Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Ардчилсан нам Ж.Батзанданг намаас нь хасаж, Л.Болд, Д.Мурат нарыг сонгуульд нэр дэвших болон албан тушаалд томилох, хаших эрхийг нь хасах сахилгын шийтгэл оногдуулах шийдвэрийг гаргажээ. Яагаад энэ шийдвэрийг гаргах болов?
-Ардчилсан нам эцсийн мөч хүртэл асуудалд тэвчээртэй хандсан. АН өөрийн үнэт зүйл, үзэл баримтлал, үндсэн дүрэм, журамтай байгууллага. Журмаа хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй энэ алхмуудыг хийж байна. Үүсэх аливаа эрсдлээс болгоомжлоод байгаа юм алга. Хамгийн гол нь улс төрийн намын хувьд дүрэм журмаа барьж, байр суурин дээрээ хатуу байх ёстой. Түүнээс ямар нэгэн хувь хүнийх нь хувьд зөрчилтэй байдлаар асуудалд хандаагүй. Энэхүү тогтоол шийдвэрийг АН-ын дотоод хяналтын дээд байгууллага болох Үндсэн дүрмийн хороо хуралдаж, 100 хувийн саналаар гаргасан. Уг тогтоол шийдвэр дээр үндэслээд шийдвэр гарч байгаа. Хувь хүн, С.Эрдэнэ энэ шийдвэрийг ганцаараа гаргаж байгаа юм биш. Дээрээс нь МАН-ын дотоод зодоон манай намд огтхон ч хамаагүй.
-Л.Болд гишүүн “Хууль, шийдвэр зөрчөөгүй. АН нэг хүний дарангуйллын нам болжээ” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Харин би Л.Болдыг би гайхаж байна. Өөрөө эрх чөлөөний үр шимийг хүртсэн хүн. Ардчилсан намын нэр дээр хамгийн их боломжийг эдэлсэн шүү дээ. Тийм байж ийм үйлдэл хийж байгаад нь би харамсаж байна. 1989, 1990 оны Ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан өдрүүдэд бид хамт явж байсан. Тэр үед бид хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, зах зээлийн нийгэм, хөгжингүй Монголын төлөө залуу, халуун хүслээрээ тэмүүлж явлаа. Гэтэл өнөөдөр Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн босгон дээр Л.Болд маань Ардчиллын эсрэг санал өгөөд зогсож байгаад үнэхээр их гайхаж байна. Тэр тусмаа дарангуйллын сод жишээ болсон хүний төлөө саналаа өгсөнд гайхаж байна л даа. Юу бодож тэгж саналаа өгч байгаа юм. Нийгэмд баялаг бүтээж, амь амьдралаа аваад явч байгаа хэсгийг бүлэглэл, МАНАН гэж эзэн биегүйгээр цоллоод эхэлж байна. Энэ бол яг л 1930-1950-иад оны коммунистуудын шилдэг арга. Лхүмбэ, Гэндэндэмидийн гэсэн зохиомол хэргүүд үүсгэж, хэдэн арваар нь буудаж байсан. Энэ бол түүний сонгодог жишээ шүү дээ. МАНАН гэж яриад л байна.
Тодорхой гэм буруутай этгээдүүд байгаа юм бол хууль хяналтын байгууллагууд нь шалгаж тогтоогоод, хариуцлага тооцоод явах бүрэн боломж байгаа. Гэтэл зүгээр л нийгэмд айдас хүйдэс бий болгоод байх юм. МАНАН гэж хэнийг хэлээд байгаа юм. Сүүлдээ МАНАН гэх нэрээ хэн дуртай дээр нь аваачиж наадаг болсон. Өөрсдийнх нь эсрэг үг хэлэхээр л МАНАН болчихдог. Лхүмбэ, Гэндэндэмидийн хэргүүд чинь яг ингэж л гарсан. Хүмүүсийг эх орны дайсан, урвагч гэж цоллон нийгмийн сэтгэл зүйг бэлдэж байгаад нэг л өдөр олноор нь буудчихдаг. Ард түмэн юу ч хэлдэггүй. Учир нь эд нар дайсан учраас устах ёстой гэсэн бодол суучихсан байдаг. Дараа нь хэдэн арван жилийн хойно тэр хүмүүсийг цагаатгаж байна. Амьдын хагацал, цус, нулимсыг хэн төлөх юм. Яг өнөөдөр тийм жишээ явж байна.
-Ж.Батзандан болон Л.Болд гишүүнийг ашиг сонирхлын зөрчилтэй байсан учраас Засгийн газрыг унагахгүй гэх байр суурийг илэрхийлсэн гэж яриад байгаа. Таны хувьд эдгээр гишүүдийг Ерөнхий сайдын үзэл бодлыг дэмжлээ гэж үзэв үү, эсвэл ашиг сонирхлын зөрчил байсан гэж бодож байна уу?
-Ж.Батзандангийн ах У.Хүрэлсүхийн зөвлөх хийж байгаа. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хийж байгаад тус яаман дээр болсон хүн амины хэргээс болоод огцорсон. Тийм байж буцаад Засгийн газрын тэргүүний зөвлөх болсон нь ёс зүйн хувьд сайн зүйл шиг харагдахгүй л байгаа юм. Мөн Ж.Батзандангийн нэг ах нь Хөх хотын консулаар саяхан томилогдсон. Эхнэр нь нүүрсний тээврийн компанитай. Л.Болд гишүүн “Богд” банктай нь ч үнэн. Гэхдээ Л.Болд “Богд” банкаараа, Ж.Батзандан ах нар, эхнэрийнхээ компаниараа, Д.Муратыг өөрийн хийсэн алдаа, зөрчлөөсөө болж барьцаалагдаад асуудалд хандлаа гэж хэлэх баримт надад алга байна. Яахав сонссон юм бол байна.
-Гишүүдтэй хариуцлага тооцож байгаа энэ үйл явц өөрөө намын дотоод эв нэгдэлд нөлөөлөх үү?
-Үнэт зүйл, дүрэм журмаа уландаа гишгээд бие биенээ тэврээд явахыг эв нэгдэл гэж хэлэхгүй. Бид өөрсдөө хариуцлагатай, үнэт зүйлээ дээдэлдэг байх ёстой. Түүнийхээ өмнө хариуцлага хүлээж чаддаг байх хэрэгтэй. Ирээдүйд энэ нам засаглаж, түмэн олны итгэлийг авч төрийн жолоог барих гэж байгаа юм бол одооноос эхлээд хариуцлагатай, зарчимтай байх ёстой. Тэгж гэмээнэ бид ирээдүйд ард түмнийхээ итгэлийг даасан төрийг залж, чиглүүлэх хүчирхэг улс төрийн нам болж чдана. Хэрэв бие биенийхээ алдааг харсан ч хараагүй юм шиг илт үндсэн дүрэм рүүгээ нулимаад байгаа хүмүүсийг өөгшүүлээд байх юм бол бид дараа нь яаж Монгол Улсын хууль дүрмийг хэрэгжүүлэх юм. Ардчилал гэдэг чинь хариуцлага юм. Эв нэгдэл маш хэрэгтэй. Гэхдээ эв нэгдэл нэрийн дор хуйвалдах ёсгүй. Хамтын шийдвэр гаргаж чаддаг байх нь эв нэгдэл юм.
-Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ. Тэрээр цаашид өөрийн хэлж буй шударга ёсоо тогтоож чадах болов уу?
-Одоогоос нэг жил гурван сарын өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсны дараа У.Хүрэлсүх “Нийгэмд шударга ёс тогтооно. Улс орноо хөгжүүлнэ” гээд л гоё сайхан зүйл ярьж гарч ирсэн. Манай АН-ын бүлгийн есөн гишүүн бүгд дэмжиж кноп дарсан. Манай есөн кнопны ачаар энэ хүн Ерөнхий сайд болсон. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд юу хийв ээ. Ам.долларын ханш 2670, бензиний үнэ Улаанбаатар хотод 2000, хөдөө орон нутагт 2200-2300 төгрөг болсон. Махны үнэ талийгаад л өглөө. Үхэр, адууны мах бараг 10 мянган төгрөг хүрэх нь. Үнэтэй байлаа ч авъя гэхэд мах нь олдохоо байлаа. Махны олдоц улам багасч байна. 60 хэдэн сая малтай Монголд мах ховордож байна гэхээр гайхаад байх юм. Хил гааль, мэргэжлийн хяналт, төр, Засгийн газар юу хийж байна вэ. Ард иргэдийн худалдан авах чадвар улам муудсан. Өргөн хэрэглээний барааны үнэ доод тал нь 200-300 төгрөг, дээд тал нь 3000-4000 мянган төгрөгөөр өсчихсөн байна. Энэ сайн үзүүлэлт үү. Шударга үнэний төлөө яваа Ерөнхий сайдын ажлын үр дүн энэ үү. Дахиад нэг жил зургаан сар энэ хүнээс бид юу хүлээх юм бэ.
Бид МАН-ын аль нэг дотоод бүлэглэлийн талд орж асуудалд хандаж байгаа зүйл байхгүй. МАН гэдэг улс төрийн хүчнийх нь хувьд бид хариуцлага тооцох гэж асуудалд хандсан юм. Бидэнд олдож байгаа боломж нь энэ шүү дээ. Олдож байгаа боломжин дээрээ тулгуурлаж бид хариуцлага тооцох гэж оролдож байгаа юм. Өөр боломж бидэнд байхгүй. Есүүлэхнээ юм чинь бид өөр яах билээ. Дээрээс нь МАН-ын 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс нэг ч зүйл заалт хэрэгжээгүй. Хий хоосон яриад л яваад байгаа. Эд нарт юм хийх хугацаа байхгүй. Он гараад сонгуулийн өмнөх жил учир улстөржсөөр байгаад л таарна. Нөгөө эрх барьж байгаа хэд нь сонгуулийн бэлтгэлээ хангаж байгаа нь энэ гээд түлхүү идэж уух байлгүй. 2020 оны эхний зургаан сард сонгууль руугаа анхаараад юу ч хийхгүй. Тэгэхээр У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас хүлээх зүйл байхгүй. Улстөрч хүний хувьд шуудхан ингэж л хэлэх байна.
-Улс төр цаашид хэрхэн өрнөх бол. Эрх баригч намын дотоод зодоон намжих болсон болов уу?
-Сөрөг хүчний намын даргын хувьд эрх баригч намд дотоод зодоон өрнөөд байвал сайхан л байна байх. Гэхдээ би хүртэл залхаж байна. Одоо болиосой. Ядаж 2020 оны нэгдүгээр сар хүртэл болчихоосой. Нэг жил тайван амгалан байж, ард түмний нурууг тэнийлгэх сэн. Үнэхээр эдийн засаг нь өсөж, хөрөнгө оруулалт бодит боломж байгаа юм бол улс орны хөгжлөө бодоосой. Би ингэж хүсч байна. Эдний намын зодоон дуусахгүй ээ. Чуулганы төгсгөлд хэлсэн намынх даргын үгийг сонсоод энэ нам дотооддоо эвлэрэхгүй юм байна гэдэг дүгнэлт хийхэд хүрсэн. Намын дарга, Ерөнхий сайдын амнаас заналхийлсэн, сөрдүүлсэн үгнүүд л гарсан. Хөөнө, тууна, хариуцлага тооцно, асуудал дуусаагүй шүү гээд л дуусгана лээ. Арай л ална тална гэж хэлээгүй дээ. Уг нь би тэр хүнээс өөр зүйл хүлээж байсан юм. “Өчнөөн олон хоног муудалцлаа. Надад ч гэсэн алдаа дутагдал байсан юм байна. Буруугаа ойлголоо. Та бүхний тавьсан санал хүсэлтийг хийх ажилдаа тусгана. Та бүхэнтэй хамтарч нэг баг болж ажиллана. Нэг нам учраас дотроо ойлголцоод явах ёстой” гээд л эвлэрэл, ухаарлын сайхан үг хэлээд дуусгах болов уу гэж бодож байсан. Аргаа бараад сөрөг хүчний намын дарга нь тийм юм хүлээлээ шүү дээ. Даанч тэгсэнгүй. Цаашдаа улс төрийн өрнөлийг сайн сайхнаар харахгүй байна.
-Ардчилсан намын IX их хурал энэ лхагва гаригт болно. Их хурлаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?
-Нийгэмд үзэл бодол, чиг баримжааны улс төрийн ялгарал ид явагдаж байна гэдэгтэй санал нийлж байгаа. Тийм учраас АН өөрийн үнэт зүйл, үзэл баримтлалдаа өөрчлөлт хийж байгаа. Суурь бус нэмэлт өөрчлөлт хийнэ. Өөрөөр хэлбэл, манай нам цаашдаа баруун төвийн нам хэвээрээ байх уу, хэвээрээ байх бол хувийн өмч, зах зээлийн нийгэм, хувь хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга ёсны асуудлыг юу гэж үзэх вэ гэдгээ шинэ шатанд, өөр түвшинд тодорхойлох зорилготой юм. Хоёр жилийн хугацаанд бид улс орон даяар үзэл баримтлал, үнэт зүйлийнхээ талаар хэлэлцүүлэг явууллаа. Намынхаа бүх шатны байгууллага, гишүүдээрээ хэлэлцүүллээ. Ингэж хэлэлцэж байсан түүх манай намын хувьд байхгүй. Мөн Үндсэн дүрмэнд редакцийн зарим нэг нэмэлт өөрчлөлтүүд орно. Ардчилсан хувьсгалын 30 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол гарна. 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд АН-аас оролцох мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг байгуулж, хяналт тавьж ажиллах чиглэлийг Үндэсний бодлогын хороонд өгөх юм. Үүнтэй холбоотой тогтоол их хурлаар гарна. Бусад гэсэн хэсэгт нь дотоод зохион байгуулалтын ажлууд тус тус багтана. Түүнчлэн намын даргын улс төрийн илтгэл орно. Илтэл дээр санал шүүмжлэлүүд явагдана. Намаас улс төрийн мэдэгдэл гаргана. Өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд өгсөн үнэлэлт дүгнэлт дээр тулгуурлаад мэдэгдэл гаргах юм.
-Өнөөдөр хуралдах Үнэсний бодлогын хороогоор ямар асуудлууд хэлэлцэхээр төлөвлөсөн бол?
-ҮБХ-гоор намын их хурлын дотоод зохион байгуулалт, хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэдэг журамтай. Үүнийхээ дагуу хуралдана.
-Саяхан Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа болон НИТХ дэх АН-ын бүлгийн хэд, хэдэн гишүүдийг намаас нь хассан байсан. Уг шийдвэрийг яагаад гаргах болсон юм бэ?
-Д.Пүрэвдаваа намын дүрмийг удаа дараа зөрчсөн. Намын дүрэм зөрчсөн нь тогтоогдсон. Үндсэн дүрмийн хорооны тогтоол шийдвэр гарсан учраас түүнийг үндэслэж тушаал гаргасан. Баянзүрх дүүргийн намын хорооны зарим нэг хүмүүст тооцсон арга хэмжээг би ногдуулаагүй. Баянзүрх дүүргийн АН-ын даргын тушаалаар хариуцлага ногдуулсан. Тухайн шатны намын дарга өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд Үндэсний дүрмийн салбар хорооны дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргасан юм билээ.