Categories
мэдээ цаг-үе

Шатахууны үнийг тогтворжуулж, ам.долларын ханшийг барих гарц бий юу?

Төв банк төгрөгийн ханш огцом сулрахгүй гэж дуугарлаа. Гэхдээ ам.долларыг яаж, ямар бодлогоор хазаарлах, доллар дагаад өсдөг шатахууны үнийг хэрхэн барих, инфляцийг тавиад туучихгүйгээр яажшуухан аж төрөх тухай гарц, гаргалгаатай мэдэгдэл хийхгүй байна. Долларын ханшийн хувьд Н.Баяртсайхан ямар байр суурь барихаа тов тодорхой хэлчихсэн. Ирэх жилүүдэд нүүр тулах бондын өрийг дарахын тулд валютын нөөцөө өсгөнө, ОУВС ч тийм шаардлага тавьж байгаа гэсэн тайлбарыг төв банкнаас өгч буй. Энэ мэдэгдлийг ухаж ядах юмгүй. Бүдүүн тоймоор хэлбэл компаниудын хамагаа зарж олж ирсэн долларыг зах зээлээс хамна гэсэн үг. Товчхондоо интервенцэд их мөнгө зарахгүй гэдгээ тойруугаар хэлчихэж байгаа хэрэг л дээ. Интервенцийг тодорхой хэмжээгээр хийж байгаа ч богино хугацааны арга, урт хугацаанд ногоон валютын ханшийг хазаарлаж чадахгүй гэсэн эдийн засагчдын сануулгыг энд онцолъё.

Төв банкны байр суурь ийм бүдэг байгаа нөхцөлд ногоон валютын зохиомол хомсдол газар авч, ханш чангарах эрсдэл үүснэ гэсэн сануулга ч давтамжтай дуулдаж байна. Инфляци хоёр оронтой тоо руу ороогүй гэсэн мэдээллийг ҮСХ-ноос өгсөөр өнөөг хүрсэн. Гэсэн хэдий ч иргэдийн халаасан дахь төгрөгийн ханшийн уналт, дэлгүүрийн лангуун дээрх өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй харьцуулаад харахаар аль хэдийнэ арав давсан гэх тооцоог эдийн засагчид хийгээд эхэлчихлээ. Импортын багагүй хэсгийг нефтийн бүтээгдэхүүн эзэлдэг. Энэ бүтээгдэхүүний үнэ манай улсын суурь инфляцид шууд нөлөөлдөг. 2009-2010 оны Дэлхийн банкны судалгаанд ч энэ талаар онцолж, “Нийлүүлэлтийн гаралтай инфляцитайгаа тэмцээч ээ” гэж зөвлөсөн удаатай. Инфляциа бууруулж чадсан үе бий юу гээд түүх сөхөхөөр үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжих жилүүдэд л инфляци нам дор байжээ. 2012 оны сонгуулийн өмнө батлагдсан гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хянах, хязгаарлах хуулийн балгаар төлбөрийн тэнцэл огцом муудаж долларын ханш төгрөгийн эсрэг чангарч эхэлсэн юм. Гадаадын хөрөнгө оруулалт нүүр буруулсан тэр үед экспортын гол бараа болох зэс, нүүрсний үнэ хоёроос гурав дахин унаж даарин дээр давс нэмж байв. Бүр тодруулж хэлбэл 2012-2014 оныг валютаар ангасан цаг гэж тодотгож болно. Доллар хомсдох хэрээр дотоодын бензин, шатахууны жижиглэнгийн үнэ өсч эхэлснийг уншигчид санаж байгаа байх. 2012 оны өмнөх Засгийн газар сонгууль угтаж Оюу толгой, Таван толгой, Эрдэнэтээс баахан мөнгө урьдчилаад зээлчихсэн шалтгаан ч нэрмээс болж байсныг онцлох учиртай. Таван толгойн нүүрсээ барьцаанд тавиад “Чалко”-гоос зээлчихсэн мөнгөө буцааж төлөх гэж нэлээд юм болсон нь саяхны түүх. Эдгээр өрийг тухайн компаниудын орлогоос суутгаж төлөхөөс аргагүй болсон нь нөхцөл байдлыг бүр ч даамжруулж байсан юм. Тухайн үед үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол долларын ханш, шатахууны үнээ тавиад туух байсныг дээрх баримтуудаас түвэггүй харчихаж болно. Харин хөтөлбөр хэрэгжүүлснээр нийлүүлэлтийн гаралтай инфляци гурван жилийн дотор тэг болсон юм. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляци 14 хувиас 1.9 хувь болж буурч байв.

Эдийн засагч Ч.Отгочулуу “2010-2012 онуудад бид дэлхийн дунджаас өндөр үнээр буюу нэг литр бензинийг ойролцоогоор 1.4 ам.доллараар авдаг байсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн эцэст энэ үнийг 70 цент рүү буулгаж чадсан. Дэлхийн дундаж ойролцоогоор 1.2 ам доллар байдаг. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг ЖДҮ-тэй харьцуулаад байх юм. Маш том ялгаатай шүү дээ. Банк Монголбанкнаас авсан зээлийн эх үүсвэрээр аж ахуйн нэгжид хөтөлбөрийн зээл олгохдоо агуулах дахь бүтээгдэхүүний нөөц болон бусад хөрөнгийг нь барьцаална. Аж ахуйн нэгжид олгосон зээлийн эрсдэлээ банк хариуцна. Компаниуд банкнаас авсан зээлийн эх үүсвэрээр агуулах дахь бүтээгдэхүүний нэмэлт нөөцийг бүрдүүлнэ. Агуулах дахь бүтээгдэхүүний нөөц нь хөтөлбөрт заасан нөхцөлийн дагуу, дотоодын зах зээлд улирлын чанартай борлуулагдаж дуусна. Тэгээд борлуулалтын орлогоосоо банкны зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулна.Монголбанк арилжааны банкинд олгосон зээлийг хугацаанд нь бүрэн төлүүлнэ. Үгүй бол данснаас нь үл маргах замаар шууд суутгаад авчихна. Ийм л зарчим үйлчилсэн. Тэгээд ч энэ хөтөлбөр олны өмнө ил хэрэгжсэн зүйл. Гэтэл ЖДҮ огт өөр. Нэг сайдын тушаалаар л бүх юм хөшигний ард шийдэгдчихсэн байх жишээний. Ийм зарчмын ялгаатай асуудлыг хольж хутах хэрэггүй л дээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан барааны үнийн өсөлт нь 2010-2012 онуудад нийт инфляцийн дунджаар 33.4 хувийг эзэлдэг байсан бол 2013 онд 18 хувь, 2014 онд 4.5 хувь болж буурсан нь бодитой үнэн. Сүүлдээ бүр доошлоод тэг болсон шүү дээ. Нийлүүлэлтийн гаралтай инфляци байхгүй болсон” гэж онцоллоо. Тэгэхээр ам.долларыг хазаарлах эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед инфляциа алдчихгүй аж төрөх нэг гарц байна. Тэр нь инфляцид нөлөөлдөг суурь шалтгаан болсон шатахуун болон өргөн хэрэглээний барааны үнээ цойлуулчихгүй амьдрах гарц шийдэл хайх. Ам.долларын ханш хатуу байх тэр үед шатахууны үнийг тогтворжуулж инфляцийг аргамжиж чадсан арга нь тун энгийн. Шатахууны үнийг хоёрхон аргаар барьсан юм. Нэг нь хөнгөлөлттэй зээл, нөгөө нь валютын форвард хэлцэл. Монголбанкнаас арилжааны банкуудад хөнгөлөлттэй хүүтэй зээл олгож, арилжааны банкууд шатахуун импортлогчдод бага хүүтэй зээл олгож байв. Бага хүүтэй зээл авсан импортлогчид шатахуунаа их хэмжээгээр импортолж дээд талдаа 30 хоног байсан нөөцийг 80-90 хоног болгож өсгөж байлаа. Тэр үед авсан зээлээ бултаараа төлчихсөн, өөрөөр хэлбэл хэн нь ч хэндээ өргүй гэсэн үг. Долларын ханш савлагаатай байсан тухайн цагт валютын форвард хэлцэл хийж ханшийн эрсдлийг тойрч гарсан түүхтэй. Монголбанкнаас арилжааны банкуудтай, арилжааны банкууд нь импортлогчидтой валютын форвард хэлцэл хийсэн учраас долларын ханшийн галзуурал шатахууны үнэд нөлөөлөөгүй юм. Ийм хэлцлийг хоёр сар тутам хийж байв. Долларын өнөөгийн ханш 2630 төгрөг байхад хоёр сарын хугацаатай форвард хэлцэл хийчихлээ гэж бодъё. Хоёр сарын дараа доллар 3000 төгрөг хүрсэн ч хэлцэл хийсэн гэх шалтгаанаар нэг долларыг 2630 төгрөгөөр тооцож шатахууны худалдаагаа хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл долларын ханшийн өсөлт шатахууны үнэд шууд нөлөөлөхгүй гэж ойлгож болно. Ийм хоёр арга хэрэглэсэн учраас шатахууны үнэ 2012-2016 оны хэцүү үед өсөөгүй юм. Өнөөдрийн тухайд ч ялгаагүй. Доллар чангарсан янзаараа, хөрөнгө оруулалт гацсан хэвээр байна. Ирэх жил нүүрсний экспорт төсөвт төлөвлөсөн шиг 43 сая байтугай өнөө жилийн хэмжээгээ нөхөх эсэх нь эргэлзээтэй байгаа. Төсөв өндөр алдагдалтай батлагдсан гэсэн анхаарлын тэмдэг бас бий. Бүр цаашлуулж яривал 1.5 их наяд төгрөг төсвийн хөрөнгө оруулалтад явах нь тодорхой болчихсон. Энэ санхүүжилтийн 40-60 хувь нь шууд импорт болж хувирна. Тодруулж хэлбэл, сонгуулийн өмнөх жилийн төсвийн нэлээд мөнгөөр барилга олноор нь барина, барилгын компаниуд импортоор бараагаа татна гэсэн тайлбарыг өчнөөн эдийн засагч хэлж байгаа. Тэр чинээгээр доллар хомсдож, гадаад валютын албан нөөц багасах эрсдэл бий. Ийм нөхцөлд инфляциа алдчихгүй, доллар, шатахууны үнэд дарлуулахгүй аж төрөх гарц хувилбарыг гаргах үүрэг төв банк, засгийн өмнө ирээд байна.

Бид долларын ханшийг барих гарц, шатахууны үнийг тогтвортой байлгах шийдэл, инфляцийг хөөргөчихгүй амьдрахын тулд яах ёстой талаар эдийн засагчдын байр суурийг сонирхсон юм.

Эдийн засагч Ч.ОТГОЧУЛУУ: Долларын ханшийг урт хугацаанд тогтвортой байлгах хэд хэдэн гарц бий. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Төмөр замын бүтээн байгуулалт, том Таван толгой, Гацууртыг эдийн засгийн эргэлтэнд оруулах зэргийг дурдмаар байна. Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг аж ахуйн нэгжүүдийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад хувьчлах бас нэг арга байна. Хайгуулын лиценз олгох ажлыг идэвхжүүлэх замаар гадны хөрөнгө оруулагчдыг геологи хайгуулын салбарт татах шаардлага бий.

Шатахууны үнийн тухайд импортлогч аж ахуйн нэгжүүдийг нөөц бүрдүүлэхэд нь дэмжих зорилгоор эргэлтийн хөрөнгийн зээлийг гадаад валютаар олгох гарцыг санал болгомоор байна. Үүнээс гадна рубль ба төгрөгийн свап хэлцэл нэвтрүүлэх боломжтой. Нийлүүлэлт их байвал үнэ аяндаа тогтворжино. Ингэхийн тулд валютын зохиомол хомсдол үүсэхгүй байхад анхаарах хэрэгтэй.

“Эгүлэ капитал” судалгааны компанийн судлаач О.БААСАНСҮРЭН: Валютын ханшийн хувьд Монголын валютын орох болон гарах урсгал, эрэлтээс хамаарч тогтдог. Нэг талаасаа, Монгол Улс үйлдвэрлэгч орон биш учраас хэрэглээний тодорхой хэсгээ импортолж авах шаардлага үүсдэг. Энэ нь “төгрөгийн тогтвортой байдлыг хангах” зорилготой Монголбанкинд валютын ханшийн огцом хэлбэлзлийг интервенц хийх замаар бууруулж, ханшийн инфляцид үзүүлэх нөлөөг багасгах сорилтыг бий болгодог. Гэвч энэ арга нь зөвхөн богино хугацаанд нөлөөлнө. Урт хугацааны нөлөө багатай. Мөн 2021 оноос бондуудын үндсэн төлбөр хийгдэж эхлэх тул гадаад валютын нөөцөө өсгөх даалгавар Төв банкинд давхар оногдож байна. Нөгөөтэйгүүр, эрэлт талаас Холбооны нөөцийн банкны бодлогын хүүний өсөлтөөс шалтгаалсан ам.долларын өгөөжийн өсөлт, ирэх онд хүлээгдэж буй сангийн тэлэх бодлого зэрэг нь Төв банкийг төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх буюу бодлогын хүүгээ өсгөж, мөнгөний хатуу бодлого баримтлах нөхцөлийг үүсгэсэн. Тэгэхээр Монголбанк ирэх онд бодлогын хүүгээ дахин өсгөх магадлал өндөр байна. Эндээс харахад төв банк одоогоор богино хугацааны, огцом хэлбэлзлийг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлж байна. Энэ бол үр дүн багатай арга. Иймээс ханшийг тогтворжуулах гол гарц нь ерөөсөө л эдийн засгийн суурь асуудлуудаа цэгцлэх урт хугацааны арга хэмжээ авах. Тодруулбал, эдийн засагт итгэх итгэлийг нэмэгдүүлж, засаглалаа сайжруулах, хээл хахууль, тодорхой бус байдлаа бууруулж хөрөнгө оруулалт татах таатай, шударга нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Үйлдвэрлэл, үйлчилгээгээ дэмжиж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний цэвэр экспортоо өсгөх, валютын албан нөөцөө өсгөх гээд олон зүйлс байна. Шатахууны үнийн хувьд үнийн огцом өсөлтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг сааруулах буюу аажмаар шингээх арга хэмжээ авах нь зүйтэй болов уу.

Эдийн засагч, судлаач Г.ГАНЗОРИГ: Долларын ханшийг урт болон богино хугацаанд гэж ангилж харах ёстой. Богино хугацааны хувьд төв банкны оролцоо чухал. Валютын ханшийн хөдөлгөөн өндөр савлагаа үзүүлээд эхэлбэл төв банкнаас илүүдэл хэрэгцээг хангах буюу интервенц хийх замаар тогтворжуулдаг. Түүнчлэн үүнд бас иргэдийн оролцоо чухал. Ам.доллар, төгрөгийн ханшийн хөдөлгөөнөөс ашиг олох гэж хиймэл эрэлт үүсгэдэг байдлыг бууруулах тухай яриад байна л даа. Сүүлийн 14 жилийн хугацаанд төгрөгийн ханш долларын эсрэг хэрхэн өөрчлөгдөж байсныг судалж үзэхэд, төгрөг долларын эсрэг жилдээ дунджаар зургаан хувиар суларсан байдаг юм. Тэгэхээр энэ нь хөрөнгө оруулалтын аятай сайхан хэрэгсэл мэт сэтгэгдэл төрүүлж байна. Гэхдээ ийм хэмжээний ашиг өгөх өөр олон боломж байгаа, тэдгээрийг сонирхоод үзэх нь чухал. Богино хугацаанд ашиг олж болох санхүүгийн олон хэрэгсэл байхад заавал эдийн засагтаа хортой замыг сонгохгүй байхыг л хүсч буй хэрэг. Харин урт хугацааны хувьд төв банкны интервенц, иргэдийн хүлээлт төдийлөн нөлөөгүй. Эсрэгээрээ Монгол Улсад хангалттай хэмжээний ам.долларын урсгал байгаа эсэх тухай асуудал яригдана. Энгийнээр хэлбэл төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах ёстой. Үүнийгээ бид олон арга хэрэгслээр дамжуулан хэрэгжүүлж болно. Зардаг болон худалдан авдаг бүтээгдэхүүнүүд дээрээ үнийг тогтворжуулах үүсмэл хэрэгсэл авч болно, мөн өөр бусад экспортын бүтээгдэхүүнүүдээ дэмжих ёстой. Экспорт гэхээр нэг бол зэс, нүүрс бодоод үгүй бол ноолуур, эсгий бодоод байдаг. Үүнийг давж харах учиртай юм л даа. Шатахууны үнийн тухайд үүсмэл хэрэгсэл хэрэглэх хэрэгтэй. Энэ нь үнэ огцом хөдлөхөөс өмнө хийдэг арга хэмжээ. Тэрнээс бүх юм болоод өнгөрсөн хойно бослого хийж, хэдэн хүнийг зэмлээд асуудал шийдэгдэхгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *