Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргааш ​Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ой тохионо

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ой баяр маргааш буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож байна.

Одоогоос 27 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын нийгмийн харилцааны язгуур үндэс болсон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй ардчилсан хүмүүнлэг төр засагтай Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг тунхаглан баталсан юм.

Монголчууд нэн шинэ түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталжээ. 1992 оноос өмнөх гурван удаагийн Үндсэн хууль нь тус тусдаа үүргээ гүйцэтгэж ирсэн түүхтэй. Харин өмнөх гурван Үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны болон социалист маягийн Үндсэн хуулиуд байсан билээ. Тэгвэл, 1992 оны шинэ Үндсэн хууль нь манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан хүмүүнлэг Үндсэн хууль хэмээн Монголын ард иргэд хүлээн зөвшөөрдөг.

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуультай болоход тухайн үедээ улс төрийн олон намын төлөөлөлтэйгээр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан гар бие оролцон баталж тунхагласан. Мөн шинэ Үндсэн хуулийг батлалцах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байсан билээ.

Монголын нийт ард түмний өргөн оролцоотой хэлэлцэж баталсан шинэ Үндсэн хуулиар нийгэм, эдийн засгийн харилцаанд төдийгүй хувь хүн, гэр бүл, нийгмийн салбарт хөгжил дэвшлийг авчирч, дэлхий дахинд Ардчилсан Монгол Улс хэмээн үнэлж, харилцах болсон билээ. Тиймээс ч шинэ Үндсэн хууль бол Монголын нийт ард түмний хамтын оюун санааны бүтээл юм.

Өнгөрсөн хугацаанд хүний эрх, эрх чөлөө, парламентат ёс, эрх зүйт төр, сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, ил тод байдал, шударга өрсөлдөөн, олон нийтийн мэдээллийн эрх чөлөө, нутгийн өөрөө удирдах ёс, олон тулгуурт нээлттэй гадаад бодлого зэрэг ардчиллын тулгуур үнэт зүйлс шинэ Үндсэн хуулиар эрх зүйн хувьд баталгаажиж, тэдгээрийн хэрэгжилтийн явц, үр дүнгээр өнөөгийн Монгол Улсын хөгжлийн өнөөгийн өндөрлөг, өнгө төрх, цаашдын ирээдүйг цогцлоон бүтээж ирсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *