Categories
мэдээ цаг-үе

Б.Цогбаяр: Малчдын хүүхдүүдийн гуравны нэг нь дотуур байранд амьдардаг

Норвегийн тусламжийн байгууллагын төслийн зохицуулагч Б.Цогбаяртай ярилцлаа.


-“Хүүхэд хөгжил” төслийнхөө талаар танилцуулахгүй юу?

-Норвегийн тусламжийн байгууллагаас хэрэгжүүлсэн төсөл л дөө. Тус байгууллага 1994 онд төлөөлөгчийн газраа Монголд нээж байсан юм. 24 жилийн хугацаанд нийгэм, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт урт хугацааны төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. “Хүүхдийн хөгжил” төслийн хоёрдугаар шат 2018 онд хэрэгжээд дуусч байна. Нэгдүгээр шат нь зөвхөн Ховд аймагт хэрэгжсэн. Хөдөө сумын дотуур байрны хүүхдүүдийг сэтгэл зүйн хувьд илүү таатай орчинд амьдрахад тусалсан төсөл л дөө. Хоёрдугаар шат нь 2014 оноос Баян-Өлгий, Ховд аймагт хэрэгжсэн. Баян-Өлгий аймагт дотуур байртай 29 сургууль байдаг юм билээ. Харин Ховдод 17 сургууль байдаг. Төслийн багийн хамт олон энэ бүгдэд хүрч ажилласан. Хөдөөний багийн малчдын хүүхдэд хүрч ажилласан гэж ойлгож болно.

-Төсөл хэрэгжихээс өмнө дотуур байрны аж байдлыг танай төслийн багийнхан судалж үзсэн байх. Дотуур байранд хүүхдийн эрх олон талаар зөрчигддөг шүү дээ?

-Төслийн суурь судалгааг 2008 оноос хийсэн. Ингээд л баруун аймгуудад хүүхдийн, эрүүл мэндийн чиглэлийн төслүүдээ хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Тухайн үед эрүүл мэнд нийгмийн үзүүлэлтээрээ доогуур байсан л даа. Зургаан настай хүүхдийг нэгдүгээр ангид элсүүлж эхэлсэн үе шүү дээ. “Тэр нялх амьтан дотуур байранд байж чадах юм уу” гэсэн асуудал хөндөгдсөн. Дотуур байранд бага насны хүүхдийг амьдруулахын тулд материаллаг орчин гэхээс илүү сэтгэл зүй, хүмүүжил талаас нь дэмжиж өгөх хүн хэрэгтэй байсан. Багш нар нь мэргэжлийн бус бага насны хүүхэдтэй ажиллах чадвар багатай хүмүүс байсан. Зөв хандлагатай хүмүүс дутагдаж байсан гэсэн үг. Таван жилийн дараа харахад багш, ажилтан, сургуулийн удирдлагуудын хандлага өөрчлөгдсөн байсан. Дотуур байранд засвар үйлчилгээ хийдэггүй, төрөөс олгож буй жаахан төсөв нь хүрэлцээ муутай байсан л даа. Харин өнөөдөр Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, олон нутгийн хөгжлийн байгууллагуудаас төсөв татаж дотуур байранд зарцуулдаг болсон. Хандлага нь өөрчлөгдсөн байна шүү дээ. Үүний тулд бид дотуур байранд амьдарч буй хүүхдүүдээр орчинг нь үнэлүүлсэн. Энэ үнэлгээнд үндэслэж аль үзүүлэлтийг сайжруулах хэрэгтэйг сургуулийн удирдлагууд, сум орон нутгийнхан хамтарч төлөвлөгөөгөө боловсруулж сурсан.

-Гэр бүлийн хайр энхрийлэлд хүмүүжсэн хүүхэд, дотуур байранд хүмүүжсэн хүүхэд эрс тэс өөр байгаа нь ажиглагддаг. Дотуур байрыг боловсон шорон ч гэдэг?

-Нөгөө талаас нь харвал дотуур байранд өссөн хүүхэд бие дааж сурдаг. Нэг багшид оногдож буй хүүхдийн тоо маш их байгаа. Энэ нь өнөөх төсөв санхүүтэй холбоотой асуудал. Дотуур байранд хатуу чанга мөрддөг стандарттай байх хэрэгтэй юм шиг. Жишээ нь, 50 хүүхэд тутамд нэг багш байх ёстой, 51 болчихвол дахин нэг багш гаргаж өгдөг байх. Асрамжийн газартай адилтгах хандлага байдаг ч тийм түгээмэл биш. Дотуур байранд цөөн тооны хүн ажиллаж байна гэсэн үг шүү дээ. Дотуур байрны багш сурган хүмүүжүүлэгчдийг чадваржуулснаар хүүхдүүд дэмий сэлгүүцэх, гэрээ санах нь багасна гэсэн үг л дээ. Өөрийгөө хөгжүүлэх, чадваржуулахад цаг зарцуулж байгаа юм. Тэр боломжийг чадварлаг багш ажилчид гаргаж өгдөг болсон.

-Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд үүргээ биелүүлж анхаарал тавихгүй байх шиг?

-Дотуур байранд малчдын хүүхдүүдийн гуравны нэг нь л сууж байгаа. Үлдсэн нь нь хамаатан, ах дүүгийндээ байдаг. Эцэг эхчүүд дотуур байранд хүүхдээ авчирч орхиод л алга болчихдог асуудал бол төсөл эхэлж байхад ажиглагдсан зүйл. Үүнийг анзаарч эцэг эхийн оролцоог сайжруулах төсөл ажилласан. Эцэг эхийн нэг өдөр гэх үйл ажиллагааг зохион байгуулж хүүхдийнх нь амьдарч буй орчинтой танилцуулсан. Үүний үр дүнд эцэг эхчүүд оролцох шаардлагатайг ойлгосон л доо. Эцэг эхчүүдийн оролцоо нэмэгдсэн. Бид 2014-2015 оны хичээлийн жилд судалгаа хийж дотуур байранд амьдардаг хүүхдийн сурлагын дүнг гэртээ эцэг эхийн халамжид байдаг хүүхдийнхтэй харьцуулж үзсэн л дээ. Хөдөө орон нутгийн дотуур байранд амьдардаг хүүхдийн сурлагын дүн бусдаасаа доогуур гарсан. Харин Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн дотуур байрны хүүхдүүдийн голч дүн гэртээ суудаг хүүхдүүдийнхээс өндөр үзүүлэлттэй гарсан. Хөдөөгийн дотуур байр, төвийн дотуур байр хоёрын сурлагын үзүүлэлт өөр гарсан. Эндээс хүүхдийн сурлагад эцэг эхийн оролцоо чухал нь харагдсан. Хот газрын эцэг эхчүүд ажил амьдрал гээд хүүхдэд хангалттай цаг зав гаргадаггүй юм байна гэх дүгнэлтэд хүрсэн.

-Дотуур байранд ур чадвартай мэргэжлийн багш байсан ч эцэг эхийн хайрыг орлож чадахгүй болов уу. Дотуур байр гэх “шорон” байх хэрэг байна уу. Хүүхдийг 16 нас хүртэл асрах нь эцэг эхчүүдийн хүний үүрэг шүү дээ…?

-Үүрэг мөн. Зарим хариуцлагатай гэр бүл зохицуулалт хийдэг л дээ. Аав нь хөдөө малаа хараад, ээж нь сумын төвд хүүхдээ сахидаг ч юм уу. Гэхдээ өрх бүрт ийм боломж байхгүй. Тэр бүлгийн сурагчдад дотуур байр шаардлагатай. Гагцхүү дотуур байранд амьдрах нөхцөлийг нь л сайжруулаад өгөх хэрэгтэй. Багш, сурган хүмүүжүүлэгчид хүүхдийн хүмүүжил, боловсролд онцгой анхаарах шаардлагатай.

-Өнөөдөр дунд сургуулийн хүүхдийн дотуур байр ямар нэгэн хүчирхийлэлгүй, хүүхэд амьдрахад таатай болсон гэж ойлгож болох уу?

-Манай төсөл алслагдсан Баян-Өлгий, Ховд аймгийн сумдын дотуур байруудад хэрэгжсэн. Төсөл хэрэгжсэн сумдад багш нарын хандлага өөрчлөгдөж, хамтын ажиллагаа сайжирсан. Хамтын ажиллагаа сайжирснаар дотуур байранд үзүүлэх дэмжлэг туслалцаа илүү олон талт болж ирсэн л дээ. Төсөл дуусаад гарахад сургууль, дотуур байрны удирдлагууд илүү олон байгууллагатай хамтарч байраа илүү сайн сайхан болгох зам нь нээгдсэн. Бид материаллаг зүйлээр дэмжихээс сэтгэл зүй талаас нь дэмжихийг чухалчлан үзсэн. Энэ нь дотуур байрны хүүхдүүдэд илүү ач холбогдолтой байсан болохоор тэр шүү дээ. Дотуур байранд зургаан настай хүүхдүүдийн өрөө гээд тусдаа тохижуулаад өгсөн л дөө. Гэтэл тухайн хүүхэд тохижуулсан өрөөнөөс илүү тохь муутай ч ах эгчийнхээ өвөрт унтахыг хүсч байгаа юм. Хүүхдэд гоё ор, ширээ сандлаас илүү өөрийг нь гэсэн хүн хэрэгтэй нь эндээс харагдаж байгаа юм. Манай төслийн гол зорилго нь энэ байсан. Хүүхдийг гэх сэтгэлтэй хүмүүсээр л дотуур байрны орчинг “тохижуулж” өгсөн.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *