Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах зарлигт:

“Мал аж ахуй, ургамал хамгаалал, газар тариалан, мал эмнэлэг, нийгэм, эдийн засгийн чиглэлийн дээд боловсролтой мэргэжилтнүүдийг тасралтгүй бэлтгэж, тус салбаруудыг системтэй, үр өгөөжтэй хөгжүүлэх боломжоор хангаж, сургалт судалгааг хослуулан Монгол Улсын хөдөө, аж ахуйн хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан сургуулийн үе үеийн ажилтан албан хаагч, багш эрдэмтдийн хичээл зүтгэлийг үнэлж Хөдөө, аж ахуйн их сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Энэхүү зарлигийг уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг сургуулийн туганд хүндэтгэлтэйгээр зүүн өгч, батламж гардууллаа. Мөн тус сургуулийн эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгч, оюутан суралцагч, ажилчдад баяр хүргэж үг хэлэв. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Улсын эдийн засаг уул уурхай гэсэн ганц салбараас хараат байх нь олон эрсдэлтэйг та бид харж байна. ХАА нь Уул уурхайгаас дутахааргүй ашигтай салбар бөгөөд Монгол улс үе шатанд дэвшихийн тулд ХАА-ыг өндөр түвшинд хөгжүүлэх шаардлагатай” хэмээн онцлон дурдсан юм.

Тус сургууль 61 жилийн тэртээ МУИС-ийн Мал эмнэлэг, Зоо техникийн тэнхимээс салбарлан Мал эмнэлэг, зоо техник, агрономи гэсэн гурван ангитай Хөдөө Аж Ахуйн Дээд сургууль байгуулагджээ. Өнөөдөр тэд таван бүрэлдэхүүн сургууль, гурван эрдэм шинжилгээний хүрээлэн, сургалт дадлагын баазтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрт нь 500 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсад ажиллаж, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтанд 5000 гаруй оюутан суралцаж байгаа эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний төрийн томоохон ууган их сургуулиудын нэг болон өргөжжээ. ХААИС нь байгууллагдсан цагаасаа эхлэн нийт 30.000 орчим дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргажээ.

Б.ЦЭНДСАЙХАН


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *