх ёстой юм. Ингэж байж зээлийн хүү буурна. Манай Монголын 20-иод банк зээлийн хүүг буулгачихдаг бол буулгах цаг нь байлаа шүү дээ. Хадгаламжаасаа шалтгаалж зээлийн хүү өндөр гарч байгаа. Тиймээс өөрийн гэсэн эх үүсвэртэй, хадгаламж шаарддаггүй гадны банкуудыг оруулж ирэхээс өөр арга байхгүй.

Түүнчлэн орон нутгийн хөгжилтэй холбоотой хэдэн хууль бий. Монгол Улсын засаг захиргаа, түүний нэгж, удирдлагын тухай хуулийг шинэчилж гаргах хэрэгтэй байна. Үүнийг дагасан хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлууд ч байна. 2016 оныхоо мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хийх ёстой ийм ажлууд байна. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаан дахь сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтдээ үнэлэлт, дүгнэлт өгөх, үлдсэн хугацаандаа хийх ажлынхаа чиглэлийг тодорхойлох гэх мэт хийх ажлууд биднийг хүлээж байна.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль чуулганы хуралдаанаар орж ирээд, шийдэгдэж амжаагүй салбарын сайдын саналаар хэлэлцэх асуудлаас хасагдсан. Уг хуулиар алтны татварын хэмжээг 2.5 хувь хэвээр үргэлжлүүлэх саналыг Засгийн газраас тавиад буй. Алтны татвар бага байх нь зөв үү. Одоогоор алтны салбарынхан аль хуулиа барьж ажиллах вэ?

-Бид бас тодруулаад л байгаа юм. Засгийн газар алтны татварыг 2.5 хувь байлгая, энэ хугацааг 2023 болгож өгөөч гэсэн хуулийн төслийг оруулж ирсэн. Намын бүлэг дээр энэ асуудлыг хэлэлцээд алтны татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй, 2.5 гэдэг дэндүү бага байна гэж үзсэн. Бусад аж ахуйн нэгж арван хувийн татвар төлж байхад байгаль орчныг ихээр сүйтгэж байж олборлодог алтны татвар ийм бага байж болохгүй гэсэн шүүмжлэл их гарсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар энэ хуулийг ойрын хугацаанд татаж авч, шинэ хуулийн төсөл өргөн барих ёстой гэж бодож байна. Алтны татвар 2.5 хувь байх, энэ хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болсон. Гэсэн ч алтны татварыг таван хувь байлгах өмнөх хууль байхгүй юм билээ. Одоо мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулинд алтнаас бусад ашигт малтмалын татварын асуудал зохицуулагддаг. Алтны татвар тусгай хуулиар явж байж. Тэгэхээр Засгийн газар алтны татвар дээр дахин өөр хуулийн төсөл оруулж ирэхээс өөр арга байхгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *