Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2016 онд ажлаа авсан даруйдаа Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргасан. Энэхүү захирамж хэрэгжсэнээр нийтийн эзэмшлийн талбайд болон сургууль, цэцэрлэгийн эзэмшлийн талбайд цаашид замбараагүй баригдах барилга, байгууламжийг хязгаарлаж эхэлжээ. Мөн нийслэлийн “Газрын реформ”-ын хүрээнд нийтийн эзэмшлийн болон сургууль, цэцэрлэгийн талбайд талбайд хууль бусаар олгогдсон газруудыг хуулийн дагуу цуцалж, ногоон байгууламж, амралт зугаалга, спорт цогцолбор байгуулах ажил үргэлжилж байна. Хотын дарга өчигдөр дахин нэгэн захирамж гаргалаа. Захирамжаар хүн амын тооцоот нягтрал 1 га газарт 450 байх хязгаарыг давсан нийслэлийн 6 дүүргийн 111 байршил, 1044 га газарт цаашид инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар, шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй. Энэхүү шийдвэрийн дагуу Баянгол дүүрэгт 36, Баянзүрх дүүрэгт 31, Сүхбаатар дүүрэгт 13, Чингэлтэй дүүрэгт 6, Хан-Уул дүүрэгт 15, Сонгинохайрхан дүүрэгт 10 байршилд тус тус шинээр барилга барих зөвшөөрөл олгохгүй юм байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Бөхийн өргөөний уулзвараас урагш Сангийн хорооны гудамж орчмын 7.2 га талбайд хүн ам, барилгажилтын нягтралыг тооцож үзэхэд нягтрал 500-600 хүн/га байна.