Categories
мэдээ цаг-үе

Монголын уулын зэрлэг гүзээлзгэнийг таримал гүзээлзгэнэтэй зөгийгөөр тоос хүртээлгэн эвсэлдүүлэх замаар нутагшуулж байна

“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг жил бүрийн арваннэгдүгээр сард тэмдэглэдэг. Уг өдрүүдээр эрдэмтэн, судлаачид шинжлэх ухааны салбарын дэвшил, шинэ нээлт, ололт, үр дүн, амжилтаа нэгтгэн дүгнэж, харилцан мэдээлэл солилцож, бүтэн жилийн мэдлэг, оюуны хөдөлмөрөө нийтэд дэлгэн танилцуулахаас гадна шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэл тогтоох, инновацийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах худалдан авалтаар дэмжих зорилготой байдаг билээ.

“Мөнх ногоон амьдрал” ТББ-ын тэргүүн, “Асрал” компанийн захирал Х.Алтанцацрал “Бид өвлийн хүлэмжинд гүзээлзгэний суулгацыг нутагшуулан үржүүлэх төслөө “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2018”-ийн үеэр танилцуулсан. Шинжлэх ухаан технологийн сангийн инновацийн төслийн хүрээнд манай эрс тэс уур амьсгалтай өвөл, хаврын улиралд хүмүүст шинэхэн, витаминлаг жимс жимсгэнэ хэрэглүүлэх бололцоо бий болгох зорилт тавьж байгаа. Манай улсын уулын зэрлэг гүзээлзгэнэ долдугаар сард хальт үзэгдээд өнгөрдөг. Манай өвлийн хүлэмж гадаад орнуудын таримал гүзээлзгэнүүдийг Монголын уулын зэрлэг гүзээлзгэнэтэй зөгийгөөр тоос хүртээлгэн эвсэлдүүлэх замаар нутагшуулж, гүзээлзгэнийг үржүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Тэр дундаа Польш, Орос, Хятад, Солонгос гэсэн дөрвөн сортийн гүзээлзгэнийг сонгодог. Үржүүлсэн гүзээлзгэнээ “Алтан” брэнд гэж нэрлэсэн. Манай гүзээлзгэнэ бусад орны таримал гүзээлзгэнээс амьдрах чадвар илүү өндөр байдаг” хэмээн ярьсан юм. Мөн манай нэг бутнаас 300-500 гр гүзээлзгэнэ гардаг. Амтны хувьд исгэлэндүү, чихэрлэг уулын зэрлэг гүзээлзгэний амт үнэрийг хадгалсан. Манайх төслийн хугацаанд хүлэмжинд болон гэрийн нөхцөлд гүзээлзгэнэ тарих агротехнологийн сургалтыг долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд тогтмол зохион байгуулдаг. Одоогоор 1500 хүнийг хамруулаад байна. Мөн бид 60000 гаруй суулгацын нөөцийг бэлэн болгоод байна. Манай брэндийн гүзээлзгэний үрсэлгээг 10 гаруй аймгийн ногоочдод 14 мянга орчим үрсэлгээ өгснөөр тэдгээр нь ургацаа өгч эхлээд байна. арванхоёрдугаар сарын сүүл нэгдүгээр сарын эхээр эхний ургацаа авах гээд ажиллаж байна” гэсэн юм. Гүзээлзгэнэ цэцэглэнгүүт цэцэг жимсэнд нь тоос хүртээх шаардлагатай байдаг аж. Байгалийн нөхцөлд салхиар, нэг цэцгээс нөгөө цэцэг тоос хүртдэг. Эсвэл шавьжаар тоос хүртдэг. Харин өвлийн улиралд дулаан алдахгүй гээд битүүлчихсэн хүлэмжинд салхи байхгүй учраас тоос хүртээх боломжгүй. Үүнийг шийдэхийн тулд зөгийн нэг бүлийг авчирч, гүзээлзгэний суулгацууд дундаа тавьсан аж. Зөгий өвлийн улиралд идэвхигүй амьдралд шилжиж ичдэг амьтан. Өвөлдөө унтаж байх ёстой зөгийг зуныхтай адилхан температуртай хүлэмжинд авчирсан тухай ярьж байв. Зөгийн бүлийг дунд нь байршуулснаар зөгий олон сортын гүзээлзгэнийг хольж тоос хүртээгээд нэг ёсондоо хооронд нь хольж байгаа юм. Гүзээлзгэнэ хүйтэнд тэсвэртэйд багтдаг бөгөөд +5 градусаас доош сэрүүсэхгүй л бол хөлдөж, ургах чадвараа алдах нь гайгүй байдаг байна. Тэр үүднээсээ гүзээлзгэнэ сонгож тарьсан аж. Ургамал ургахад үндсэн хэдэн нөхцөл шаардлагатай байдаг. Манай нөхцөлд хамгийн хүндрэлтэй асуудал нь өвлийн улиралд дулааныг яаж барих вэ гэдгээс гадна гэрэл, усалгаа, чийг, шим тэжээл. Эдгээрийг бүрдүүлбэл хаана ч ямар ч ургамал, ногоо ургуулах боломжтой гэдгийг онцолж байлаа.

НЭН ХОВОР УРГАМЛЫГ ЛАБОРАТОРИЙН НӨХЦӨЛДУРГУУЛАНТАРИМАЛЖУУЛЖ БАЙНА

Ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч Ю.Оюунбилэг “Манай орны уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг эм тангийн жоронд орох давтамжаараа тэргүүлдэг “Эгэл годил” өвс хагас усны ургамал бөгөөд үндэслэг ишээр салж үрждэг. Зарим нэн ховор, ховор эмийн ургамлыг хамгаалах биотехнологийн чиглэлийн суурь судалгааны төслийн хүрээнд нэн ховор ургамлын генетик нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор лабораторийн нөхцөлд ургуулан тарималжуулж эхлээд байна. Одоогоор 20 гаруй ашигт болон нэн ховор ховор эмийн ургамлыг биотехнологийн аргаар үржүүлсэн. Байгаль дээр ургамал хөрснөөс ихэнх шим тэжээлээ авч, цэцэглэж үрлэж ургадаг. Харин лабораторийн нөхцөлд жилийн дөрвөн улиралд туршилт судалгаа хийж, ургамал өсч торних шаардлагатай шим тэжээлийн зохиомол тэжээлийн орчинд ургамлыг ургуулдаг. Эгэл годил өвсийг биотехнологийн аргаар ургуулж, үндэслэг ишний ургах чадварыг янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр нэмэгдүүлсэн хэмээн” ярьсан юм.

Дэлхийн дулаарал, цөлжилт зэргээс хамаарч нэг талаас зарим зүйл ургамлын ургах орчин өөрчлөгдсөнөөр ховордох, нөгөөтэйгүүр дэлхийн хүн амын дунд тархах өвчлөлийн төрөл ихэсч, тэдгээрийг анагаахад ургамлын гаралтай эм, биологийн нэмэлт бүтээгдэхүүн ашиглах хандлага ихэссэнтэй холбоотой эмийн ургамлын хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг эм танд өргөн ашиглагддаг, бүтээгдэхүүний түүхий эдийг экспортолж хэрэглэдэг, зарим эмийн ургамлын нөөцийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах, генетик нөөцийг хадгалж үлдэхэд орчин үеийн дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх нь үйлдвэрлэлийн бүтээмж болон бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх гол үндэслэл болдог аж. Эгэл годил өвс нь газрын хөрсөнд хэвтээ байрлалаар ургадаг ба үе бүхнээс нь шинэ нахиа урган гарах зарчмаар үрждэг бөгөөд ус, эрдэс бодисыг нахиа тус бүрт дамжуулах үүрэгтэй байдаг байна. Үндэслэг ишний эрдэс бодисыг нөөшлөх, дамжуулах үүрэгтэй уялдан энерги, бодисын солилцоотой холбоотой генүүд, эсийн хуваагдал, элонгацид оролцдог өсөлт зохицуулагчид тухайн эрхтэнд ихээр нийлэгждэг болохыг дэлхийн олон улс орны судлаачид тодорхойлжээ. ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн хамт олон “Монгол орны зарим ховор эмийн ургамлыг хамгаалах биотехнологийн үндэслэл” сэдэвт суурь судалгааны сэдэвт төслийн хүрээнд эмийн чухал ач холбогдолтой. Нэн ховор ургамал болох Эгэл годил өвсийг биотехнологийн аргаар ургуулах, эдгээр ургамлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, байгалийн нөөцийн хэрэглээг багасгах, түүхий эдийн импортыг орлуулах зорилгоор уламжлалт эмийн үйлдвэрлэлийн “Монг-Эм” ХХК-ийн эмийн ургамлын плантацид шилжүүлэн тарьж туршиж эхлээд байгаа аж. Үндэслэг иш өсч хөгжих нь гадаад орчны болон тухайн ургамалын дотоод механизмаас хамааралтай, олон генийн оролцоотой явагддаг цогц процесс бөгөөд үүнийг зохицуулдаг молекул механизмыг транскриптом анализаар тодорхойлох зорилгын хүрээнд тус лабораторийн залуу судлаач Ө.Болортуяагийн “Дэлхийн шинжлэх ухааны академиас” (TWAS) зарласан хөгжиж буй орны залуу судлаачдыг дэмжих хөтөлбөрт хүргүүлсэн төсөл дэмжигдэж дараагийн шатны судалгаа хийгдэх боломж бүрдсэнийг хэлж байв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *