Categories
мэдээ цаг-үе

Дархан аварга Х.Баянмөнх: Цол авах боломжийг олон болгож өгвөл монгол бөх найраагүй болно

Дархан аварга Х.Баянмөнхтэй ярилцлаа.


-Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хаалттай байсан “Монгол бөхийн өргөө” нээгдэхээр болж байна уу даа. Маргалдагч талууд тохиролцоонд хүрч байна гэж ойлгож болох уу?

-Одоо Б.Бат-Эрдэнэ бид хоёр үдийн цайны дараа явж гарын үсэг зуруулаад нээх бодолтой байна. Хэд хэдэн удаа уулзалдсаны эцэст ийм шийдвэрт хүрлээ.

-Өргөө нээгдээд аль холбоо хариуцаж үйл ажиллагаа явуулах вэ. Б.Бат-Эрдэнэ аваргын холбоо юу?

-Аль ч холбоо үйл ажиллагаа явуулахгүй. Холбоодын асуудал шүүхийн шатанд явж байгаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа асуудал шийдэгдэнэ. Одоо бид түр зөвлөл байгуулаад шүүхийн шийдвэр гартал Бөхийн өргөөгөө цэвэрлээд үйл ажиллагааг нь явуулж байх хэрэгтэй байна. Өргөөгөө үйлчилгээнд бэлэн болгох гээд л байна.

-Явагдах барилдаануудыг хаанаас зохион байгуулна гэсэн үг билээ?

-Түр зөвлөлөөс зохион байгуулна. Сая долоон хүний бүрэлдэхүүнтэй түр зөвлөл зохион байгуулж намайг ахлагчаар нь сонгосон. Б.Сайнбаяр зааныг гүйцэтгэх захирлаар томилсон. Үйл ажиллагааг хариуцаж явуулна. Бөхөө барилдуулж, урлаг соёлын үйл ажиллагаа явуулна. Дөрөвдүгээр сараас хойш хаалттай байсан Бөхийн өргөөний цахилгаан дулааны мөнгө, ажилчдын цалин гээд их өрөнд орсон. Энэ бүх зардлыг өргөөнийхөө үйл ажиллагааг хэвийн явуулж байж гаргаж ирнэ. Бидний маргаанаас шалтгаалж бөхчүүд, бөх сонирхогчдын эрх ашиг хөндөгдөж байна. Ийм байж зохихгүй.

-Шүүхийн шийдвэр аль нэг талд гарахад цаашдаа ялсан холбоо нь МҮБХ-ны үйл ажиллагааг хариуцаад явах уу?

-Үйл ажиллагааг авч явах боломжгүй. Энэ хуваагдмал байдал дахиад үүснэ шүү дээ. Тиймээс шүүхээр эрхээ авсан холбоотой зөвлөлдөнө. Ингэж эцэслэхийн тул “Их Эе”-ээ дахиж зарлаж хуралдуулна. Нэгдэж үйл ажиллагаа явуулна гэж ойлгож болно. Дахиад хүн шүүхдэж заргалдахгүй болтол нь эцэслэж зөвлөлдөнө гэж ойлгож болно.

-Нэгдэж үйл ажиллагаа явуулах юм бол заавал шүүхийн шийдвэр хүлээж цаг алдах шаардлага байгаа юм уу. Өнөөдөр нэгдээд өргөөгөө нээгээд үйл ажиллагаагаа явуулж болдоггүй юм уу?

-Аль холбоо эрхээ авах нь мэдэгдэхгүй байна шүү дээ. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхэд хэрэг үүсчихээд байна. Тус шүүхийн шийдвэрүүд байгаа учраас таны ярьж байгаа шиг хаяж болохгүй. Шүүх нэг талд нь шийдчихвэл тэр холбоотой зөвшилцөж “Их Эе”-ээ дахин зарлаж үйл ажиллагаа явуулна.

-Үүний хажуугаар хуулийн цоорхойтой зүйл ч багагүй байх шиг. 1024 бөхийн барилдаанд 10 давж түрүүлсэн хүнийг хоёр удаа ес давж түрүүлсэн хүний дээр эрэмбэлэх нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ. Н.Батсуурь, Ч.Санжаадамба аваргууд өнөөдөр барилдахад хэн нь зүүнээ авч гарах нь тодорхой бус, хэрүүл дагуулж мэдэхээр байна. Батсуурь аварга МҮБХ-ноос зарласан эрэмбийг зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж байсан?

-Хоёр түрүүлсэн хүнийг нэг түрүүлсэн хүний доор эрэмбэлж болохгүй. Хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа хэрэг. Шүүхийн шийдвэр нэг талдаа гараад шийдэгдэхэд бид зөвшилцөөд эрэмбэ тогтоох маш нарийн журам гаргаж ирнэ. Улсад барилдсан бөхчүүд эрэмбэ зиндаагаа цол цолныхоо хооронд эзэмших журамтай болно.

Тэр цагт энэ эрэмбэний маргаан ор мөргүй арилна. Өнөөдөр хөдөлмөрөө шударга бусаар үнэлүүлж байгаа бөхчүүд үүний төлөө дуугарах нь зөв гэж харж байгаа.

-Допинг гэх хортой зүйл монгол бөхөд газар авсан нь олонд ил болчихлоо. Захын сумын заан допинг хэрэглэж бусдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна. Үүнтэй хэрхэн тэмцэх вэ?

-Допинг гэж зүйл монгол бөхөд байж хэрхэвч болохгүй. МҮБХ бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд тамирчдын эрүүл мэндийг хамгаалж допингоос ангид байлгах ёстой. Өнөөдөр допингтой тэмцэхдээ хүний эрх зөрчиж тэмцээд байна. Баяр наадмын тухай хуулинд “Улсын их баяр наадмын шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авна” гэж тодорхой заасан байдаг. Гэтэл хаа хамаагүй хүнийг дуртай цагтаа барьж аваад шинжилгээнд хамруулаад байна. Бөхчүүдийг шинжилгээнд хамруулж болно. Гэхдээ энэ бүхэн хуулийн хүрээнд байх ёстой.

-Допингийн шинжилгээ олны нүднээс далд нууц байдаг. Хэн хэнээс шинжилгээ авсан нь мэдэгдэхгүй байж байгаад л ядруухан хараа хяналт байхгүй залуусын нэрийг зарлаад өнгөрдөг. Торонд орсон том загаснууд гарахгүй байна гэсэн бөх сонирхогчдын хардлага байдаг?

-Хөндлөнгийн комисс байх зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр хөндлөнгийн комисс байхгүй, хэн нь мэдэгдэхгүй эмч, сувилагч бөхчүүдийг дагуулж нэг өрөөнд оруулаад л шинжилгээ авч байна. Үүнд л гол асуудал байгаа байхгүй юу. Хэний шээсийг шинжилж байна, тухайн хүн нь яг шээсэн юм уу, хүний шээс бариад орж байгаа юм уу гэдэг нь тодорхой бус. Хоёрхон хүн хаалгаа түгжчихээд бие биенээ шинжилдэг юм байж болохгүй биз дээ. Би дэлхийд 16 жил допингийн шинжилгээ өгсөн хүн. Заавал хяналттай авдаг байсан.

-Улсын гарьд Ө.Бат-Орших нарын хүмүүс допингийн шинжилгээнд бүдэрчихээд шүүхдээд хөдөө орон нутгийн наадмуудад барилдаад яваад байх юм. Хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

-Хүний эрхэнд халдсан асуудал л даа. Допингийн шинжилгээг хэн дуртай нь хаана ч аваад байж болохгүй. Улсын наадамд шөвгөрсөн бөхийг л шинжилгээнд хамруулна гэж хуулинд заасан байдаг талаар би дээр дурдсан. Хууль бус үйл ажиллагаанаас өөрийн эрхээ хамгаалж байгаа хэрэг шүү дээ.

-Баяр наадмын бус үед бөхчүүд допинг хэрэглэх нь хуульд нийцнэ гэж ойлгож болох уу. Ийм цоорхой хуультай байж допингтой яаж тэмцэх юм бэ. Заалны барилдаанд бүгд допинг хэрэглэж барилдаад байх юм биш үү?

-Хэрэв баяр наадмын бус үед допингийн шинжилгээ авах бол хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Тэр шүүхэд хандсан бөхчүүд улсын их баяр наадмаар шөвгөрч допингийн шинжилгээнд бүгд хамрагдсан шүү дээ. Цэвэр гарсан. Сүүлд арван хоёрдугаар сард гэнэтхэн шинжилгээ авахад допинг илэрсэн. Өвчин намдаах анальгин уухад л допинг илэрдэг шүү дээ. Жирийн үед бөхчүүд бэртэл гэмтэлээ илааршуулахын тулд энгийн л эм хэрэглээд допингийн шинжилгээнд бүдэрсэн байж болно шүү дээ.

-Та бүхнийг шүүхдэлцээд өргөөгөө түгжчихээд явж байх хооронд бидний өв уламжлал монгол бөхийн нэр хүнд шавартай хутгалдаж дууслаа. Бөх л гэхэд хэрүүл тэмцэл гэж нийгэм хүлээж авдаг болсон байна. Л.Чинбатын холбоо ч тэр Б.Бат-Эрдэнийн холбоо ч тэр монгол бөхийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулахгүй, бие биенээ үгүйсгээд байх юм?

-Тийм байж магадгүй. Шүүхийн шийдвэр удахгүй нэг талдаа гарахад нэгдэж ярилцаад мөрийн хөтөлбөрөө дэлгэрэнгүй танилцуулна. Бид хөгжүүлээд явж чадна. Бөхтэй насаараа ойр байгаа хүний хувьд ам бардам хэлэх байна.

-Та Удирдах зөвлөлд сонгогдох л байлгүй. монгол бөхийн хөгжлийн төлөө юу хийж чадах вэ?

-Би монгол бөхөд 10 гаруй шинэчлэлт хиймээр байна. Тэгэхдээ үндэсний уламжлалт хэв маягийг орчин үеийн дэлхий нийтийн спортын хөгжлийн жишгээс оруулаад хөгжүүлнэ. Уламжлалт хэв маягаа алдагдуулахгүйгээр шинэчилж өгнө шүү дээ. Монгол бөхийн хөгжил 16 жилээр хоцорсон байна гэж би харж байгаа.

-Тухайлбал юуг яаж шинэчлэх вэ?

-Допингийн шинжилгээг нэн тэргүүнд шинэчилж илүү боловсронгүй болгож өгнө. За тэгээд монгол бөхийг бараантуулж байгаа начны найраа, даваа наймаалцах асуудлыг ор мөргүй арилгана. Илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болно шүү дээ. Тэр хэрээр үзэгчдийг илүү татна.

-Даваа наймаалцах асуудлыг та яаж зохицуулах юм. Нүднээс далд явагддаг үйл ажиллагаа шүү дээ?

-Тэрийг чамд одоо хэлэхгүй. Өнөөдөр зарлачихвал зарим хүмүүс аргаа олоод эсэргүүцнэ. Би хийнэ, би шинэчилнэ гээд жагсаал цуглаан хийгээд унана шүү дээ.

Орчин үед ийм болчихсон. Бөхийн цол худалдаж авч байгаа асуудал бол цолыг хаалттай байлгасантай холбоотой асуудал. Өнөөдөр цол авч чадахгүй болохоор мөнгө төгрөг барьж гүйгээд даваа наймаалцаж байна. Чаддаг хүнд цол авах боломжийг олон болгож нээж өгөх хэрэгтэй. Дан ганц баяр наадмаар биш, заалны барилдаанд босго тогтоогоод давсан бөхөд нь начин цол өгөөд байж болно.

-“Монгол бөхийн өргөө”-г ингэж цоожлуулж байхаар төрийн мэдэлд авъя гэх хүмүүс олон байна лээ. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Төрийн мэдэлд авч болохгүй. Ийм эрх зүйн акт ч байхгүй. Монгол бөхийн өргөө бөхчүүдийн өмч шүү дээ. Хэрэв төр мэдэлдээ авбал ард түмний хандиваар боссон “Монгол бөхийн өргөө”-нд олон хүн эзэн суухыг санаархах биз. Өргөөнд бөх барилдахгүй өөр үйл ажиллагаа явуулна гэсэн үг шүү дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *