Categories
мэдээ нийгэм

Томуугийн шалтгаант эдийн засгийн дарамтыг тооцоолох эмч мэргэжилтнүүдийн сургалт болов

Томуу нь улс орны цаашилбал дэлхийн нийгэм эдийн засагт томоохон дарамт үзүүлдэг нийгмийн эрүүл мэндийн анхаарал татсан асуудлуудын нэг юм. Улирлын томуугийн шалтгаант эдийн засгийн дарамтыг тооцоолсноор томуугийн дархлаажуулалтын оновчтой стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх, дархлаажуулалтанд хамрагдах эрсдэлт бүлгийн хүн амын зорилтот бүлгийг эрэмбэлэн тодорхойлох, эрүүл мэндийн хязгаарлагдмал нөөцийг нийгмийн бүлгүүдэд зөв зохистой хуваарилж, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлууд дээр нотолгоонд суурилсан шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

Манай улсын хэмжээнд 2016 онд өмнөх хоёр жилийн томуугийн байнгын тандалтын тоон мэдээн дээр үндэслэн томуугийн шалтгаант дарамтыг тооцсон. Эл судалгаагаар хоёр хүртэлх насны хүүхдэд дарамт хамгийн их буюу жилд дунджаар 100 мянган хүүхдийн 4982 нь томуугийн халдвар авч өвчилдөг болохыг харуулсан байна. Улирлын томуугийн эдийн засгийн дарамтыг судалсан судалгааг өндөр хөгжилтэй, хөгжсөн орнууд хийсэн байдаг ч дунд бага орлоготой улс оронд хийгдсэн тохиолдол ховор билээ. Иймд улирлын томуугийн эдийн засгийн дарамтын судалгааг Улаанбаатар хотын томуугийн харуулдан тандалтын нэгжийг түшиглэн АНУ-ын “Өвчний хяналт сэргийлэлтийн төв” болон “Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллага”-ын санхүүгийн болон мэргэжил аргазүйн тусламж дэмжлэгтэйгээр арванхоёрдугаар сараас эхлэн зохион байгуулахаар болсон тул судалгаанд оролцох эмч, мэргэжилтнүүдийг сургах шаардлагатай байна.

Улирлын томуугийн эдийн засгийн дарамтыг тооцоолох судалгаанд оролцох тандалтын нэгжүүдийн эмч, мэргэжилтэн нарт хийх сургалт энэ сарын 6-нд Контенинталь зочид буудалд боллоо. АНУ-ын Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагын дэмжлэгтэйгээр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны алба, Томуугийн үндэсний нэгжээс зохион байгуулсан энэ сургалтанд Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, томуугийн тандалт хариуцсан тархвар судлагч эмч, ӨЭМТ-ийн дарга, эмч нар оролцлоо. Сургалтын үеэр улирлын томуугийн эдийн засгийн дарамтын судалгааны аргачлал, судалгааны хуудас, календарьчилсан төлөвлөгөөг танилцуулж, судалгааны хуудсыг бөглөх аргыг танилцуулан оролцогч нараар бөглүүлж санал авчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *