УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай ярилцлаа.
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг алт үйлдвэрлэгчид 2.5 хувиар төлж байна. Энэ хуулийн заалт 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болж байгаа. УУХҮЯ-наас дээрх төлбөрийг 2023 он хүртэл 2.5 хувь хэвээр хадгалахаар хуулийн төсөл боловсруулжээ. Таны хувьд уг асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Яагаад эсэргүүцэх болсон талаараа тодруулаач?
-Алтны татвар өмнө нь их өндөр байсан. Гэнэтийн ашгийн 68 хувь, өсөн нэмэгдэх роялти гэж 10 хувийн татвар авдаг байв. Гэтэл гэнэтийн ашгийн 68 хувийг байхгүй болгосон. Өсөн нэмэгдэх роялти хувийг тав болгож бууруулсан. Одоогоос таван жилийн өмнө бүр 2.5 хувь болгосон юм. Тухайн үед Алтны ил тод байдлын тухай хуулиар уг татварыг бууруулах асуудал орж ирсэн. Энэ нь УИХ-аар дэмжигдээгүй юм. Гэтэл 20 хоногийн дараа лоббигоор Ашигт малтмалын хуулинд өөрчлөлт оруулах замаар ороод ирсэн. Тэр асуудал нь хэдхэн хүний саналаар дэмжигдчихсэн. Ер нь алтны ангуучдын лобби хүчтэй байдаг л даа. 2.5 хувь нь хэтэрхий бага татвар. Олон улсын ойлголтоор энэ нь татвар огт биш, зүгээр л шимтгэл. Тиймдээ ч миний хувьд энэ асуудлыг эсэргүүцэж байгаа юм. Татвар байж төр байна. Гэтэл татвараа бүрдүүлж, улсаа авч явж чадахгүй байна. Төсвийн цоорхойтой, гадны зээл тусламжаар л явж байгаа нь дэндүү эмгэнэлтэй байгаа юм. 2019 оны төсөв бараг хоёр их наядын алдагдалтай байна шүү дээ. Зохих татвараа авах л ёстой. Тэр дундаа байгаль орчин сүйтгэж алт ухаж байгаа хүмүүсээс таван хувийн татварыг заавал авах шаардлагатай. Хүн хөдөлмөрлөж олсон цалингаасаа нийгмийн даатгалд 10 хувь, орлогоосоо 10 хувийг төлдөг. Хүн хийсэн хөдөлмөрийнхөө үр шимээс ийм татвар төлж байна. Гэтэл алтных 2.5-хан хувь байгаа. Ийм татвартай улс дэлхийд байхгүй дээ.
-Алтны татварыг хэдэн хувьтай байвал боломжтой гэж харж байгаа вэ?
-Хуучнаар нь буюу таван хувьтай байлгах нь л зөв. Тэгэхээр “Монголбанк, арилжааны банкинд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” гэсэн заалтыг сунгах шаардлагагүй.
-Олон улсын жишиг ямар байдаг юм бэ?
-ОХУ-д зургаан хувьтай байдаг. Ашгийн татвар бүр өндөр авдаг. БНХАУ-д ч гэсэн маш өндөр. Гэхдээ БНХАУ-д улсын л үйлдвэр бий. Хувийн болон гадны компанийн алтны үйлдвэр гэж байдаггүй. Алтыг стратегийн түүхий эд гэж үздэг учраас зөвхөн улсын мэдэлд байлгадаг. Ер нь манайх шиг ийм бага татвартай орон нэг ч байхгүй. Манайх маш их байгалийн баялагтай орон хэрнээ олон улсын жишгээр татвараа авч чадахгүй ядуурал, эдийн засгийн хямралтай нүүр тулчихаад байна л даа.
-Алтны ангуучдын лобби хүчтэй байдаг гэж та хэллээ. Энэ удаад ч гэсэн алт борлуулагчдын лобби орсон гэж үзэж байгаа юу. Ямар хүмүүс байгаа талаар дурдаж болох уу?
-Мэдээж тийм. Алтны ангуучдын лобби үеийн үед хүчтэй байдаг. Алт олборлохын тулд байгаль орчныг маш их хэмжээгээр сүйтгэдэг. Тиймээс олон улсын жишигт хүрэх хэмжээний татвар төлөх ёстой.
-Алтны татварыг бага байлгах нь олон давуу талтай талаар салбарын сайд нь яриад байсан л даа. Тэдгээр нь хэр үндэслэлтэй юм бэ?
-“Одоогоос таван жилийн өмнө алтны тушаалт гурав, дөрвөн тонн болтлоо буурсан. Харин одоо 18 тонн болтлоо нэмэгдчихлээ” гээд байгаа юм. Энэ нь зөвхөн татвартай холбоотой гэж ойлговол өрөөсгөл болно. Гол нь таван жилийн өмнө урт нэртэй хуулийн зарим заалтуудыг цуцлаад зөөллөсөн. Ингэснээр 300 гаруй алт олборлогч компанийн эрх нь сэргэсэн юм. Мөн урт нэртэй хуулийн өөрчлөлтөөр голын бүс, ай сав ойн бүс газарт ойртож алт олборлодог болсон. Эдгээрээс үүдэж тушаах алтны хэмжээ нэмэгдсэн.
Түүнчлэн татварыг өндөр тавьчихвал алт олборлогч, алт худалдан авагч нь хууль бусаар алтыг хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийхийн сөрөг талтай гэж хэлээд байгаа. Энэ бол төр хүчгүйн шинж. Цэрэг, цагдаа, хууль, гааль гээд бүгдийг нь ашиглаад хяналтаа тавих ёстой. Ирэх жилээс гаалийн хяналт шалгалтыг сайжруулахын тулд шинэ тоног төхөөрөмж авна. 60-н тэрбум төгрөг төсөвт суугдсан. Энэ нь алтны хулгайг таслан зогсооход зохих үр дүнгээ өгнө. Алтыг хууль бусаар хилээр гаргана гэж байгаа ч тонн, тонноор нь зөөчихнө гэж бодохгүй байна. Үүнд би итгэхгүй байна. Энэ бол зүгээр л нэг шалтаг.
-Хууль хяналтын байгууллагаас ЖДҮ-ийн асуудалтай нэр холбогдсон албан тушаалтнуудад шалгалт хийж байгаа. Та шалгагдаж байгаа юу?
-Ажлын хэсэг гараад шалгаж байгаа. Ном журмаар нь шалгана биз. ЖДҮ-ийн асуудал гарахад би “Миний хувьцаа эзэмшдэг компани зээл авсан” гэдгээ шууд илэрхийлсэн л дээ. Нэрээ нууж, өөр компаниар аваагүй. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг компани байгаа. Тариа, төмс тарьж, гурил, малын тэжээл үйлдвэрлэж, талх барьдаг л компани юм. Эдгээр бүтээгдэхүүнүүдээрээ Дорнод аймгийн хэрэгцээг 70-80 хувь хангадаг. Компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд зориулж зээл авсан. Хөнгөлөлттэй зээл авах хүсэлтээ 2017 онд тавьсан. Тэр төслөөрөө л энэ жил зээл авсан юм.
-Та Ерөнхий сайдыг огцруулах чуулганы хуралдаан дээр “Том эрх ашгийн төлөө гарын үсгээ харамлачихаад шударга ёсны зарчим гэж ярихаа боль” гэж байсан л даа. Энэ тухайгаа тодруулаач?
-Гишүүд шудрага ёс, зарчмын талаар их ярьсан. Тэр нь их гоё сонсогдож байна лээ л дээ. Тэд үнэхээр ярьсан шигээ байсан бол Монгол Улс эдийн засгийн хямралтай, хүн ардынх нь тал нь ядуу байхгүй. Би тэр хүмүүсийг мэдэж байна. Том эрх ашгийн төлөө дуугарч чадахгүй хэрнээ худал сайхан ярьдаг. Улс эх орны эрх ашгийн төлөө асуудал дээр болохоор кноп нь эсрэг л байдаг. Би ЖДҮ-ийг өмөөрч байгаа юм биш. Энэ бол барьцаатай эргэн төлөгдөх зээл юм. Бүх гишүүдийн ЖДҮХС-гаас авсан зээл нь 50 гаруй тэрбумд хүрч байгаа юм билээ. Гэтэл Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс авсан ганцхан гишүүний зээл дээрх зээлээс илүү байх жишээтэй. Концессийнх ч мөн ялгаагүй. Цаашлаад АСЕМ, Хөгжлийн банкны мөнгийг ашигласан байдал, Эрдэнэтийн луйвар, Дубайн гэрээ гээд олон зүйл бий. Үүний цаана луйварчид нуугдаж байгаа. Хатигны цөм нь тэнд байгаа гэдгийг би хэлсэн юм. Дубайн гэрээгээс үүдсэн хохирол 10, 20 миллиард ам.доллараар тогтохгүй. Үүнийг зогсоох боломж байсан юм. Бид тооцоо хийгээд Монголд маш их хохиролтой байх нь гэж мэдээд эсэргүүцэхээр гарын үсэг цуглуулсан. Гэтэл М.Энхболд, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа,Д.Оюунхорол, Н.Номтойбаяр, Ж. Эрдэнэбат, Д.Эрдэнэбат тэргүүтэй олон гишүүд татгалзаад хөдөлж өгөхгүй байсан юм. Монгол Улсын том эрх ашгийн төлөө гарын үсгээ харамлачихаад зарчим шударга ёс ярих эрхгүй.
-МАН-ын дотоод зодоон ард иргэдийг ихээхэн бухимдууллаа. Ер нь дотоод хагарал хэдийд намжих бол?
-Энэ бол зүй ёсны, жам ёсоороо болж байгаа зүйл л гэж харж байна. Хэдий болтол намаа бодож эв найртай юм шиг дүр эсгэн, булхиа луйвраа хаацайлж суух юм бэ. Улс орон чинь хүнд байдалд орлоо шүү дээ. Олон сонгогдсон гишүүд асуудалтай зүйлүүд их л хийсэн. Гэтэл нэг нэгэндээ юу ч хэлж чаддаггүй. Би дээр ч хэллээ. Дубайн гэрээг хамгаалж суусан хүмүүс бүгд л хуучин гишүүд байсан. Энэ бүхэн задрах ёстой. Нийгмийн шаардлагаар цаг үе нь ирж задарч байна. Энэ бол нийгэм цэвэршихийн дохио. Ганцхан манай нам гэлтгүй АН ч гэсэн задарч байна. Зөв зүйлийн төлөө нийгэм сэрж байна шүү. Үүнд сошиал ертөнц маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Дээр үеийнхээр ардын хяналтын үүрэг гүйцэтгэж байна л даа. Энэ асуудалд их баяртай байгаа.