Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ламжав: Үндсэн хуулийн алдааг засахгүй бол эцэстээ улс орон аюултай байдалд хүрнэ

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ой энэ ням гаригт тохиож байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депатутын нэг Д.Ламжавтай ярилцлаа.


-1992 оны нэгдүгээр сарын 13-нд Монгол Улс Үндсэн хуулиа баталж байжээ. Таны хувьд Үндсэн хууль батлалцаж явсан хүний нэг. Монгол Улс шинэ Үндсэн хуулиа хэрхэн баталж байв?

-Хүйтэн дайн төгсгөл болох он жилүүд үргэлжилж байлаа шүү дээ. Энэ зөвхөн Монголд бус дэлхийг хамарсан үйл явдал. Монголд Үндсэн хууль баталсан энэ өдрийг дэлхий дахинаас салангид авч үзэх бололцоогүй юм л даа. Өөрөөр хэлбэл, коммунист дэглэм нуран унасан хэрэг. Том хэмжээний дайн болсонтой зүйрлэхүйц сүйрэл юм. Хэдийгээр энэ үед Монгол Улсад цус урсаагүй гэж ярьдаг боловч дэлхий дахинд тийм л зүйл болсон юм.

1992 он батлагдсан Үндсэн хуулиас өмнө маш чухал үйл явдал болсон. 1990 онд Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль гэж батлагдсан юм. Уг хууль нь эрх зүйн хувьд онцгой их үүрэгтэй байсан. Тухайлбал, Ардын их хурал ээлжит бус сонгууль зарлаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтүүд оруулсан. Үзэл суртлын хувьд Марксист-Ленинистийн сургаалыг удирдлага болгоно гэсэн заалтаас татгалзсан. Үндсэн хуулиас энэ үзэл баримтлалыг авч хаясан. Байнгын ажиллагаатай парламентыг бий болгосон. Тэр нь Улсын бага хурал юм. Улсын бага хурал 50 гишүүнтэй, үүн дээр нэмэгдэх удирдлагын гурван гишүүнийг нь ардын Их Хурлаас шууд сонгож байсан. Ардын их хурлын ээлжит сонгуулийг зарласан. Энэ хуулиар Монгол Улс анх удаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай болсон. Байнгын ажиллагаагүйг нь 430 суудалтай, Ардын Их Хурал юм. Ардын Их хурал нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, батлах эрх мэдэлтэй байв. Мөн гол чухал албан тушаалд томилох үүргийг хариуцдаг байсан. бага хуралд Үндсэн хуулиас батлах бусад эрхийг олгосон. Ийм Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль байсан.

Манай өмнөх Үндсэн хууль “Коммунизмын үед төрийн эрх мэдэл Үйлдвэрчний эвлэлд шилжсээр байгаад төр үгүй болно,улс орныг зөвхөн Үйлдвэрчний эвлэлийн байгууллага удирдаад явна” гэж төгсдөг байсан. Харин Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль шинэ Үндсэн хуулийг батална гэж төгсдөг.

Бага хурал, Ардын Их хурлын бүрэн эрхийн хугацаа таван жил байсан ч шинэ Үндсэн хуулиа баталж, түүн рүүгээ шилжье гээд бүрэн эрхээ хоёр жил эдэлсэн. Улмаар сонгууль зарлаж, шилжилт хийсэн түүхтэй.

-Шинэ Үндсэн хуулиа батлахдаа алдсан зүйл нь юу байв?

-Бага хурлын 1991 оны хаврын чуулганаар Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн. Одоогийн Үндсэн хуулийн 10.4-т олон улсын гэрээний асуудалтай холбогдсон заалт бий. Монгол Улс цаазаар авах ялын эсрэг Иргэний болон улс төрийн эрхийн фактын хоёрдугаар нэмэлт протоколд нэгдсэн. Үүнд нэгдэх тухай УИХ-ын хуулийг хүчингүй болгохоор Цэц дээр маргаан үүсчихсэн, хурлаа хүлээж байгаа юм билээ. Үндсэн хуульд Монгол Улс өөрийн нэгдэн орсон олон улсын гэрээг шударгаар сахин биелүүлнэ гэж заасан байдаг. Харин 10.4-т Үндсэн хуулийг зөрчсөн олон улсын гэрээг дагаж мөрдөхгүй гэсэн агуулга бий. Энэ маш том алдаатай заалт Үндсэн хуульд орчихсон юм. Энэ заалтад тулгуурлаад хоёрдугаар протоколд нэгдсэн орсон хуулийг хүчингүй болгох гээд байгаа хэрэг. Асуудалд ингэж хандах нь эрх зүйн үүднээс том алдаа болно. Энэ заалт хэрхэн орсон тухай ярья л даа. Улсын Бага хурал дээр Үндсэн хуулийн төслийн олон улсын гэрээтэй холбоотой заалтыг хэлэлцэж байх үед нэгэн асуудал яригдсан юм. XX зууны эхээр Монгол Улсын автономыг устгасан гурван улсын гэрээний тухай асуудал боссон хэрэг. Буурын гэрээ ч гэдэг юм даа. Бага хурлын гишүүд “Олон улсын гэрээгээр манайд хохирол учирвал яах юм бэ” гэдэг асуудлыг ярилцсан. Үүнийг засах арга нь дээр дурдсан заалт байсан. Ингээд л Үндсэн хуульд орчихсон.

Гэтэл манай улс 1989 онд олон улсын гэрээний эрхийн тухай Венийн конвенцид нэгдчихсэн байсан. Тэр гэрээний эрхийн тухай конвенцид “Тухайн улс олон улсын гэрээгээ биелүүлээгүйгээ зөвтгөхийн тулд дотоодынхоо хууль эрхийн актаас эш татаж болохгүй” гэсэн байдаг. Үүнээс Бага хурлын гишүүдийн санааг зовоосон зүйл хэрхэн зохицуулагдах вэ гэдэг асуудал урган гарч ирнэ. Азаар гэрээний эрхийн тухай конвенцид тэр зүйлийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Маш олон заалт бий. Тухайлбал, “Улсын төлөөлөгчийн хахууль дахь, айлган сөрдүүлэх замаар гэрээ байгуулагдсан тохиолдолд тухайн гэрээ эрх зүйн ямар ч ач холбогдолгүй” гэсэн байдаг. Бидний бодож байснаас илүү олон заалт тус конвенцид бий.

Түүнчлэн, хоёрдугаар дайны дараа НҮБ байгуулагдаж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан. Улмаар хоёр чухал факт батлагдсан. Нэг нь Иргэний болон улс төрийн эрхий тухайн тухай факт юм. Энэ факттай холбоотой нэгдүгээр нэмэлт протокол гэж бий. Мөн дээр дурдсанчлан цаазаар авах ялын эсрэг хоёрдугаар нэмэлт протокол юм. Уг протоколд нэгдсэн орсон улсыг ямар нэгэн байдлаар эргэн гарах механизмыг хийгээгүй байдаг. Зориуд хийгээгүй гэж хэлж болно. Маш ухаантай хүмүүсийн хийсэн мундаг протокол л доо. Тийм учраас уг протоколоос Монгол Улс гарснаараа байдал сайжирна гэж ойлгох нь маш өрөөсгөл. Нөгөө талаар Монгол Улс шиг жижиг улс олон улсын эрх зүйтэй байлдаад байж болохгүй. Танхай улсын тоонд орно. Хэр хэмжээгээ мэдэхгүй танхайрах нь сайнаар нөлөөлөхгүй.

-Бага хурлын гишүүд уг конвенцид нэгдэн орсноо мэдээгүй учир Үндсэн хуульд тэрхүү заалтыг оруулчихсан гэдэг байх аа?

-“Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээг дагаж мөрдөхгүй” гээд заачихсан. Гэтэл хойд талд нь “Үндсэн хуулийн хэрэгжилтэд дээд хяналт тавих байгууллага бол Цэц” гэчихсэн. Тэгэхээр олон улсын гэрээг Цэц хянах хэрэгтэй болж таарна биз дээ. Үндсэн хууль зөрчсөн гэх шалтгаанаар Цэц хүчингүй болгох заалт орчихсон байдаг юм. Их нарийн асуудал юм л даа.

Үндсэн хуулийн төсөл хэлэлцэж байх үед манайх олон гэрээ, конвенцид нэгдэн орчихсон байсан. Гэсэн ч тэр нь монгол хэл дээр нийтлэгддэггүй. Зөвхөн Гадаад харилцааны яамны Гэрээ эрхийн хэлтэс дээр эх хувиараа хадгалагддаг байж. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг гэж их л зүйл болж байсан. Хэлэлцүүлэг ч явсан. Ухаандаа хамгийн түрүүнд Гадаад харилцааны яамнаас ийм алдаа байна шүү гэдгийг хэлэх ёстой биз дээ. Тийм зүйл ирснийг лав л би үзээгүй. Ирсэн бол Бага хурал дээр яригдах л байлгүй дээ. Ардчиллыг хөгжүүлэхэд хэрэг болсон олон гэрээнд нэгдэн орсон нь хэдийгээр хэрэглэдэггүй ч ач тустай гэдгийг би хэлдэг юм. Түүнийгээ хэрэглэж чадаагүй нь тухайн үеийн төрийн тогтолцооны асуудалтай холбоотой. Бидэнд учирсан бэрхшээл юм.

-Үндсэн хуулийн ололттой талууд бишгүй л байсан нь мэдээж. Тэднээс онцолж дурдмаар нь юу байна вэ?

-Хэтэрхий том өөрчлөлт. Хувийн өмчийг зөвшөөрдөггүй бүр устгасан тогтолцоонд байлаа шүү дээ. Бид өмнөх Үндсэн хуулиа ойлгох хэрэгтэй. Би диалектик материализмыг заалгаж, хүнд шалгалтуудыг нь өгч байсны хувьд түүнийг сайн санадаг юм. Анхдугаар буюу 1924 оны Үндсэн хуулийн сайн тал нь Бүгд найрамдах улсыг тунхагласан. Үе залгамжлан засгийн эрхийг үндсээр нь үгүй хийсэн. Нийгмийг анги давхаргаар нь хуваасан. Хар, шар феодал, дарлагдсан анги гэж хуваагдсан юм. Дарлагч анги, хар, шар феодалуудыг устгах зорилго тавьсан. Улс төрийн эрхүүдийг нь ч хассан. Бусдын хөдөлмөрийг мөлжигч гэх зэргээр айхавтар нэр томьёо хэрэглэнэ шүү дээ. Мэдээж шинэчлэл явагдсан. Харин 1940 онд Х.Чойбалсангийн Үндсэн хууль батлагдсан. Тус хуульд Монгол Улс хөрөнгөтний бус хөгжлийн зам дээр баттай зогслоо гэсэн байдаг. Мөн “Хувийн өмч дарлагч ангийг бий болгох хамгийн аюултай эх үүсвэр юм. Тиймээс хувийн өмчийг устгана” гэсэн зорилго тавьсан. Тухайн үед өсгөн нэмэгдүүлэх албан татварын шинэ тогтолцоог баталсан. Энэ татварын тогтолцоог Зөвлөлтийн нэг хүн Ю.Цэдэнбал хоёр хийсэн гэдэг юм. Малын тооноос хамаарч татварын хэмжээ харилцан адилгүй байсан. Энэ механизм үйлчилж эхэлснээр мал ихтэй айлууд татвараа төлж чадахгүй өрөнд ордог байсан даа. Татвараа төлөхгүй бол Эрүүгийн ял авна шүү дээ. Сүү, ноос, мах дутуу гээд л яах учраа олохгүй байдал олон гарна. Бид бага байсан ч тэр стрессийг мэдэрдэг байсан. Нийгэмд дарамт бий болсон л доо.

Ингээд нэгдэлжих хөдөлгөөн өрнөж эхэлсэн. Энэ нь ялнаас салгах нэг арга болж хувирсан хэрэг. Манай авга эгч нэлээд их малтай хүн байсан. Үргэлж татвар нь дутна. Эгч маань “Бүх малаа нэгдэлд өгчихөөд буцаж явахдаа бүх зүйл сайхан болчихсон юм шиг санагдаж байсан” гэж ярьж байсан. Харин малыг нь хүлээж авч байсан нэг нөхөр “Нэг хонь дутуу байна” гэж ярьж байсан гэдэг. Нэгдэлжих хөдөлгөөнийг 1959 онд хийгээд дууссан л даа. Гэхдээ энэ хуулинд сайн зүйлүүд ч байсан л даа. Жишээ нь, би гэхэд улсын мөнгөөр сургуульд сурсан. Над шиг малчны олон хүүхэд мэргэжил эзэмшсэн.

-Тэгвэл 1960 оны Үндсэн хуулийн онцлог нь юу байв?

-Марксизм-ленинизмээр удирдуулсан МАХН Монгол Улсыг удирдана, түүний хяналтын гадуур юу ч байх ёсгүй гэж байв. Шинэ хүнийг бий болгоно гэж байсан. Шинэ хүн “Хэрэгцээнийхээ хэрээр улсаас үнэгүй зүйл авна, чадлынхаа хэрээр хөдөлмөрлөнө” гэсэн агуулгатай. Би Их сургуулийн оюутан болчихсон байлаа. Манай багш нар “1990 он гэхэд социалист орнууд бүгдээрээ коммунизмд нэгдэн орно” гэж хэлж байсан. Бид санаа зовоод л муугаараа манайх хоцорчих вий гэхэд “Бидэнд тусалж дэмжээд хамт аваад орно” гэж билээ. Гэтэл 1990 онд коммунизм нь нуран унасан. Тухайн үед “Сталин мэтийн хүмүүс марксизм-ленинизмийг буруу зүгт мушгин гуйвуулсан учраас ийм байдалд хүрлээ. Лениний онолыг хэрэгжүүлсэн бол болох байсан юм” гэж яригдсан. Ухаантай хүмүүс “Ленин, Сталин хоёрыг хаагуур нь салгах юм бэ” гэсэн байдаг. Салшгүй зүйл байхгүй юу. Би энэ бүхнээр юу хэлэх гээд байна вэ гэвэл Үндсэн хуулиас гадна Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль гэж их чухал хууль байсан юм. Социализмын үеийн Ардын Их хурлын депатутууд баталсан юм шүү дээ. Ингээд хөдөлгөөн үүсч, би ч тэрний нэг оролцогч байлаа. Ер нь бол хувьсгал тайван өрнөх бололцоо бүрдсэн.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээр яригдаж буй. Өөрчлөлт хийх цаг нь болсон уу?

-Үндсэн хуульд алдаанууд бий. Заримыг нь дээр дурдлаа. Алдааг засах зүгт ажил хийх хэрэгтэй. Удахгүй хийх хэрэгтэй. Удах тусам нөхцөл байдал хүндэрч эцэстээ улс орон аюултай байдалд хүрч болно.

-Эрх баригч нам хагаралдаж улс төрд хямралтай байна. Үүнийг шилжилт болж байна гэж тайлбарлах хүмүүс ч байх юм. Таны хувьд юу гэж харж байгаа вэ?

-Би үүнээс ямар ч шилжилт олж харахгүй байна. Үүнийг манлайлагчдын хэлж байгаа үгнээс л харахад ямар ч үзэл бодол, концепци алга. Засах зүйл байгаа юу гэвэл мэдээж тийм. Авлигалын асуудал хурцаар тавигдаж байна. Энэ асуудлыг хямгадах тухай 1997 оноос яригдсан байдаг. Үүнийг дутуу шийдсэн учраас өнөөдрийн энэ байдалд хүргэсэн байх. 1996 онд Сингапурын болоод Хонгконгын авлигын эсрэг ажиллаж байсан нэртэй судлаач, экспертүүд ирж судалгаа хийсэн юм. Монголд авлига газар авахад ойрхон байна гэж дүгнэн, АТГ-ыг байгуулах ёстой гэж байсан. Тухайн үеийн төрийн томчууд ч тэр нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байсан. Тэдгээр судлаачид “Авлигалыг дээрээс нь цэвэрлэдэг юм” гэсэн зарчмаар ажиллах ёстой гэдгийг хэлж байлаа. Сингапурт АТГ-ыг байгуулаад хамгийн түрүүнд цагдаагийнхаа даргыг барьж байсан гэдэг.

Тухайн үед би Авлигалын эсрэг хуулийн төсөл дээр ажиллаж байснаа санаж байна. Тэр үед Хонгконгийн төлөөлөгч мөн ирж, зөвлөгөө өгсөн. Тэрээр “АТГ өөрийнхөө олсон хэргийг өөрөө барьж шүүх рүү орох ёстой. Прокурорын хяналт байж болохгүй” гэдэг байв. Шатны дээд тавцанд байгаа нь авлигалд илүү өртдөг. Гэтэл тэрний зөвшөөрлийг авч авлигын хэргийг шалгана гэдэг өрөөсгөл гэсэн үг. Мөн “АТГ-т олон түмэнтэй харилцах хэсэг байх ёстой. АТГ-ын дарга хэргийг хэрэгсэхгүй болгохдоо энэ олон нийтийн хэсгээс зөвшөөрөл авах хэрэгтэй” гэсэн. Одоо АТГ-ын олон нийттэй харилцах хэсгийг Баасан удирдаад байна шүү дээ. Уг хэлтсийн үүрэг нь ердөө тэр байх юм. Тэр хуулийн төсөл дээр энэ санаануудыг тусгаж, Их хурлын архивт өгсөн л дөө. Сүүлд нь Засгийн газар солигдоод манай Авлигын эсрэг хууль явж, явж 2006 онд батлагдсан. Гэхдээ өмнөх хуулийн төслийн үзэл санааг аваагүй. “Их мөнгө хараад өөрчлөгддөггүй хүн тун ховор шүү” гэдгийг ч тэрхүү Хонгконгийн төлөөлөгч хэлж байсан. Тэр ч үнэний ортой. Авлигатай тэмцэнэ гэдэг хэцүү ажил л даа. Хуулийг сахиж, эмх замбараатай байхгүйгээр шударга ёсны тухай ярина гэдэг бүтэшгүй. Шударга ёс гэдэг чинь хөлөөр хөглөрч байдаг зүйл биш байхгүй юу.

-УИХ-ын даргыг огцрохыг шаардаж байна. Ерөнхийлөгч ч хуулийн төсөл өргөн барьчихлаа. Энэ нь төрийг хямралаас гаргах гарц мөн үү?

-Аль нь хууль зүйн илүү үндэслэлтэй юм. Энэ нь л асуудал шүү дээ. Жишээ нь, УИХ-ын гишүүн хэдэн зуугаараа өлсгөлөн зарлахыг удирдаж болох уу. Монголын түүхэнд өлсгөлөн зарлаад амжилт олсон ганц л жишээ бий. Тэр нь 1990 оны гуравдугаар сард зарласан өлсгөлөн. Нийгмийн нөхцөл байдалд үндэслэл байсан учраас үүнийг дэмжсэн. Бид 1990 оныхоо ололтыг тордох ёстой болохоос биш 100 хувь үгүйсгэж болохгүй. Болохгүй зүйлүүдээ хамгийн дөт аргаар засах хэрэгтэй байна. Тэр үеэс хойш олон өлсгөлөн зарласан. Би янз бүрийн байдлаар бүгдийг нь зохицуулахад оролцож байсан. Тэр бүх өлсгөлөн амжилтгүй болсныг сайн мэдэх юм. Ер нь өлсгөлөн зарлаж байгаа хүн өөрөө үхье гэж боддоггүй юм аа. Хамаагүй ийм дэврүүн байж болохгүй.

-Олон нийт ингэж тэмцсэнээрээ шударга ёс тогтоох нь гэж итгээд байх шиг байна л даа.

-Шударга ёсыг хэрхэн тогтоох үзэл баримтлалаа сайн гаргаж тавих ёстой. Одоо бол хөөрлийн түвшинд байна л гэж бодож байна. Магадгүй нэг хэсэг нь муухай юм хийсэн байж болно оо доо. Одоо байж байгаа байдлыг харахад юм булаацалдах, олж авах үзэгдэл байх шиг байна уу гэмээр. Үнэхээр засч, залруулах бодлого байна уу гэдгээ гаргаж тавих ёстой. Би бол юманд итгэхээ больчихсон хүн шүү дээ. Магадгүй би олон юм үзсэн байх шиг байна. Хуурамч зүйлүүд их үзчихсэн. Хуурамч зүйл юу болж хувирдгийг мэдэж байж болох юм. Тэгэхээр 1990 оны эсэргүүцлийн түвшний юм хийж байна. Аймар хоцрогдсон арга шүү дээ. Төрийн эрх барьж байгаа хүмүүс нийгэмд эсэргүүцлийн хөдөлгөөн зарлаж болохгүй.

-Сөрөг хүчний зүгээс УИХ-ыг тарах шийдвэрийг гаргачихлаа. УИХ тарах нь зөв үү?

-Үндсэн хуульд заасан заалтаараа тарахаар бол тарна л биз. Тарах дээрээ тулахаар чадахгүй байх л гэж бодож байна. Уг нь хууль зүйдээ нааштай өөрчлөлт хийх тэр үүргээ биелүүлээд бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавал илүү тайван байх болов уу. Энэ бол нийт улсын эрх ашгийн асуудал юм л даа.

-Эрх баригчдын хагаралдаантай холбоотойгоор янз бүрийн л булхай луйвраа ээлж дараалан дэлгэж байна. Хамгийн сүүлд Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжавтай холбоотой асуудал дэгдлээ. Энэ талаар таньд сонссон зүйл юу байна?

-Баривчилгаа зэрэгт намчирхсан байдлаар хандахгүй бол сайн байна. Улс төрөөс хараат бусаар асуудалд хандах хэрэгтэй гэж хэлмээр байгаа юм. Улс төрийн байдлаар хандлаа гэж хэлж байгаа юм биш шүү. Ер нь бол тийм байх нь зүйтэй л гэсэн үг. Ер нь шударга ёс яриад байгаа хүмүүс өөрсдөө олон факттай гэж бодож байна. Чих дэлссэн юм зөндөө л байдаг юм. Одоо өдөөн хатгалт хийгээд байгаа тал нь үүнийгээ зогсоох хэрэгтэй.

Ер нь эрх мэдэлтэй байхдаа ухаалаг, болгоомжтой байх шаардлагатай. Тэр үедээ олгогдсон бүрэн эрхээс хаяж зугтах үзэгдэл байж болохгүй. Үүний цаана нийгмийн эрх ашиг байдаг. Дээрээс нь хариуцлагаа үүрэх ёстой. Журам сахиулж байгаа цагдаа ажлаа орхиод явахтай л адил шүү дээ. Тиймээс асуудлуудад эрх зүйн үүднээс хандах учиртай. Дахин хэлэхэд хууль сахих, эмх замбараатай байдал байхгүй тохиолдолд шударга ёс хоосон зүйл.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *