Categories
мэдээ цаг-үе

А.Амбасэлмаа: Томуугийн вирусийн эсрэг вакциныг хийлгэхэд жилийн хугацаанд өвчлөхгүй

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаатай ярилцлаа.


-Хүйтний улиралд томуугийн вирусийн тархалт нэмэгддэг. Ийм үед өөрийгөө энэ төрлийн вирусийн халдвараас хэрхэн хамгаалах вэ?

-Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрнэ. Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт байдаг. Томуу, томуу туст өвчний талаар манай ард иргэд тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байх. Томуугийн вирусийн тархалт аравдугаар сард эхэлж тавдугаар сар хүртэл үргэлжилнэ. Улирлын томуу гэх өвчин ганц манайд тохиолд-дог юм биш. Дэлхий даяар л гардаг. Манайд бүртгэгдэж байгаа тохиолдлуудын дийлэнх нь 0-4 насны хүүхдүүдэд тохиолдож байгаа юм. Ханиад томуу амьсгалын замаар халдварладаг учраас энэ төрлийн вирусийн идэвхжилтийн үед олны хөлийн газраар явах шаардлагагүй.

-Энэ төрлийн вирусээр хүүхэд өвчилж байгаа шалтгаан нь юу бол?

-Хүүхдийн дархлаа сул байгаа учраас энэ төрлийн өвчин тусаад байгаа юм. Хүүхдийн биеийн эсэргүүцлийг сайжруулж ханиад томуунаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл эцэг эхчүүдэд байдаг ч өнөөдөр хэрэгжүүлж байгаа нь ховор байна. Цэцэрлэгийн насны хүүхдийг томуугийн вакцинд хамруулж байх хэрэгтэй. ХӨСҮТ-д ирээд л вакцинд хамруулахад нээлттэй.

-Томуугийн эсрэг вакциныг хийлгэснээр бүтэн жил ханиад хүрэхгүй байх боломжтой юу?

-ДЭМБ-д Монгол Улсын Томуугийн үндэсний төв тухайн жилд тархсан вирусийн омгийг мэдээлж, хүргүүлдэг. Манайх дэлхийн глобал сүлжээтэй нэгдсэн орон. Томуугийн тандалтын судалгааг хийж, вирусийн омгийг тодорхойлж явуулдаг байгаа. Монголд эргэлтэд байгаа вирусийн халдварыг эсрэг вакциныг захиалгаар хийлгэдэг гэсэн үг шүү дээ. Энэ жилийн тухайд томуугийн Н1, И1, Н3, И2 вирусийн эсрэг вакциныг захиалсан. Тухайн жилд давамгайлах томуугийн вирусийн эсрэг вакциныг хийдэг болохоор тэр вирусээр өвчлөхгүй гэж ойлгож болно.

-Томуугийн хүндрэл, үр дагаврын талаар ярихгүй юу?

-Амьсгалын хоолойд томуугийн вирус үржиж, амьсгалын замыг тоос шороо, бактерийг бусад зүйлээс цэвэрлэх үүрэгтэй сүүмэлзэх хөдөлгөөнт хучуур эдийг устгадаг. Сүүмэлзэх хөдөлгөөнт хучуур бүрхүүл устгагдвал хамгаалах үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүйгээс уушгинд нян их хэмжээгээр хялбархан нэвтэрнэ шүү дээ. Иймээс бактерит давхар халдвар гарах аюултай. Хүүхдэд ханиадны шинж тэмдэг илрэхэд яаралтай эмчид хандаж эмчийн заавраар эм уулгах хэрэгтэй. Эмийг эмчийн заавраар хэрэглэхгүй бол эм болохгүйг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй.

-Томуугийн шинж тэмдэг илэрсэн хүүхдийг эмнэлгийн байгууллагаар дагуулж явахад өөр төрлийн вирусийн халдвар авах магадлалтай гэж үздэг юм билээ. Гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

-Томуу томуу туст өвчний үед томуугийн H1, N1, H3, И2 вирус их байдаг. Хажуугаар нь амьсгалын замын хүнд халдвар үүсгэх вирусийн үед хүүхдээ олны хөлийн газраар дагуулж явахад өөр төрлийн өвчин халдварлах магадлалтай. Хөнгөн үед нь өрхийн эмчээ дуудаад зөвлөгөө аваад эмчилж болно. Эрүүл шим тэжээлтэй хоол хүнсээр хүүхдээ хооллох нь чухал.

-Шим тэжээлтэй хоол хүнс гээд л яриад байдаг. Ямар хүнс илүү шим тэжээлтэй талаар хүмүүсийн мэдэгдэхүүн бага байдаг шүү дээ?

-Хүүхдэд зохистой насанд нь тохирсон хоол өгөх хэрэгтэй. Бүр нялх хүүхдэд бантан хийгээд өгөхөд болно. Хүүхэд нэмэлтээр витамин уулгах нь дархлааг дэмжихэд чухал үр нөлөөтэй. Сайн амрааж дулаан хувцаслаж амраах хэрэгтэй.

-Насанд хүрсэн хүний тухайд энгийнээр дархлаагаа хэрхэн хамгаалах вэ?

-Цагаар хооллох нь зөв. Өлсгөлөн явж явж гэнэт ихээр идэх хандлага манайханд бий. Энэ нь хүний дархлааг унагаад байдаг. Цаашлаад хорт зуршил, архи, согтууруулах ундаанаас зайлсхийх шаардлагатай. Өнөөдрийн тухайд утаанаас шалтгаалж харшлын гаралтай вирусийн тархалт их байгаа. Долоо хоногтоо нэг удаа ч болов цэвэр агаарт гарч уушгиа цэвэрлэх нь үр дүнтэй.

-Энэ жилийн тухайд ханиад хүрээд ямар ч эмийн эмчилгээ хийлгээд салахгүй байна гэх хүмүүс олон байсан. Эмчилгээний гам алдаад байдаг юм болов уу?

-Ханиад хүрлээ гээд эмнэлэг ордог хүн өнөөдөр ховор байна. Эрт үед нь эмчид хандаж зөвлөгөө аваагүйтэй холбоотой. Дээрээс нь бичүүлсэн эмийн эмчилгээний горимыг зөрчөөд байдаг шүү дээ. Нэг өдөр нь эмээ уугаад маргааш нь мартчих жишээтэй. Мөн ханиалгахаа болиход нь л эмийн эмчилгээгээ зогсоочихдог. Вирус гүйцэд арилаагүй байхад нь больдог гэсэн үг. Энэ нь эргэж сэдрэхдээ эмчлэгдэхгүй удах гээд байдаг талтай.

-Энэ вирус хүндэрснээр уушгины хатгаа өвчин тусах магадлал өндөр байдаг юм билээ?

-Томуугийн элбэг тохиолдох хүндрэл нь уушгины хатгаа. Энэ нь хоёрдогч бактерит халдвар Streptococ­cus pneumoniae, Hae¬mophilus influenzae, Staphylococcus aureus-ээр үүсгэгдэнэ. Мөн вируст болон бактерит уушигны хатгаа тусах магадлал өндөр. Анхдагч вируст уушгины хатгаа үхэлд хүргэх аюултай. Хэрэв томуугийн хоруу чанар өндөртэй вирусээр үүссэн бол энэ өвчлөл тохиолдоно. Цус харвалтат уушигны хатгаагаар өвчилбөл 2-3 өдрөөс хэтрэхгүй амь насаа алдаж болно. Зүрх, уушгины архаг өвчтэй, уушгинд цус тогтонгошилтой өвчтөнүүдэд анхдагч томуугаас үүдэлтэй уушгины хатгаа ажиглагдана.

-Томуугийн вирусийн үед дур мэдэж антибиотик хэрэглэх хандлага манайхан дунд байдаг?

-Буруу. Вирусээр үүссэн ханиадны эрт үед антибиотик хэрэглэх шаардлагагүй. Хүндэрч хатгаа туссан үед эмчийн заавраар антибиотик хэрэглэнэ. Эмийн сангуудаар худалдаалж буй томуугийн эсрэг эмүүдийг эрт үед нь авч хэрэглэж болно. Шинэхэн хонины махаар сармистай битүү шөл хийгээд уухад хөнгөн хэлбэрийн томуу арилна.

-Томуугийн вирусийг эрт үед нь хэд хоногийн дотор эмчлэх боломжтой бол?

-Хэлэхэд хэцүү. Эрт үед нь зохистой эмийн эмчилгээг хийвэл 5-7 хоногийн дотор л эмчлэх боломжтой. Эмийн эмчилгээгээ горим зөрчвөл дахиж амархан сэдэрнэ. Ханиад хүрвэл тэр дор нь эмчид хандаж эмчилгээ бичүүлж авах нь чухал. Эмчилгээний зардал ч хямд төсөр тусна шүү дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *