Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: 13 хүн архины хордлогын улмаас, долоон хүн осгож нас барсан

ЦЕГ болон бусад холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү дараах мэдээллийг өглөө. “Сүүлийн үед цахим орчинд “Шуурхай мэдээ: Ноцтой осол гарч 30 хүний амь нас хохирлоо” гэсэн мэдээлэл тархах болсон. Энэ хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Яаралтай шалгахад хуурамч хаягаас худал мэдээлэл тараасан байсан. Энэ мэдээллийг нээж үзсэн хүмүүсийн цахим хаягны нууц үг, админ нэр нь тухайн хортой программд бүртгэгдэж гэмт этгээдийн мэдэлд таны нууц үг орох эрсдэлтэй юм. Мөн “Ч амь нас хохирсон хэрэг дээр ноцтой баримтууд дэлгэгдлээ” гэсэн цагдаагийн байгууллагын мэдээлэл хийж байсан зургийг ашиглан худал мэдээлэл цацагдсан. Урд нь хэлсэнчлэн талийгаач Ч амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан хэргийн газарт олдсон нотлох баримт эд зүйлүүд алдсан, алга болсон зүйл байхгүй. Хэрэг хуулийн хүрээнд прокурорын хяналтад шалгалтын ажиллагаа дуусах шатандаа явагдаж байна. Хэргийг удахгүй прокурорт шилжүүлнэ” гэсэн юм.

Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газраас дүүргийн цагдаагийн хэлтсүүдтэй хамтраад хэд хэдэн хэрэг илрүүлжээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах “Цомбо” бөөний төвийн хашаанд үл таних гурван залуу харуулын хүзүүнд хутга тулгаж, дээрэмдсэн хэрэг энэ сарын 18-19-нд шилжих шөнө гарсан. Ингэхдээ иргэн Б-ийн эзэмшлийн чингэлэгт нэвтрэн 20 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг үйлдэгдсэн байна. Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж 1995 онд төрсөн Т, Г нар бусадтай бүлэглэн дээрх хэргийг үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод шалгалтын ажиллааг явуулж байгаа. Мөн энэ сарын 20-21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед үйлчлүүлж байсан 1997 онд төрсөн А нь үл таних хүнд зодуулсан. Хохирогч Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байхдаа нас барсан. Уг хэргийг шуурхай эрэн сурвалжлахад хамгаалалтын албанд ажилладаг 25 настай У гэгч хамт олонтойгоо дуу дуулуулсангүй гэх шалтгаанаар хохирогчийн биед халдаж амь насыг нь хохироосон байж болзошгүй байдал тогтоогдоод байна. ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах% олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбат, “Энэ сар гарсаар хүний амь нас хохирсон 165 хэрэг бүртгэгдсэний 13 нь архины хордлогын улмаас, долоо нь осгож нас барсан бол зургаан иргэн амиа хорлож, бусад 105 тохиолдол бүртгэгдсэн. Мөн 4,598 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Цагдаагийн байгууллагын зүгээс шинэ жилийн баярын арга хэмжээ өргөн дэлгэр зохион байгуулагддаг үеийг угтан “Шинэ жил-2018″ нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, нийт бие алба хаагчид болон сонсогчдыг дайчлан ажиллаж байгаа” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *