Categories
мэдээ цаг-үе

Ж.Батзандан: МАНАН-гийн толгойлогч огцормогц төрийн томоохон албан тушаалтнуудын томилгооны асуудлаар нийтийн сонсгол хийнэ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.


-УИХ-ын дарга буулт хийсэн гэж үзэж байгаа учраас жагсаал, цуглааныг энэ долоо хоногт хийхгүй гэсэн үү?

-Жагсаал цуглаан Сүхбаатарын талбай дээр суулт болон үргэлжилж байна. Олон зуун хүн суулт хийж, М.Энхболдыг огцруулах, алдагдсан орд газруудаа эргүүлж авах, хууль хяналтын байгууллагад их цэвэрлэгээ хийхийг шаардан, гарын үсэг цуглуулж байна.

-Өнгөрсөн баасан гаригийн чуулган, байнгын хороодын хурлын дараа талууд ойлголцож, зөвшилцсөн дүр зураг харагдсан. Эв зүйгээ ололцож чадсан уу. Нөхцөл байдал цааш хэрхэн үргэлжлэхээр байгаа вэ?

-Энэ бол ганцхан М.Энхболдыг огцруулах гээд байгаа асуудал биш л дээ, МАНАН дэглэмийн эсрэг тэмцэл. Монголд тогтолцооны шинэчлэл, бодлогын өөрчлөлт хийх тэмцэл юм. Нэгдүгээр сарын 10-нд Сүхбаатарын талбай дээр жагссан 50 мянган хүн том өөрчлөлтийг хүсч гарч ирсэн. Түүнээс ганцхан М.Энхболдыг огцруулахын төлөө ирээгүй. Тэд газрын хэвлийн баялаг Монголын ард түмний өмч гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг шаардаж байна. МАНАН хэмээх мафийн сүлжээний бий болгосон шударга бусын хонгилыг нурааж, барьцаалагдсан төрөө аврахыг хүсч байгаа.

Эдийн засаг, санхүүгийн мөлжлөгийн системийг зогсооё гэж иргэд нэгдсэн. Өндөр хүүтэй банкны зээлээр Монгол Улс цааш хөгжих боломжгүй. Эрх баригчид нь бизнес эрхлэгчдээ айлган сүрдүүлэх замаар өмч хөрөнгө, бизнесийг нь дээрэмддэг байж болохгүй. Эдийн засгийн систем бүхэлдээ колоничлолын шинжтэй болсныг ч онцолж байна. Колоничлол гэдэг нь цөөхөн гэр бүл баяжиж, олонх нь ядуурахыг хэлдэг. XX зуунд колоничлогч орны эзэд баяжиж, колоничлогдож байгаа улс нь ядуурч байв. Иргэд маань эдийн засаг, санхүү, бизнес, улс төр нийгмийн том реформыг шаардаж байна. Цаг нь болсон ч гэж харж байгаа.

-Тэгэхээр М.Энхболд даргыг огцруулснаар өөрчлөлт эхэлнэ гэж үү?

-МАНАН бүлэглэлийн мафийн толгойлогч нь УИХ-ын дарга М.Энхболд юм. Ц.Элбэгдоржийн байгуулсан энэ системийг нураах ёстой гэж олон нийт үзэж байна. Манжийн дарлалыг нураахын тулд Манжийн амбаныг Монголоос хөөж явуулсан. Яг түүн шиг МАНАН-гийн амбаныг огцруулах ёстой. Өөрчлөлт дээрээсээ явдаг юм. М.Энхболд огцорсноор том өөрчлөлт эхэлнэ.

-Өнөөдөр (өчигдөр) байнгын хороод мөн л хуралдсангүй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэх үү?

-Энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын дэг, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж батлах ёстой. Талууд энэ тал дээр ойлголцолд хүрсэн гэж харж байгаа. ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан, биелүүлэх үүрэгтэй. Энэ долоо хоногт энэ хууль батлагдаж, ирэх долоо хоногт М.Энхболд дарга огцрохгүй бол тэмцэл үргэлжилнэ. 50 мянган иргэн 100 мянга болж гарч ирнэ. Улс төрийн тэмцэл улам ширүүснэ. УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын даргын асуудлыг парламентын түвшинд шийдье гэсэн. Гэвч “үгүй” гэсээр хоёр сар гэдийж байгаа УИХ-ын даргыг дахиж гуйхгүй. Ард түмэн ч “Одоо дахин гуйх шаардлага байхгүй” гэж хэлж байгаа. М.Энхболд дарга хуулийн хүрээнд огцоръё гэж хүссэн. Ерөнхийлөгч аргаа бараад хууль санаачилж өгч байна. Огцрох эрх зүйн болон хүссэн орчныг нь бүрдүүлж өгсөн. Дэлхийн түүхэнд хэзээ ч ийм зүйл байгаагүй. Энэ хүн огцрох ёстой, өөр арга байхгүй.

-Та бүхэн хууль санаачлаад өргөн барьж болоогүй юм уу. УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаас илүү чуулганыг хуралдуулахгүй байх сонирхол жагсаал зохион байгуулагч гишүүдэд байсан уу гэх хардлага байна л даа.

-Тийм зүйл байхгүй. Хууль санаачлаад өргөн барихдаа Хууль тогтоомжийн тухай хуульд заасан 35 бүрдүүлбэрийг бүрдүүлэх ёстой. Хэрвээ бид хуулийн төслийг санаачлаад өргөн барьсан бол тэр нь, энэ нь болохгүй байна гээд л буцаах байсан. Ерөнхийлөгч бол яаралтай дэгээр хэлэлцүүлэх онцгой эрхтэй субьект. Ерөнхийлөгч өргөн барьчихаад байхад ингэж гацааж байна шүү дээ. ҮАБЗ-ийн зөвлөмж гарчихсан байхад хуулийн төслийг хойшлуулсаар л байна. УИХ хуулийн төслийг нэг өдрийн дотор ч баталж гаргаж болдог. Их хурлын дарга өөрийгөө огцруулах хуулийг яаж ч гацааж чадна. Ямартаа ч гудамжинд 50 мянган иргэн жагсаж байж, Ерөнхийлөгчийн дэмжлэгээр асуудал жаахан ч гэсэн урагшилж байна даа. Өөрийнхөө хүсэлтээр огцрох эрх нь М.Энхболд даргад одоо ч гэсэн бий. Хууль, хуулийн гарц өнөөдрийг хүртэл нээлттэй хэвээр л байгаа.

-Тэрээр огцорсон ч дараагийн гарч ирэх хүн нь хуулийн дагуу тодорхой, хууль хяналтын байгууллагын удирдлагыг томилно. Хүнийг нь гэхээсээ илүү тогтолцоог нь өөрчлөх ёстой гэж байгаа хүмүүс ч байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Би болон бид, монголчууд дандаа ирээдүйдээ ит-гэдэг. Өнөөдрийн тэмцэл маргаашийн сайн сайхны төлөө гэдэгт үргэлж итгэсээр ирсэн. М.Энхболдыг битгий өөрчил, тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй гэж хэлж байгаа гутранги хүмүүстэй би хэзээ ч санал нийлэхгүй. Би дандаа өөрчлөлт, шинэчлэлтийн талд зогсох болно. Мууг өөрчилж байж сайн нь ирэх боломжтой. Ингэж байж нийгэм хөгждөг юм.

-Эрх баригч намын хагарал ЖДҮ, 60 тэрбумаараа хуваагдсан. Та бүхнийг ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг хаацайлж байна гэх юм.

-ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүсийг өмгөөлсөн нэг ч гишүүн бидний дунд байхгүй.

Гэхдээ өнөөдөр МАНАН-г эхэлж зайлуулах уу, эсвэл ЖДҮ-г үү гэдэг тэмцэл болж байна. Би хоёуланг нь зайлуулахыг хүсч байгаа. Гэхдээ улс төрийн нөхцөл байдалд аль нэгийг нь түрүүлж зайлуулах шаардлагатай байна. ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг түрүүлж зайлуулбал МАНАН үлдэнэ. УИХ-д МАНАН-гийнхан олон болно гэсэн үг. УИХ-д МАНАН-гийнхан олон болбол хууль хяналтын байгууллага, баялаг ордууд тэдэнд үлдэнэ. Би үүнийг хүсэхгүй байна. Монголын ард түмэн МАНАН-гийн дор 20-иод жил зовж, тарчиллаа. Тиймээс бид эхлээд МАНАН-гийн луйварчдыг Монголын төрөөс зайлуулах ёстой. ЖДҮХС-гийн зээл бол баримт нотолгоотой хэрэг. Түүнийг дараа нь зайлуулж болно, амархан.

-УИХ-ын даргыг УИХ-ын гишүүд өөрсдөө сонгодог. М.Энхболдыг эсэргүүцэж байсан юм бол яагаад тэр үед сонгосон юм бэ?

-Би МАНАН-гийн тухай олон жил ярьж байгаа. Би өнгөрсөн жил МАНАН-гийн хуяг Б.Хурцын талаар нийтийн сонсгол хийснийг тах бүхэн мэдэж байгаа байх. Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайд болгож болохгүй, энэ хүн Европоос хүн хулгайлах гэмт хэрэгт холбогдсон, тэндээ тамхины наймааны хэргээр шалгагдсан, олон хүнийг хэлмэгдүүлж шоронд хатаасан гэдгийг хэлж байсан. Тэр бол МАНАН-гийн хуяг. М.Энхболд гишүүдийнхээ үгэнд орохгүй, нийтийн сонсгол зохион байгуулахгүйгээр Б.Хурцыг томилсон. БНСУ-ын ерөнхийлөгч Б.Хурцын томилгоог хүлээж авахгүй жил болж байна. Үүний дүнд Б.Хурц эргэн ирж байгаа. МАНАН-гийн бузар томилгоонуудын нэг нь энэ юм. БНСУ-д байх монголчууд нэг жилийн турш элчин сайдгүй байлаа. Энэ бол МАНАН-гийн хийсэн гэмт хэрэг. Төр ард түмэндээ үйлчлэх үүрэгтэй байгууллага шүү дээ. МАНАН-гийн толгойлогчийг унагасны маргаашнаас эхлээд төрийн томоохон албан тушаалтан, хууль хяналтын байгууллага, элчин сайд нарын томилгоо болгон дээр нийтийн сонсгол явуулна. Бүх зүйлийг ил болгоно. Хууль хэрэгжиж эхэлнэ. Үүний төлөө л бид тэмцэж байгаа юм.

-Таныг эхнэрийнхээ нэр холбогдсон асуудлыг цайруулах гэж ингэж тэмцэж байгаа гэх яриа бий. Мөн Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг найздаа ЖДҮХС-гаас зээл авч өгсөн, Л.Болд гишүүнийг банк руугаа их хэмжээний мөнгө татсан ч гэж байна. Энэ бүхэн хэр үндэслэлтэй юм бэ?

-Улстөрч хүний хувьд Монголын нийгэм, ард түмний эрх ашиг нэн тэргүүнд байх ёстой. Өчүүхэн эрх ашгийн төлөө явдаггүй юм. Тэгж явдаг улстөрчид байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ Монголын ард түмэн Батзандан гэж хэн бэ гэдгийг мэднэ. Би Монголын ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Ах, дүү, авгай хүүхдийнхээ эрх ашгийг хоёрдугаарт тавьдаг. Намайг юу ч гэж доромжилсон, муу хэлсэн би ухрахгүй. Асуудал байдаг бол хууль хяналтын байгууллага нь шалга, тогтоо. Шорондоо хатаа. Би айхгүй. Би Монголын улс төрд арав гаруй жил тэмцэж байна. МАНАН бүлэглэл миний амыг таглах гэж надад Эрүүгийн хуулийн дөрвөн зүйл ангиар цаазын ял өгч, шоронд суулгаж байсныг Монголын ард түмэн мартаагүй байгаа. Би арчаагүй, аймхай хулчгар хүн байсан бол өдийд улс төрөөс яваад өгчих байсан. Би Монголын улс төрийг цэвэрлэж, шударга ёс, хариуцлагатай нийгмийг тогтоох гэж ирсэн хүн. Түүнээс МАНАН-гийн бүлэглэлийн гар, хөл болох гэж, үйлчлэх гэж ирээгүй.

-УИХ тарах нь зөв гэдгийг сөрөг хүчний зүгээс илэрхийлж байгаа. Та УИХ тарахыг дэмжих үү?

-Нэгдүгээрт, УИХ-ын даргыг огцруул. Хоёрдугаарт, баялаг ордуудаа ав. Гуравдугаарт, прокурор, шүүх, АТГ-ын удирдлагуудыг өөрчилсний дараа УИХ тарж болно. Ийм л зүйлийг би хэлж байгаа. АН-ын бүлэг УИХ-ыг шууд тараах тухай ярьж байна. УИХ-ыг тараагаад МАНАН-гийн системээ авч үлдье гэж АН-ын зарим нэг МАНАН бүлэглэлийн гишүүд яаруу сандруу гарын үсэг цуглуулж байгаа. МАНАН-гаа авч үлдэх гэж түүнтэй тэмцэж буй 40 гишүүнийг тараах тухай асуудлыг л ярьж байгаа юм. Би үүнийг тэнэглэл гэж харж байна. Бас заль гэж харж байна. Монголын ард түмний хүсэл зориг бол МАНАН-г устгах юм. Үнэхээр УИХ-ыг тараахыг хүсч байгаа бол МАНАН-гийн 30 гишүүн УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ өгчих. Дараа нь бид өгье.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *