Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газар өөрийн байртай боллоо

Хөвсгөл аймаг жилийн дөрвөн улиралд жуулчдын хөл тасардаггүй гэдгээрээ бусад аймгаас ялгардаг онцлогтой. Хэдий олны хөлийн газар ч сүүлийн жилүүдэд тус аймагт хүн, малын гоц халдварт өвчин гараагүй, хүний амь нас эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаатай шууд холбоотой юм.

Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын байгууллага учирч болох эрсдэлийг 16-18.9 хувиар бууруулсан, Хяналт шалгалтыг цахимаар хийдэг болсон, лабораторийн хүчин чадлыг өргөжүүлж, хор судлал, нян судлал, ургамал судлалын чиглэлээр шинжилгээнүүдийг хийдэг болсон зэрэг амжилтаар шинэ оноо угтаж байна. Тодруулбал, жил бүр 6800-8400 гаруй объектод эрсдэлийн үнэлгээ хийж, хяналт шалгалтын хажуугаар сургалтыг түлхүү хийдэг болсон нь эрсдэл буурах нөхцөлийг урьдчилан харж ажиллахад нөлөөлсөн байна.

Түүнээс гадна хяналтын үйл ажиллагаа ил тод болсон, хууль хяналт болон төрийн, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулан асуудлыг цогцоор нь шийддэг болсонд Хөвсгөлчүүд ам сайтай байна.

Тус аймгийн хувьд 124.6 мянган хүн амтай, зуны улиралд гадаад дотоодын жуулчид ихээр зорчдог бөгөөд жилдээ 100 гаруй мянган жуулчин очдог аж. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, эрүүл ахуй болон байгаль орчин, хог хаягдал зэрэг асуудалд түлхүү анхаарч лабораторийн шинжилгээт хяналтуудыг тухай бүрт нь хийж, аймгийн иргэд болон зорчиж буй жуулчдад эрүүл аюулгүй, баталгаат хүнс, бүтээгдэхүүн үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн МХГазар 2003 оноос хойш түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн бөгөөд тусдаа лаборатори бүхий байртай болох шаардлага зүй ёсоор тавигдсаар ирсэн юм. Тэгвэл өнөөдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газар лаборатори бүхий шинэ байраа хүлээн авч байна. Ингэснээр иргэд аж ахуйн нэгжүүд тав тухтай үйлчлүүлэх, ажилтнуудын ажиллах нөхцөл бүрэн хангагдаж байгаа юм. 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын ая тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл боломжийг хангах зорилгоор Шадар сайдын багцад тусгагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэхүү барилгыг барьж ашиглалтанд оруулж байна.

Шинээр ашиглалтад орж байгаа энэхүү байр нь 1296 м.кв талбайтай ба 4 давхартаа лаборатори, 1-3 давхартаа ажлын өрөөнүүд, зоорийн давхартаа чийрэгжүүлэлтийн заал, химийн бодис болон хураагдсан бараа хадгалах зориулалтын агуулахтай байхаар зохион байгуулалт нь хийгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *