Categories
мэдээ улс-төр

Ж.Мөнхбат: Засгийн газар өөрсдөө саналаа өгөөд огцор. Бидэнтэй, бидэнгүй Монгол төр шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэхээр байлаа. Гэвч Ерөнхий сайд асуудлыг оруулж ирж, танилцуулаагүй байна. Нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцруулахыг шаардаж, чуулганы индэр дээр зогсож, шаардлага тавьсаар байна. Засгийн газрын гишүүд хуралдаандаа орж ирж суусан ч, картаа хийхгүй байгаа юм. Тиймээс гишүүд горимын санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Өнөөдөр чуулганы хуралдаанаар зориуд, зохион байгуулалттай зүйл явж байгаад харамсаж байна. Би ямар буруутай юм. УИХ-аар хэлэлцэх асуудлаа ярих гэхээр намайг давхар хохироогоод байх юм. Хуралдааныг үргэлжлүүлмээр байна. Би Ч.Улаан сайдаас ичээд байна. Өөрийгөө томилох асуудлыг оруулж ирэхээр чуулганы хуралдаанд орж ирээд суунгуутаа, өөрийг нь дэмжихгүй ирцийг хараад картаа сугалчих юм.

Би аль ч талд нь ормооргүй байна. Би яагаад болих ёстой юм. Би хулгай хийгээгүй, ЖДҮ-дээгүй. Маргааш танай намын таван гишүүний асуудал маргааш орж ирэх юм билээ. Өөрсдөө нэрсээ татах биз.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Монголын төр эмгэнэлт драм руу орлоо. Засгийн газрын гишүүд командаар УИХ-ын үйл ажиллагааг бойктолж байна. Энэ Засгийн газарт Монголын ард түмний хамгийн гол салбар болсон ХХААХҮЯ хамаагүй болжээ. Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ гишүүн нар шударга ёсны төлөө явж байгаа юм бол УИХ-ыг тараах миний бланк дээр гарын үсгээ зур. Эрх барьж байгаа МАН төр, засгийг доромжилж болохгүй. Дарга, сайд нарын албан тушаалдаа ямар хайртай, үхэн хатан хамгаалдаг юм. Засгийн газар өөрсдөө саналаа өгөөд огцор. Бидэнтэй, бидэнгүй Монгол төр шүү. Амин хувийн эрх ашгаа эх орны дээр тавьж, битгий дарвалзаад байгаарай та нар.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Засгийн газар огцорсон ч, эс огцорсон ч нийгэмд бугшсан асуудлаа сайн хэлэлцсэн гэж ойлгосон. Ард түмэн одоо ажлаа хурдан хий гээд байгаа. Нэгэнтээ олон өдөр хуралдаж хэрүүл уруул болсон Засгийн газраа шахаж, ажлыг нь хийлгээд явъя гэж байгаа. Өнөөдөр -30 хэм хүйтэн болсон. Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг удирдаж байсан хүний хувьд сайдыг нь томилох шаардлагатай.

Нээлттэй сонсгол хийлгэе гэсэн гишүүний нэг нь би. Гэхдээ 19 гишүүн л гарын үсэг зурсан. Хууль дүрэмтэйгээр хийх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудлыг хэлэлцээд явмаар байна. Энэ салбар эзэнгүй хэцүүдлээ. Миний горимын саналаар санал хураалт явуулж өгнө үү.

Чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *