Categories
мэдээ нийгэм

Олон улсын “Уулын Өдөр”-ийг дэлхийн олон оронд тэмдэглэж байна

НҮБ-ын шийдвэрээржил бүрийн 12 дугаар сарын 11-ний өдрийг олон улсын “Уулын өдөр” болгон тунхаглан баталж дэлхий даяр тэмдэглэж ирсэн билээ. Энэ өдрийг дэлхийн олон нийт 2003 оноос эхлэн 16 дахь жилдээ тэмдэглэж байна.Жил бүрийн уриа өөр байдаг. Өнөө жилийнх “Уулын ач холбогдолд анхаарлаа хандуулья” уриан дор зохиогдох юм. Байгаль орчныг хамгаалах зорилготой олон санал санаачилга гарч, ажил өрнөж байдаг хэдий ч мэргэжилтнүүдийн судалгаагаар уул бол нэг ёсондоо мартагдсан орчин гэж үзэж болохоор. Уулчин ба ууланд аялах дуртай хүмүүсийг эс тооцвол уул бол хүмүүсийн анхаарлын гадна байдгийг анзаараарай. Өөрөөр хэлбэл, нийт хүмүүсийн сэтгэл санаанд шууд утгаараа хол байдаг. Чухам иймийн учир өнөө жилийн “Уулын өдөр”-ынуриаг уул усны ач холбогдолд олон нийтийн анхаарлыг хандуулж буй ажээ. Энэ сэдвийн гол агуулгыг тоймловол:

Уул нь усны эх үүсвэр болдогын хувьд ач холбогдолтой. Учир нь, ихэнх гол мөрөн уулнаас эх авдаг бөгөөд уул нь нэг ёсны усны цамхаг болж буй. Уулнаас урсаж буй цэвэр ус нь манай гаригийн цэвэр усны нөөцийн 60-80 хувийг бүрдүүлдэг. Гэтэл цэвэр усны томоохон нөөц болдогмөсөн голууд гэхэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хайлж үгүй болж байна. Тухайлбал, сүүлийн 10 жилд 600 орчим томоохон мөсөн гол бүрмөсөн хайлж алга болсон нь хэдэн тэрбум жижиг гол горихуудад сөрөг нөлөө үзүүлсэн байна.

Уул нь байгалийн гамшигийг багасгахад ач холбогдолтой. Уур амьсгалын өөрчлөлт нь олон төрлийн байгалийн гамшгийг өдөөж байдаг. Жишээ нь, цасны нуралт, шаврын урсгал, гулсалт нь ой модыг сүйтгэх, хот суурийн газрыг үет автуулах аюул учруулж байдаг.

Уул нь аялал, жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдолтой. Дэлхийн хэмжээнд аялан жуулчлагчдын 15-20 хувь нь уул руу явж байна. Уулын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь бизнест ашигтай, эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц болдог ч уулын аялал жуулчлалын ашиг шим нь ууланд амьдарчбуй орон нутгийн хүмүүст хүртээмж багатай, тэдний амьдралядуу хэвээр байна.

Уул бол хоол хүнсний хувьд ач холбогдолтой. Ууланд болон уулын бүс нутагт олон төрлийн ногоо, тариа будаа тариалж хүнсэнд хэрэглэж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь уулын хөдөө аж ахуй/ХАА/-д сөрөг нөлөө үзүүлж улмаар ууланд амьдардаг хүмүүс хүнсний хомсдолтой нүүр тулж эхэлжээ.

Уул нь залуучуудын хувьд ач холбогдолтой. Хэдийгээр уул сайхан ч тэнд амьдарч буй олон мянган залуучууд уугуул нутгаа орхин хот суурин газар бараадах болсон нь уулан дахь газар тариалан болон уулын бэлчээрийг эзэнгүйдүүлэх, уулын ХАА-н салбарт ажиллах хүчний хомсдол үүсгэж, түүхэн уламжлал тээгч өвөрмөц ахуй, соёл уламжлал алдагдах аюул нүүрлэж буй .

Уул нь нутийн уугуул иргэдийн хувьд чухал ач холбогдолтой.Тухайн уулархаг нутагт олон зуун жилийн турш амьдарч ирсэн нутгийн иргэд байдаг бөгөөд тэд өөрийн гэсэн ахуй, хэл, соёл уламжлалтай. Уулын иргэдийн байгаль орчинтойгоо дасан зохицсон ахуй амьдралын хэв шинж, орон нутгийн байгалийн тэнцвэрт төлөв байдлыг хадгалахад чиглэгдсэн олон зуун жилийн ухаалаг хэрэглээний арга уламжлалыг хадгалах нь чухал ач холбогдолтой юм. Эс бөгөөс “устах” аюул ойртох болно.

Уул нь биологийн олон янз байдалд ач холбогдолтой. Дэлхийн биологийн олон янз байдлыг илтгэсэн “халуун цэг”-ийн тал хувь нь ууланд байдаг бөгөөд газрын гадаргуйн биологийн олон янз байдлын дөрөвний нэгийг уул тэтгэж байдаг. Уул бол ховор ан амьтан, ургамлын байгалийн орчин билээ. Жишээ нь, янгир, аргаль угалз, ирвэс г.м.ховор амьтан, вансэмбэрүү, цагаан уул цэцэг г.м. ургамал эдгээрт хамаарна.

Хүмүүсийн ахуй амьдралд уул ус ямар ач холбогдолтой, уул усны ойролцоо зохистой аж төрөх, уулархаг бүсэд амьдарч буй хүмүүсийн нааштай үйл ажиллагааг дэмжих, байгальорчноо хамгаалах талаар энэ өдөр олон нийтийн дунд соён гэгээрүүлэх ажил зохион байгуулахыг Олон Улсын Уулчдын Холбоо/UIAA/-ноос гишүүн байгууллагуудад уриалжээ.

ОУУХ нь дэлхийн 68 орны 92 үндэсний уулчдын болон спорт авиралтын байгууллагуудыг нэгтгэдэг. МУҮХ нь тус холбоонд 2010 онд бүрэн эрхэт гишүүнээр элссэн бөгөөд 2015 онд анх удаа ОУУХ-ны Залуучуудын комиссын орлогч гишүүн, 2017 онд тус комиссын бүрэн эрхт гишүүнээр сонгогдсон юм. Түүнчлэн тус холбооны Аюулгүй байдал болон Эрүүл мэндийн комиссын орлогч гишүүнээр 2016 онд тус тус сонгогдон ажиллаж байна.МУҮХ-ны урилгаар ОУУХ-ны Дэд Ерөнхийлөгч П.Фааркашнь 2014 оны 10 сард Монголд анх удаа ажлын айлчлал хийсэн бөгөөд тэрбээр мөн 2016 оны 1 дүгээр сард болсон МУҮХ-ны Чуулганд урилгаар оролцож байв.ОУУХ/UIAA/-ны Ерөнхий чуулганыг 2018 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо анх удаа амжилттай зохион байгуулсан билээ. МУҮХ-ноос сүүлийн жилүүдэд Олон улсын “Уулын Өдөр”-ийн үйл ажиллагаанд анхаарал хандуулан ажиллаж байна. Хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүдээр сурталчлах, гадаад орнуудын сайн туршлага, мэдээ мэдээлэлийг манай улсын иргэдэд таниулах зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Цаашид үүнээс илүү ашиг тустай олон ажил өрнүүлэх бүрэн боломжтой. Иймд МУҮХ-ний гишүүн клуб, холбоо, ууланд алхагч, аялагч нар болон уулархаг бүсэд ажиллаж амьдардаг ард иргэд Та бүхнийг өөр өөрсдийн нөхцөл бололцоог ашиглан “Уулын өдөр”-т ажил хэрэгчээр нэгдэхийг уриалж байна. Өөрсдийн санал бодол, хийж бүтээсэн үйл хэргийн талаар бидэнд: ganchimeg_1226@yahoo.com хаягаар хандвал туйлаас талархах болно. Бид хичээнгүйлэн эмхэтгэж МУҮХ болон UIAA-д уламжилж хүчээ нэгтгэе.

А.Батсүх Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, phD

О.Батсайхан Олон Улсын Уулчдын Холбооны Залуучуудын комиссын гишүүн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *