Categories
мэдээ цаг-үе

Да.Ганболд: Монголын төр хямраад, гацаад байгаа нь нэг шөнийн дотор болсон процесс биш

“Эрдэнэт” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболдтой ярилцлаа.


-Улс төр тойрсон үйл явдлаар байр сууриа илэрхийлэх учиртай хүмүүсийн нэг учраас тантай энэ сэдвээр ярилцмаар байна. Сүүлд дуулиан тарьсан ЖДҮ гэхэд л улстөрчид ёс зүйгээ алдсаны тод жишээ болж харагдлаа. Уучлал гуйж толгой бөхийх хүн олдохгүй байгаагийн цаад шалтгаан юу вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?

-Улстөрчийн этик ярихын өмнө улстөрч гэж хэн бэ гэсэн асуултад хариулах учиртай. Өнөөгийн улстөрчид гэвэл энгэртээ эрх мэдэл илэрхийлсэн тэмдэг зүүснээрээ л биднээс ялгардаг. Ямар ч байгууллага руу нэвтэрч ордог, хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй гэх мэт ялгарах эрхтэй. Тэр эрхийнх нь оргил нь бас тодорхой. Бидний өдөр тутмын амьдралын хэв зарчим, тоглоомын дүрмийг буюу хуулийг бичиж баталдаг эрхийг нь хэлээд байна л даа. Энэ хүмүүст тэр эрхийг ард түмэн олгосон. Улстөрчид ёс суртахуунгүй, этикгүй, ичих нүүргүй байгаа бол ард түмэн өөрсдөө тийм гэсэн үг. Улстөрчид биднийг хуурсан байна гэж ярих юм. Хуурагдаж яваагаа мэдэхгүй сууна гэдэг дахиад л ард түмний асуудал. Үнэн, худлыг ялгаж чадахгүй болсон нь өөрсдийнх нь буруу шүү дээ. Уран ярьдаг, гоё морь уралдуулдаг, сайхан дуулдаг, шүлэг бичдэг, бэлэг мөнгө тараадагт нь хууртаж саналаа өгсөн нь хэний буруу вэ? Та хэл дээ.

-Саналаа өгч сонгосон ард түмний буруу гэж үү?

-Ерөөсөө л тэр шүү дээ. Эцсийн дүндээ гурван сая монголчуудын зонхилох хэсэг нь ямар байна гэдгээс хамаарч тэдэнд таарсан улстөрчид л төрд гарч ирдэг. Социализм хүчээр Монголд орж ирсэн. Тухайн үед түрүүлээд нийгмийн хөгжлийн илүү өндөр шатанд гарсан, бичиг үсэгт тайлагдсан, аж үйлдвэржсэн, шинжлэх ухааны салбаруудад шинэ нээлтүүд хийсэн, илүү юманд хүрсэн улс орнууд ямар нэг байдлаар бидэнд дэм болж, биднийг чирч тодорхой түвшинд авчирсан байдаг юм. Сүүлдээ, олон жилийн дараа социализм буруу тогтолцоо гэдгийг ойлгоод өөр нийгэм рүү шилжих сонголт хийсэн. Хуучин нийгмийн зөв буруу эсэхийг ярихаас урьтаад нэг зүйлийг онцолмоор байна.

Өнгөрсөн нийгмийн тухайд ёс суртахууны, эдийн засгийн, улс төрийн, хууль эрх зүйн, үзэл санааны иж бүрэн систем байсан. Машинаар зүйрлэвэл сайн муу нь хамаагүй, илүү тос шатахуун хэрэглэдэг ч, үе үе эвдэрдэг ч, тохь муутайхан ч, ямартаа ч унтарчихалгүй явсаар наяад оны сүүл хүрсэн байдаг. Ерэн онд бид улсаараа өөр машинд сууна гээд хуучин машинаасаа буусан. Сонгоно гэж зорьсон машиныхаа эд ангиуд хэрхэн ажилладаг гэх мэт нарийн ширийнийг мэдэлгүйгээр чиг багцаа нь зөв гээд суучихсан. Ерэн оноос хойш олон сонгууль боллоо шүү дээ.

Эхэндээ буюу 1990, 1992, 1996 онуудад гол төлөв номтой, боловсролтой, тодорхой систем, үзэл санаа, онол ярьсан хүмүүсийг илүүтэй сонгож байсан. Тэр үед дуу дуулна, хүнд таалагдана гэсэн асуудал бага байлаа. Нийгэм л юм чинь анхаарал татахын тулд янз бүрийн арга хэрэглэж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдрийнх шиг алиа салбадай нар бага байсан. Гагцхүү арай боловсролтой, сууж яваа машиныхаа эд ангиудыг, ажиллагааг нь гадарладаг хүмүүс төрд гарч ирж байсан юм. Гэтэл өнөөдөр социализм, капитализм, либериализм, консерватизмаа ялгахаа байчихлаа л даа. Сууж яваа машинаа ойлгодог хүн дэндүү цөөхөн болчихлоо. Таны асуугаад байгаачлан ганцхан ёс суртахуун нь доголдсон юм биш гэж хэлэх гээд байна л даа. 76 дотор ичиж, зовж, шаналж яваа нь бий. Аль ч намд ичих булчирхайтай хүмүүс байгаа. Гэхдээ олонхыг нь өөр хүмүүс бүрдүүлчихсэн учраас тэдний дуу сонсогдохгүй байна. Этик бидний сууж яваа машины олон эд ангийн зөвхөн нэг нь. Ганц зүйлийг ойлгох хэрэгтэй. Эрх мэдэлд очсон хүмүүс нь төр яаж ажилладаг, боловсрол, эмнэлэг, эрчим хүч, цөмийн энерги, нефть, газ, уурхай, барилга, экологи, түүх, генетик, гадаад харилцаа, зэвсэг, газарзүй, сансар судлал, роботын технологи, хими, биотехнологи гэх мэт салбарууд хэрхэн урагшилдаг зүй тогтлыг мэдэхгүй бол мянгантаа ичээд яах юм.

-Гэхдээ төрд бугласан идээ бээрийг шахах цаг боллоо гэж улстөрчид эхнээсээ дуугараад эхэлсэн нь сайны дохио байх шүү?

-Идээ бээрийг нь шахах ёстой гэж мянга яриад нэмэргүй. Хэн, яаж шахах юм. Нэгэнт буглачихсан хатигийг дуртай хүн очоод шахаад байдаггүй. Монголын төр хямраад, гацаад байгаа нь нэг шөнийн дотор болсон процесс биш. ЖДҮ илэрсэн хугацаа болох хоёр сарын өмнөх асуудал ч биш. Асуудал юундаа байна гэхээр бид ямар машинд суухаа ч, явах зүг чигээ ч сонгоогүй байна. Хүн бүр өөр өөр машин унах сонирхолтой, тэр сонирхлоороо тал тал тийшээ үсчээд байна л даа. Зүйрлэж яривал гурван саяулаа нэг машинд, ядаж нэг цуваанд яваа машинд суугаад явах учиртай. Гэхдээ тэр машин нь хуучнаасаа илүү байх ёстой. Гэтэл одоо хүртэл машинаа сонгож чадаагүй байна. Үүнийг би шилжилтийн үе гэж хэлнэ.

-Шилжилтийн үе дуусаагүй гэх гээд байна аа даа?

-Тэгж ойлгож болно. Монголд том утгаар нь яривал социализмаас капитализм руу шилжих шилжилтийн үе дуусаагүй. Тийм учраас би таны асуусан этикийн асуудлыг бидний өмнө тулгамдсан олон асуудлын зөвхөн нэг хэсэг нь гээд байгаа юм. Өмч ямар байх ёстой юм гэдэг асуулт бас бий. Яагаад таны хөндсөн, сонирхсон асуудал үүсээд байна вэ гэдэг асуултын хариу уг нь их энгийн. Өнөөгийн Монголын төрд сонгогдсон олонх хүмүүс мэдлэг багатай, ном уншдаггүй, хэл усгүй, тархиа ажиллуулдаггүй учраас хоолоо хамгийн хялбар аргаар идэх гэж оролддог. Онцгой чадвартай хүмүүст бол уралдаан өрсөлдөөн хэрэггүй. Хэний ч хамааралгүйгээр хоолоо олоод урагшилдаг. Сайн эмч байлаа гэхэд өвчтөнүүд араас нь мөнгөө бариад гүйдэг нь жамын үзэгдэл. Чаддаггүй хүмүүсийн араас хэн ч хөөцөлддөггүй. Ийм хүмүүст хулгай хийхээс өөр арга олддоггүй юм. Хамгийн амархан мөнгөжих арга бол нэг удаа ихийг авах. Олон удаа хулгайлахаар баригдана гэсэн зовлон бий. Тэгэхээр эрх мэдэлтнүүд харьцангуй цөөхөн удаа томоор хулгайлахыг боддог. Харин хулгай хийх хүсэлтэй хүний бай нь эзэнгүй өмч. Эзэнгүй өмч зөвхөн төрд байдаг онцлогтой. Нийгэм хөгжөөд олонх гэгээрэх тусам улсын ч өмч байсан хулгайлж болохгүй гэсэн ойлголт ухамсар сууж эхэлдэг л дээ. Өнөөдрийн тухайд эзэнгүй үлдээд буй өмч гэвэл төрөл бүрийн сангуудын мөнгө байна. ЖДҮ цаанаа ийм шалтгаантай. Бас том үйлдвэрийн газруудын ашиг, зардал, худалдан авалт гэж эзэнгүй өмч бий.

-Эзэнгүй өмч төрд байдаг гэснээс сүүлийн үед хувийн өмчийг төрд хурааж авна гэж ярьдаг улстөрчид олширлоо. Ц.Нямдорж Эрдэнэтийн 49 хувийг төрд хурааж авна гэж ярьдаг. Саяхан танай намын Н.Алтанхуяг бас тиймэрхүү агуулгатай мэдэгдэл хийж харагдсан…?

-Дэлхийн түүхийг харахад төр нь хувийн өмчид халдсан улс орнуудын хөгжил урууддаг. Ойрхоны жишээ гэхэд л Венесуэл байна.Уго Чавесаас өмнө нефтийн асар их нөөцтэй, дэлхийд гэж яригдахаар хөгжиж урагшилж байсан улс. Гэтэл өнөөдөр нэг сая 300 хувийн инфляцитай болж эдийн засаг нь элгээрээ хэвтсэн. Бидний 70 гаруй жил түшиж, дагаж, зүг чигээ болгож ирсэн Орос улс сая дурдсан Венесуэл маягийн улсын шүтээн болж хувирсан гашуун үнэн бас бий. Зах зээлийн жамаар хөгжинө гэдэг өөр ойлголт л доо. Жишээ нь, өнөөдөр ХААН банкнаас ямар ч том сайд хулгай хийж чадахгүй. Худалдаа хөгжил, ХААН, Голомт зэрэг томоохон банкуудад нэг сайн тал бий. Гадаадын өндөр зэрэглэлийн мэргэжилтэнд хангалттай цалин амлаж банкаа удирдуулдаг.Тийм ч учраас олон улсад банк яаж хөгжиж байна, яг тэр жишгээр урагшилж яваа. Өөрөөр хэлбэл, зах зээлийнхээ жамаар хөгжиж байна.

-Жаран тэрбумын цаад шалтгаан нь бас тогтолцоондоо байна уу?

-Суудал авах гэж намдаа мөнгө өгч, өчнөөн хөрөнгө зарцуулж сонгууль хийгээд орж ирсэн хүмүүс гарч ирснийхээ дараа шархаа нөхөх гээд зүтгэчихдэг нь нуугаад байх явдал биш. Хулгай нь баригдахаар “Тэгээд яачихаав” гээд гүрэлзээд байгаа нь цаанаа ийм учиртай. Товчхондоо ЖДҮ, жаран тэрбум хоорондоо холбоотой. Бүр цаашлуулж яривал ЖДҮ-ийн эхлэл нь “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой.

-Ойлгосонгүй, ямар сэжмээр “Эрдэнэт”-тэй холбогдоно гэж…?

-“Эрдэнэт”-ийн 49 хувь хувийн компанид шилжсэнээс хойш энэ үйлдвэрийн ашиг жил дарааллан 2-3 дахин нэмэгдэж гарлаа. Өнгөрсөн хугацаанд зэсийн үнэ огцом өсөөгүй, үйлдвэрийн өртөг зардал их хэмжээгээр буугаагүй, ажиллагсдынх нь тоо өөрчлөгдөөгүй, улс төрийн орчин нөхцөл янзаараа байгаа. Ийм байхад ашиг нь нэмэгдсэн нь ямар учиртай вэ гэсэн асуулт гарч ирж таарна. Хариу нь тодорхой. “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр хувийн компанийн хяналт ороод ирэхээр улстөрчид ил тодоор идэж чадахаа больсон хэрэг. Наад зах нь бүх худалдан авалтандаа тендер зарлаад эхэлсэн шүү дээ. Өмнө нь тендер зарладаггүй, бүх зүйл хөшигний ард өрнөж байсан юм. Хувийн компанийн хяналт орж ирснээс хойш үйлдвэрийн ашиг өсч эхэлсэн. Ашиг өсөх хэрээр төсөвт орж ирэх мөнгө ихэснэ гэсэн үг. “Эрдэнэт” үйлдвэр түүхэндээ байгаагүйгээр ашигтай ажиллаж байхад улстөрчид эсэргүүцээд суугаа нь ийм л учиртай. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн компани авчихаар камер тавьж, цоож зүүж, харуул хамгаалалтаа сайжруулж таарна. Ийм нөхцөлд хулгай хийх боломж нь хумигдаад ирэх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”-ийн Оросын мэдлийн хувийг Монголын компани худалдаж авсаны дараа улстөрчид хараа хяналт султай, камергүй хашаа руу онилсон юм. Тэр хашаа нь ЖДҮ. Бүр тодруулж хэлбэл “Эрдэнэт”-ийн дараа идэх том хоол олдохгүй болсон учраас ЖДҮ рүү орсон. Давтаад хэлэхэд “Эрдэнэт” гэдэг том идүүр нь алга болонгуут ЖДҮ нүдэнд нь торсон хэрэг. Тэр утгаар нь би холбоотой гээд байгаа юм.

-ЖДҮ чинь саяхных, 49 хувийн хувьчлал хоёр жилийн өмнөх явдал биз дээ?

-Таны асуултад хариулахын өмнө нэг жижигхэн түүх ярья. Намайг 2008-2012 онд хотын орлогчоор ажиллаж байхад жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг банкуудаар дамжуулж олгодог байсан юм. Банк бидний бодлогын хүрээнд дэмжиж явуулсан төслүүдийг санхүү талаас нь шалгаж яг ашигтай, хэрэгтэй гэж үзсэн төсөлдөө санхүүжилт олгож байсан. Гэтэл 2017 оноос ЖДҮ-ийн санхүүжилтийг банкуудаас салгаад эрх мэдлийг нь ХХААХҮЯ-нд өгчихсөн. “Эрдэнэт”-ийн хувьчлал 2016 онд тодорхой болчихсон байсныг бүгд мэднэ. Мөнгө саадаг үйлдвэрийнх нь 49 хувь хувийн компанид очих нь тодорхой болчихоор эрх баригчид сандарсан. Тэгээд тэр жилдээ буюу 2016 оны сүүлээр 2017 оны төсвийг батлахдаа ЖДҮ-ийн санхүүжилтийг өөрсдөдөө ашигтайгаар шийдсэн юм. Өөрөөр хэлбэл, найдвартай, итгэлтэй, дуулгавартай, үгнээс нь гардаггүй этгээд болох яамаар дамжуулж жижиг дундын зээлийг олгох шийдвэр гаргасан.

-Нээрээ хэдэн өдрийн өмнө Ц.Нямдорж ийм утгатай мэдэгдэл хийсэн шүү. Тэгэхээр ЖДҮ өмнөх Ерөнхий сайдын үед зориудаар эхлүүлсэн ажил болж таарах нь ээ?

-Сэдсэнээ ажил болгож амжаагүй байхад нь дараагийн засаг гараад ирсэн хэрэг. Аваагүй үлдсэн нь авсныгаа матсан учраас асуудал ил болсон хэрэг шүү дээ. Тийм учраас би ЖДҮ-ийн шуугиан өрнөх анхны шалтаг нь 49 хувь гээд байгаа юм.Тэр утгаараа төрд бугласан идээ бээрийг шахах шаардлага үүссэнийг олон нийтэд ил болгож өгсөн газар нь “Монголын зэс”корпораци. Тэгэхээр тэдэнд баярлалаа гэж хэлэх ёстой.

-АН олонх болсон бол МАН шиг ийм процесс давтагдах байсан уу?

-Үгүй. Би өчнөөн сонгуульд нэр дэвшиж явсан. Хамгийн сүүлийн буюу 2016 оны сонгуульд л нэр дэвшээгүй. Манай намд ажил албан тушаалыг ингэж зардаггүй байсан. Одоо ч тийм. Өнөөгийн даргын өнгөнд нам дотор иймэрхүү хандлага анзаарагдаж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм том объемоор биш л дээ. Мөнгөн дүнгийнх нь хэмжээ харьцуулахааргүй өчүүхэн.

Ц.БААСАНСҮРЭН

Үргэлжлэл бий8

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *