Categories
мэдээ нийгэм

Гурван этгээд “Фарм трейд” ХХК-ийн харуулыг хүлж, тус төвийн чингэлэгт байсан эд зүйлийг дээрэмджээ

Энэ сарын 18-19-ний шөнө 05:00 цагийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Цомбо бөөний төвийн хашаанд үл таних гурван залуу халдан харуулд хутга тулгаж, дээрэмдсэн хэрэг гарсан байна.

Тодруулбал, “Фарм Трейд ХХК”-ийн байранд үл таних 165-170 см өндөртэй, хар өнгийн маск зүүсэн бараан хувцастай гурван залуу хашааны хаалгыг эвдэн орсон байна. Улмаар харуулын үүрэг гүйцэтгэж байсан эрэгтэй 56 настай Э гэх ажилтанд хутга тулгаж гар болон биеийг нь скочдож үлдээгээд тус төвийн чингэлэгт байсан эд зүйлийг дээрэмджээ. Сэжигтэн гурван этгээд харуулын ажилтанг мэсээр айлган сүрдүүлж, бүлэглэн зодож, улмаар хүлж үлдээгээд эд зүйл хадгалдаг чингэлэгний цоожийг эвдэж дээрэмдсэн аж. Тэд нийт 16 хайрцаг тамхи буюу 20 сая орчим төгрөгний барааг дээрэмдэн авч, хэргийн газраас зугтжээ. Энэ хэргийг анх дээрэмдүүлсэн чингэлэгний эзэн хараад дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн байна. Мэдээлийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн очиход хэргийн газраас эд мөрийн баримтаар цоож хоёр ширхэг, асаагуур нэг ширхэг, хэрэглээд үлдээсэн скоч, гарын дардас хоёр, гутлын мөр хоёр зэрэг нотлох баримтуудыг бэхжүүлэн авч, хэрэгт хавсаргажээ. Уг хэргийг үйлдсэн хар масктай үл таних этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг орон даяар шуурхай эхлүүлсэн байна. Хэргийг харъяаллын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүргэлийн ажиллагааг нээж, мөрдөн шалгаж байгаа юм. Харин хохирогч болох харуулын үүрэг гүйцэтгэж байсан Э-ийн хоёр хавирга хугарсан гэмтэлтэйгээр ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *