Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос зохион байгуулдаг Үндэсний лигийн тэмцээнд БНАСАУ-ын тамирчид оролцдог билээ.
2019 оны нэгдүгээр сард эхлэх Үндэсний лигийн тэмцээнд БНАСАУ-ын дөрвөн тамирчин, дасгалжуулагчийн хамт оролцоно. Харин манай сагсчид ирэх оны хагаст тус улсад хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. БНАСАУ-ын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнээр Гадаад хэргийн сайд Ри Ён Хо ажилладаг. Тэрбээр Монгол Улсад энэ сарын 8, 9-нд албан ёсны айлчлал хийхдээ УИХ-ын гишүүн, МҮСБХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэтэй уулзаж, хоёр орны сагсан бөмбөгийн холбоодын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцжээ.
Сүүлийн жилүүдэд БНАСАУ-ын сагсчид манай улсын Үндэсний лигийн тэмцээнд оролцох болсон бол Монголын сагсчид ирэх онд хамтарсан бэлтгэл хийх боломж бүрдсэн байна.