Categories
мэдээ цаг-үе

Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар: Энэ янзаараа байвал чөлөөтийн багийнхан 2020 оны олимпоос нэг ч медаль авч чадахгүй

Гавьяат тамирчин О.Пүрэвбаатартай ярилцлаа.


-Таны гарын шавь Түмэнбилэгийн Түвшинтулга насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Таны бэлдсэн хоёр дахь шавь бөмбөрцөгт нэрээ данслуулж байгаа нь энэ байх?

-Т.Түвшинтулга маань хүүхэд байхдаа Паламын Чулуунбаатар гэж дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл сургуулилтаа базаадаг байсан. 2009 онд өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд Олимп сургуульд ирж миний удирдлагад бэлтгэл базааж эхэлсэн. Чулуунбаатар багш “Авьяастай хүүхдийг олон улсын тэмцээнд авч явмаар байгаа ч зардал мөнгө нь болохгүй юм. Та авч бэлд. Заах юм нь их байгаа биз” гэж миний гарт хүлээлгэж өгсөн түүхтэй. Тэр цагаас хойш нас насны ангиллын олон ч тэмцээнд оролцсон. Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүртэл түрүүлсэн шүү дээ. Сая насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж багш нарыгаа баярлууллаа.

-Т.Түвшинтулгыг Бямбаренчингийн Баяраа багш та хоёр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө “Медаль бол авна, өнгө нь ямар байх нь уу” гэж хэлж байсан?

-Жингийн тамирчдынх нь барилдаанд судалгаа хийж тактикаа боловсруулсан. Үүний үндсэнд дүн шинжилгээ хийгээд медаль авна гэж үзсэн хэрэг л дээ. Медалийн өнгө өөр байж болох байсан ч шавь минь сайн барилдсан.

-Т.Түвшинтулга том тэмцээний туршлага тааруу шүү дээ. Хоёр дахь удаагаа том тэмцээнд оролцсон нь энэ оны ДАШТ байсан. Их л итгэлтэй байж дээ?

-Шавьдаа багш нь итгэхгүй бол хэн итгэх билээ. Чулуунбаатар бид хоёр хувийн зардлаараа Будапешт очиж гарын шавиа дасгалжуулсан. Медалийн найдвар өндөр байсан болохоор л тэр шүү дээ. Энэ жил хэн сайн байсан гэвэл Т.Түвшинтулга л сайн байсан.

-Оросын бөхийг хожчихсон бол медалийн өнгө өөр ч байж болох байсан?

-Багш, шавь хоёрын санаа тэрхэн мөчид жаахан зөрчихсөн. Би эхлээд ажилла гэж хэлсэн. Барилдах хүн маань “Багш аа, би төгсгөл дээр нэг явахад амархан хоёр оноо салгаад хожно” гээд л гарсан. Хэлж байснаараа төгсөл дээр ч явсан. Оноо ч авсан. Харамсалтай нь жаахан дутуудуулаад нэг оноо аваад ялагдсан.

-Медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд Гүржийн бөх Бека Ломтадзейтэй хүч үзсэн. Чука багш та хоёр шавьдаа юуг зөвлөв?

-Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай, Европын тоглолтын мөнгөн медальтай том бөх шүү дээ Бека Ломтадзе чинь. Манай хүн өмнө нь 2015 оны дэлхийн цомоор хожиж байсан. Бид хоёр “Өөрийнхөөрөө яваад барилд, чи хожно” гэж хэлээд л гаргасан. Хожно гэдэгт нь итгэлтэй байсан.

-Та ид барилдаж байх үедээ тохой сөхөөд явахад хэнээс ч оноо салгадаг байсан. Таны шавь нар хийж байгаа харагдахгүй юм?

-Би Монголын тамирчдад заахад ном дүрмээр нь сурах хүн байхгүй байна л даа. Т.Түвшинтулга, Б.Номин, Г.Идэрхүү нар маань хааяа л хийх юм. Өөрийн болгож эзэмшиж дархалж чадахгүй байна. Хийхэд хамгийн амархан энгийн техник шүү дээ. Гадны тамирчид тэмцээний халаалтын үеэр хэд заалгаж сураад манайхныг тохой сөхөж хожсон удаа байгаа. Заагаад байхад эзэмшиж чаддаггүй юм аа гэхэд хамгаалалтыг нь сурахгүй бол хохь нь гэж хэлнэ. Сурчихвал найдвартай оноо авна.

-Таны хэвтэн цохио бас алдартай шүү дээ. Гавьяат тамирчин Э.Бэхбаяр залуучуудын дэлхийн аварга болохдоо хийж байгаа харагдсан?

-Дэвжээ рүү шахаж байгаад хэвтэн цохидог техникийг Э.Бэхбаяр их зөв сурсан. Гэхдээ бий шууд хий гэж заагаагүй. Өрсөлдөгч довтолж байгааг мэдэрвэл л хийдэг техник. Шууд хэвтэн цохиод даруулчихаж байгаа хүн мэр сэр харагддаг. Гавьяат тамирчин Б.Номин, олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар нар энэ техникийг сайн эзэмшсэн. Мэх техникээ биеэрээ хийж үзүүлж байгаа нь миний онцлог юм даа. Зодог тайлснаасаа хойш жин төдийлөн нэмээгүй. Өнөөдөр ч шавь нарынхаа дунд ороод ноцолдоод явчихдаг юм.

-Та дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгөн медаль зүүсэн ч олимпоос медаль зүүж хараахан чадалгүй тамирчны замналаа өндөрлүүлсэн. 2000 онд медалийн боломж байсан л байх?

-2000 онд медаль авах боломж байсан уу гэвэл байсан. Эхний тойрогт Австралийн Кори Брайныг хожоод, хоёрдугаар тойрогт гоц мөргөсөн. Харин гуравдугаар тойрогт Беларусийн Гузовыг хожсон. Хэсгээс гарсан ч Беларусийн багийнхан эсэргүүцэл бичээд, дахин барилдахад Гузовыг 6:0-ээр дахиад л ялсан. Ингээд л нөгөө Дабиртайгаа учирсан даа.

-Дибарыг аргалж болоогүй юу?

-Хэвтээ барилдаанд илүүрхүүлчихээд байсан л даа. Хамгаалалт бэлдсэн ч чац дутаад л явчихсан. Дараа нь тун хүнд байсан шүү. Заалнаас гараад л уйлаад суучихсан.

-Та төрсөн өдрөөрөө Софигийн ДАШТ-нд финальдаж байсан шүү дээ?

-Тэр ДАШТ-ний барилдаанууд арваннэгдүгээр сарын 23-нд миний төрсөн өдөр таарсанд ихэд бэлгэшээж байлаа. Одоо л медаль авахгүй бол тамирчин гэж явахын хэрэг юу билээ гээд шүдээ зуугаад зүтгэсэн. Сугалаагаа харахад ч гол хүмүүс нь манай зоонд харагдаж байна. Эхний тойрогтоо гоц мөргөчихлөө. Дараа нь Беларусийн Александр Карницк, Эстонийн Янек Липсийг ялсан.

-Дараагийн тойрогтоо Сиссауригийн өмсгөлтэй дэвжээнд гараад хасагдах шахсан гэдэг?

-Казахын Абиль Ибрагимовтой учраа таарсан. Янек Липсийг ялчихаад буугаад ирэхэд Басхүү багш үдээс хойш барилдана гэхээр нь ордонгоос гараад буудлынхаа өрөөнд очоод хэвтчихсэн. О.Мөнхбат багш, Г.Ганхуяг харцага хоёр явж тэмцээн үзье гээд чирэх шахам л аваад гарсан. Ордонд очиход манайхан намайг хайгаад бөөн юм болж байна. Надтай барилдах Ибрагимов дэвжээнд гарчихсан хүлээгээд, харин надад трико байдаггүй. Танил нөхдүүдээсээ гуйсан чинь өгөх хүн байдаггүй. Аз болж тэр өдөр амрах байсан Сиссаури бэлтгэл хийхээр ордонд ирсэн байсан л даа. Трико, борцовкийг нь гуйж өмсөөд дэвжээнд гартал Канадын далбаатай гээд барилдуулсангүй. Тэгэхэд нь шархны лент нааж барилдаад хожсон. Дараа нь Кубийн Мигель Яндро Кинтана Рибалтаг 6:2, зооны аваргын төлөө Гүржийн Давид Погосяныг 5:1-ээр хожоод аваргын төлөө өнөөх Сиссауритайгаа таарсан даа.

-Шигшээ барилдааны шүүлт ч асуудалтай болсон шүү?

-Барилдааны үндсэн цаг дуусахаас найман секундын өмнө оноо 2:2 байхад би нэг оноо авсан. Дэвжээний шүүгч ч Сиссаурид торгууль өгсөн. Хэвтээ байрлалаас би оноогоо хамгаалахад л дэлхийн аварга болж байгаа газар шүү дээ. Гэтэл хажууд суусан АНУ болон Армений шүүгчид надад оноо өгөөгүй. Сиссаури Канадын нэр дээр барилддаг гүрж хүн байхгүй юу. Америк нь Канад, Армен нь Гүржийг дэмжээд л өнгөрсөн. Цаг сунгахад би хутгаад давж унаад хожигдсон доо.

-Та зодог тайлахдаа “Авч чадаагүй медалиа шавь нараараа авахуулна” гэж амлаж байсан. Таны бэлтгэсэн шавь нар ч өнөөдөр таны дутууг гүйцээх хэмжээнд хүрсэн байна?

-Медаль авах хэмжээнд барилдаж байгаа хэдэн залуус байгаа. Хүрч чадаагүй оргилдоо тамирчдаараа дамжиж гарах гээд л хөдөлмөрлөж явна.

-Та өнөөдөр ямар байгууллагад харьяалагдаж шавь нараа бэлтгэж байна?

-Бид нар “Аваргууд” академийг байгуулаад шавь нараа бэлтгээд явж байна. Одоогоор цалин цагаа гэх юм алга. Тэмцээн уралдаанд өөрсдийнхөө зардлаар л явж байна.

-Цалин хөлсгүй ажиллаж байхаар гадагшаа гарч ажиллая гэсэн бодол төрж байв уу. Ажлын санал ирдэг л байх?

-Санал ирдэг. Гэхдээ хар багаас нь бэлдсэн шавь нараа орхиж хар амиа бодоод явчихаж бас чадахгүй байна л даа. Би шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллая гээгүй. Шавь нартайгаа тэмцээнд явж дасгалжуулахад зардлын асуудал л шийдээд өгөөч гэсэн санал тавьсан. За гэсэн ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болгоогүй.

-2012-2016 оны олимпийн мөчлөгт та эрэгтэй шигшээ багтай амжилттай ажилласан. Тасраад байсан дэлхийн аваргын медалиудыг ар араас нь авсан даа?

-Өөрийгөө дөвийлгөх ганц л юм байна. Манай багш нар бэлтгэл их хийлгэхэд цөмөрнө гэж яриад байдаг. Энэ асуудал дээр багш нартай зөрж “Та нар надад 21 хоног л өгчих. Би тамирчдыг чинь амьсгаагүй болгоод өгье гээд Б.Баяраа ах бид хоёр аваад гарсан”. Тэр бэлтгэлээс хойш л шигшээ багийнхан ядрахаа больсон. Өглөөний бэлтгэл сайн хийсэн байхад өдрийн бэлтгэл хүртэл хувь тамирчин ядраад унтна. Унтна гэдэг чинь сэргэлтээ авч байна гэсэн үг л дээ. Ус буцалгаад, хөргөөд яваад байна гэсэн үг. Нэг буцалсан ус хөрөхдөө удаан байдаг. Үүний ижил өндөр ачаалал авсан тамирчин муудах нь бага.

-Олимпийн аварга болно гэж тооцоолж байсан П.Орхоноос допинг илэрлээ. Энэ асуудлын талаар Монголын чөлөөт бөхийн холбооноос өнөөдрийг хүртэл ямар ч мэдэгдэл хийгээгүй байна?

-Энэ асуудалд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга хариуцлага хүлээж ажлаа өгөх ёстой. Тэр хариуцаж яваад л ийм асуудал дэгдсэн шүү дээ. Тамирчин хүн хариуцаж яваа багшийн зөвшөөрлөөр л хоол идэж, ус уудаг. Баттулга үүргээ биелүүлж чадаагүй. Энэ хүн сая болох байсан улсын аварга шалгаруулах тэмцээнийг зургадугаар сар хүртэл хойшлуулсан. Зорилго нь өөрийн шавь нараа Иван Ярыган болон Борис Будаевын нэрэмжит тэмцээнүүдэд оролцуулахад оршиж байгаа юм. Улсын аварга шалгаруулах тэмцээн хугацаандаа явагдсан бол амжилт гаргасан бөхчүүд нь л тэмцээнүүддээ оролцоно шүү дээ.

-2020 оны олимп хаяанд ирлээ. Гол найдвар чөлөөтийнхөн маань хоорондоо хэрэлдээд л байдаг?

-Өнөөдрийнх шиг байвал чөлөөтийн багийнхан нэг ч медаль авч чадахгүй гэж баттай хэлэх байна. Эмх цэгц, зохион байгуулалт алга.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *