Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Амьсгалын замын цочмог халдварын улмаас орон нутагт хоёр хүүхэд энджээ


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яамны хурлын танхимд холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийв.

Өнөөдөр улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт энэ сарын эхний долоо хоногт амбулаторийн үзлэгийн 9.3 хувийг эзэлж байгаа гэнэ. Энэ үзүүлэлт нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.6 хувиар бага байгаа юм. Гэсэн ч А хүрээний H1N1 вирус халдварлаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо өндөр байгаа юм байна. Одоогийн байдлаар лабораторийн шинжилгээний 40 хувийг А хүрээний H1N1 вирус эзэлж байгаа гэнэ. Энэ нь бага насны хүүхдүүд уушгины хатгаагаар өвдөж хүндрэх гол шалтгаан болж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 7.1 хувийг эзэлж байна. Энэ сарын 14-ний байдлаар хүүхдийн эмнэлгийн нийт 977 ор дээр 1497 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь хүүхдийн орны ачаалал 53.2 хувиар хэтрээд буйг харуулж байна. Эдгээр хүүхдүүдийн 1359 нь амьсгалын замын өвчтэй хүүхэд байгаа талаар эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд мэдээлсэн. Нийслэлийн хэмжээнд 500-700 ор нэмэлтээр шаардлагатай байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байв. Эрүүл мэндийн яамнаас хувийн эмнэлгүүдэд ханиад томуугаар өвдсөн хүүхэд хүлээж авах хүсэлтийг хүргүүлжээ. Хувийн эмнэлэгт хүүхэд хэвтсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалаар дамжуулж улсаас санхүүжүүлэх чиглэл гараад явж байгаа аж. Өнөөдрийн байдлаар “Ачтан” эмнэлэг томуугаар өвдсөн хүүхдүүдийг хүлээж авч байгаа юм байна.

Бид Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгаар очлоо. Нялх хүүхдээ дагуулсан эцэг эхчүүдийн хөлд эмнэлэг дарагджээ. Хаа сайгүй л ханиаж найтаалгасан, уйлагнаж нус нь гоожсон хүүхдүүд. Эмнэлгийн хүүхдийн тасгийн орны ачаалал хэтэрсэн учраас коридортоо нэмэлтээр хэд хэдэн ор гаргачихаж. Дусал залгуулсан, тарианы цагаан хөвөн гартаа наасан хүүхдүүд хэвтэж байгаа харагдлаа. Үүдэнд нь хоёр настай юм уу гэмээр хүүхэд дагуулсан эмэгтэй уцаартайгаар гарч байгаатай таарсан юм. “Охин маань өндөр халуурч, зарим тохиолдолд таталт өгч байна.

Дүүргийн эмнэлэгт хандахад ачаалал нь хэтэрчихэж. одоо хувийн эмнэлгүүдэд л хандаж эмчлүүлэхээс өөр арга алга. Хатгаа тусаад хүндэрчихвэл амь насанд нь хүртэл аюултай” гэж байлаа. Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүдийн багахан хувийг 0-1 насны хүүхдүүд эзэлж байна. 0-6 сартай хүүхдүүдэд томуугийн эсрэг вакцин хийх хориотой байдаг учраас дархлааг нь дэмжиж л энэ төрлийн вирусээс хамгаалах боломжтой аж. нялх хүүхэд багахан даарахад л дархлаа нь суларч томуу, томуу төст өвчнөөр өвдөх магадлал өндөртэй байдаг талаар эмч нар нь ярьж байлаа. Өвчилсөн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандахгүй бол хүндрэх эрсдэлтэй байдаг юм байна.

Сүхбаатар дүүргийн хүүхдийн хоёрдугаар эмнэлгээр ороход өмнөхтэй ижил зураглалтай таарлаа. Саяхан нэг давхартаа том өрөөг суллаж хүүхдийн орнуудыг байрлуулж өгчээ. Харин коридорт нь нэмэлтээр тавьсан ор харагдсангүй. Хүүхдээ сахиж буй ээж эргэлтээр ирсэн нөхөртөө “Хүү найман цагийн зайтай дусал залгуулж байна, дээрээс нь цагийн тариатай. Анх ирсэнээ санахад ханиалгах нь арай л дээрдэж байна. Гэхдээ санасанд хүртэл эдгэхгүй байна” гэж хэлж байлаа. Энэ эмэгтэй эмнэлэгт хүүхдээ сахиад долоо хонож байгаа ажээ.

Эмнэлэгт хүүхдээ сахиж буй эхчүүд үүргээ хариуцлагатай биелүүлж, хүүхдийнхээ эмийг нь цагийн хуваарийн дагуу уулгах шаардлагатай байгаа талаар эмч нар нь хэлж байлаа. сахих хугацаандаа утсаа оролдоод, нэг бол гарч тамхи татаад явчихдаг аж. Эмнэлгийн горим зөрчиж гарч яваад өөр төрлийн вирусийн халдвар тараагаад яваад байдаг гэнэ. Энэ нь ачаалалтай ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад хүндрэл учруулдаг юм байна. Эргэлтээр ирж буй хүмүүст амны хаалт, улавч зэргийг зайлшгүй хэрэглэх шаардлага тавьдаг байна.

Томуугийн А,в хүрээний таваас зургаан төрлийн вирус өнөөдөр манайд дэгдээд байгаа. Хүүхдийн хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь томуугийн А хүрээний Н1N1-ийн халдвар тусаад байгаа аж. Энэ нь томуугийн хүрээний бусад халдваруудаас хамгийн эрсдэлтэйд тооцогддог юм. Гол төлөв хүүхэд энэ төрлийн вирусээр өвддөг юм байна.

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС ТАМИФЛЮГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

Томуугаас сэргийлэх дэлхийн нийтийн сонгомол арга нь вакцин байдаг аж. Томуугийн вирус 200-гаад төрөл байдаг учраас вакцин жил бүр өөр өөр омгоор үүсдэг гэнэ. Манайх сүүлийн үед Засгийн газрын хөрөнгөөр авах вакцины тоог 120-140 мянган хүн хэрэглэх тун, Даян Дэлхий эрүүл мэндийн байгууллагаас 50-150 мянган хүн тун вакциныг авч үнэ төлбөргүй тарьдаг гэнэ. нүб-ын хүүхдийн сангаас захиалж байгаа учраас 4.5 ам.доллараар авдаг юм байна. Харин хувийн эмнэлгүүд томуугийн вакциныг төлбөртэйгөөр хийдэг гэнэ.

“Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас томуугийн эсрэг тамифлю гэх эмийг санал болгож байгаа ажээ. 2009 онд H1N1 дэгдсэнээс хойш энэ бэлдмэлийг л хэрэглэнэ, өөр орлуулж хэрэглэх ямар нэгэн бэлдмэл байхгүй” гэж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн поликлиникийн эмч У.Цэвэгмид хэлсэн юм.

Олон улсын жишигт барааны эрэлт ихсэхэд үнэ нь буурдаг. Харин манайд тамифлю гэх бэлдмэлийн эрэлт нь ихсэхэд үнэ нь дагаад өсчихжээ. Хэд хэдэн эмийн сангаар сурагласан ч эмийн санчид “Тамифлю одоогоор тасарсан байгаа” гэсэн хариулт хэлж байлаа. Тус бэлдмэл 45 мянган төгрөгөөр худалдаалагддаг. Харин курс эмчилгээ буюу 10 ширхгийг авахад 100 мянган төгрөг болдог гэнэ. Ийм үнэ өртгөөр эм худалдаж аваад уугаад байх өрх манайд цөөхөн.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх хамгийн гол арга нь дархлаагаа дэмжих гэнэ. Гол төлөв бага насны хүүхэд өвддөг тул гурван цаг тутам хооллож байх хэрэгтэй ажээ. Мөн хүүхдийг 21-22 цагийн хооронд унтуулж амраах шаардлагатай талаар эмч нар зөвлөж байна. Энэ цагт унтсан хүүхэд хангалттай амарч, маргаашийнхаа эрч хүчийг авдаг юм байна. Орой унтсан хүүхэд дархлаа нь суларч ханиад хүрэх гол хүчин зүйл болдог гэнэ.

Шинэ жилийн дараагаас томуугаар өвчилсөн иргэдийн тоо эрс нэмэгджээ. Иргэд баяраар бага насны хүүхдээ дагуулж олны хөлийн газраар явдаг, бие биенийхээрээ хэсдэгтэй холбож тайлбарлаж байв. Энэ байдлыг ажиглахад уламжлалт цагаан сарын баярын үеэр томуу, томуу төст өвчний дэгдэлт бүс нутгийн хэмжээнд бус улсын хэмжээнд дэгдэх магадлалтай талаар Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Амьсгалын замын гоц халдварт өвчний улмаас Дорнод болон Сүхбаатар аймагт бага насны хоёр хүүхэд эндсэн байна. Харин хэд хэдэн хүүхэд H1N1-ийн улмаас амь эрсэдсэн нь ташаа мэдээлэл хэмээн мэргэжлийн хүмүүс мэдэгдлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *