Categories
мэдээ цаг-үе

Ц.Нямсүрэн: Ард түмэн бүхэн өөртөө таарсан төртэй байдаг

АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, философийн ухааны доктор Ц.Нямсүрэнтэй ярилцлаа.


-Философийн ухааны улсын аравдугаар олимпиад сая зохион байгуулагдлаа. Энэ олимпиадын ач холбогдол, онцлогийн талаар ярилцлагаа эхэлье?

-Философийн дэлхийн өдөрт зориулсан үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан философийн улсын аравдугаар олимпиадад арван багийн тавин оюутан мэргэн ухаанаа сорилоо. Сургалт, үйл ажиллагааны үндсэн талбар нь ялгаатай хэдий ч философи хэмээх судлагдахуунаар нэгдэж, Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэн, МУИС, ШУТИС, Монголын Эмнести интернэшнл зэрэг байгууллагаас жил бүр уламжлал болгон хамтран зохион байгуулдаг философийн улсын олимпиад нь Философи, хүний эрхийн уулзварт: Био ёс зүй гэсэн сэдвээр энэ жил үргэлжилсэн бөгөөд АШУҮИС-ийн НЭМСургууль үндсэн зохион байгуулагчаар ажиллалаа. Хамтран зохион байгуулагч байгууллагуудаас хэлэлцэж дэвшүүлсэн олимпиадын сэдэв нь ихэнх нийгмийн хувьд өнөөдөр тулгамдсан асуудлын нэг болсон био ёсзүйг хөндсөнөөрөө ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Нийгмийн шинэ үзэгдэл, хариултгүй байгаа асуудалд гарц, гаргалгаа гаргаж, санал дэвшүүлдгээрээ философи нь хүн төрөлхтний амьдралд чухал хувь нэмэр оруулж ирсэн түүхтэй. Энэ олимпиадын сэдэв ч шийдэгдээгүй олон асуудалд чиглэж байгаа юм. Уг сэдвээр хөндөж буй гол асуудал нь амьдрал дээр хол санагдаж байсан зүйлс хэрэгжээд эхэлчихсэнд оршино. Үүнд нийгмийн анхаарлыг хандуулах нь олимпиадын бас нэг зориолго байсан л даа. Хамгийн гол нь философи бол бие биенээ хүндэтгэх, бусдыг үзэл бодолд хүлээцтэй хандах, нийгмийн өөрчилж чадах, бас өдөр тутмын хэрэглээнд нэвтрэх үнэт зүйл, зарчмын онолын үндэслэлийг тавьж өгөөд зогсохгүй хүний амьдрал, үйл ажиллагаанд утга өгч чадах шүүмжлэлт, чөлөөт, бие даасан, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд нэн тустай байдаг. Чухамхүү иймээс энэ олимпиад нь их дээд, сургуульд философийг судалж буй оюутнуудаар дамжуулж философи сэтгэлгээ, түүний ач холбогдлыг нийгэмд ойлгуулахыг зорьдог онцлогтой юм.

-Оюутан философи судлахын ач холбогдол юу вэ? Оюутанд ямар үр өгөөжтэй юм бол?

-Берлиний их сургууль байгуулагдаж байх үед их сургуулийн нэг үндсэн загвар нь философиор титэм орой хийж, бусад шинжлэх ухаан нь салбарлаж хөгжих санаанд түшиглэсэн байдаг. Энэ санаа орчин үеийн ихэнх их, дээд сургуульд тусгалаа олсон учраас өнөөдөр ямар ч их, дээд сургуульд философи нь үндсэн судлагдахууны нэг хэвээр байна. Хувь хүнд чөлөөт, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг суулгаж өгдөг нь философийн өвөрмөц онцлог юм. Үүнийг бусад шинжлэх ухаанаас бүрэн утгаар нь мэдрэх боломжгүй. Тодорхой шинжлэх ухаанууд өөрсдийн гэсэн тогтсон үнэнтэй, тус үнэнээр дамжуулж, эрдэм мэдлэгээ цааш түгээдэг. Гэтэл философид эцсийн байдлаар олоод тогтоосон үнэн гэж байхгүй. Философи нь асуудлыг цор ганц шийдэлтэй хэмээн үзэлгүй бололцоот бүх шийдэлд, олон талаас нь харж, санал дэвшүүлдэг. Олон өнцгөөс харж байгаа учраас нэгнийх нь зөв, нөгөөгийнх нь буруу гэх бололцоогүй. Иймээс хүнд бусдын үзэл бодлыг сонсдог, хүндэтгэдэг чанар сууж байдаг юм. Бололцоотой олон шийдлээс сонгох нь хувь хүний өөрийнх нь сонголтын асуудал болж үлддэг. Энэ сонголтоо хийхэд нь туслах идэвхт үйл ажиллагаа бол философи. Тэр бол олон сургаал, номлол, измүүдийн цуглуулга биш. Философийн үзэл санааг тусган, нийгэмд тодорхой үзэл бодлоо илэрхийлж, сонголтоо хийхдээ ашигладаг байх нь чухал юм. Бэрхшээлтэй асуудлыг ойлгож, шүүмжлэлтэйгээр эргэцүүлээд шийдлээ гаргахдаа философи мэдлэгээ ашигладаг байх нь чухал гэж ойлгож болно. Энэ чанар нь эрдэм мэдлэгийн хойноос тэмүүлж буй ямар ч оюутанд хэрэгтэй л дээ.

-Орчин үеийн философийн чиг хандлагын тухайд?

-Философи орчин үед нийгмийн амьдралд их орж, нийгэм, улс төрийн хүрээнд юу болж байгаа, юу болохгүй байгааг хэлэлцсэн онцлогтой болж байна. Философийн төвүүд цаг үе бүхэнд өөрчлөгдөж ирсэн түүхтэй. Үүнийг дагаад асуудлууд нь ч өөрчлөгдсөн. Шинжлэх ухааны гэж онцолж болох мэдлэг эртний Грект шашин, домгийн сэтгэлгээнээс салан үүсч байхдаа философи гэх нэрийн дор хуримтлагдаж хөгжиж байлаа. Энэ үедээ орчлон ертөнц гэж юу вэ, юунаас бүрддэг вэ гэх зэргийг судалж байв. Дундад зууны үед бурхан, хойд нас, бурхны оршихуйн талаар ярьдаг болжээ. Дундад зууны харанхуй үеийн дараа олон нийтийг хэрхэн гэгээрүүлэх асуудал чухал болж, ийн мэдлэгийн тухай асуудал шинэ үеэс илүү чухалд тооцогдох болсон байна. Орчин үед хүний амьдрал хийгээд сэтгэлийн мөн чанар гэх мэт асуудал руу илүү төвлөрч ирсэн. Өнөөдөр философи сэтгэлгээний төв нь Франц гэхэд хилсдэхгүй. Ихэнх том сэтгэгч Франц гаралтай, тэнд төрж өссөн байна. Тэдний чиг хандлагыг ажиглахад уламжлалт зүйлст шүүмжлэлтэй хандахын хамтаар өнөөдрийн өдөр тутмын амьдрал руу орж, үүнээс шийдлийн хайдаг өвөрмөц онцлог илэрдэг.

-Өнөөгийн бухимдалтай нийгэм хүний зан, мөн чанарыг эвдээд байх шиг. Энэ тал дээр таны бодол?

-Орчин үе эвдээд байна уу, хүн угаасаа ийм мөн чанартай юу гэдэг төвөгтэй асуудал. Үүнд философичид янз янзаар л хариулж ирсэн байдаг. Зарим хэсэг нь хүн төрөхөөсөө сайн уг чанартаа, нийгмийн амьдралд орохоороо ийм муухай болоод байна гэсэн санаа дэвшүүлдэг. Үүнд жишээ нь Францын философич Жан Жак Руссог дурдаж болно. Иймд хүний сайхан мөн чанаруудыг эвдэхгүй байхын тулд яах талаар нийгэм бодож байх ёстой юм байна л даа. Харин Английн философич Томас Хоббс Хүн төрөлх мөн чанараараа амиа бодсон, өөрийнхөө амийг хамгаалахын тулд бусдыг яаж ч золиослоход бэлэн гэж муу мөн чанартайгаар дүрсэлж харуулдаг. Ер нь нийгмийн бүтэц, тогтолцоо нь хүнээ эвдэж байх боломжтой. Өөрөөр хэлбэл ямар нийгэм байна тийм иргэн байна гэсэн үг. Энэ утгаар нь нийгмийн шилжилт, өөрчлөлттэй холбоотойгоор хүний мөс муудаж байгаа талаар яриа гарч байж болох юм. Гэхдээ бүрдүүлж буй элементүүдээсээ бүтэц нь хамаарч бас болно. Тиймээс ард түмэн бүхэн өөртөө таарсан төртэй байдаг гэж хэлсэн байх нь. Гэхдээ хүний мөн чанар эвдрээд байна гэсэн хүний үгэнд баримжаалж, дүгнэж болохгүй. Тийм эсэхийг судлаж байж хэлэх хэрэгтэй. Философи нь шүүмжлэлт сэтгэлгээг дэмждэг боловч хуурай шүүмжлэхийн нэр биш. Зарим хүмүүс шүүмжилбэл сайн гэж ойлгодог юм шиг санагдаад байдаг. Сайн болж бүтэж байгаа бүхнийг л барьж аваад, хий хоосон шүүмжилдэг.

-Монголчууд аминчхан үзлийг дорд үздэг байсан. Харин өнөөдөр аминчхан үзлийн талаар манайхан арай өөр бодолтой болсон юм шиг. Энэ талаар таны бодол?

-Би-гээ бодохыг философид эрт үед хариуцлага болгож ярьж байсан. Хүн өөрийгөө хамгийн сайнаар авч явах ёстой, хамгийн сайнаар хичээх ёстой гэсэн үг л дээ. Бид дор бүрнээ хүний нэр төрийг өндөрт өргөөд явахад бидэнд зарим утгаараа хууль дүрэм, ёс зүйн сургаал номлоод байх шаардлага бага гэж ойлгож болно. Гэтэл бид бүгд Будда шиг мөн чанартай биш, дор бүрнээ хамгийн сайнаар авч явах чадваргүй учраас хууль дүрэм, зохицуулгууд хэрэгтэй болдог. Хүн өөрийгөө сайн авч явах нь ёс зүй талаасаа сайн үзэл байх гээд байна шүү дээ. Харин амиа бодох, довоо шарлуулах гэдэг утгаар бодож үзвэл явуургүй үзэл болж хувирна гэсэн үг. Хүн гэдэг нийгмийн амьтан. Хүнд ганцаараа амьдрах боломжгүй. Энэ утгаар нь Аристотель Хүн гэдэг хот улсын амьтан гэж хэлсэн байдаг. Гол санаа нь хүн бол харилцааны амьтан, харилцаан дотор байж хүн болдог л гэсэн үг. Нийгмийн харилцаанаас гадуур хүн биш гэж ойлгож болно. Биднийг нэр хүндтэй байхад бусад хүн заавал хэрэг болж байгаа гэсэн үг. Нөгөө талаар хүний нэр хүнд гэдэг нийтийн дунд үүсч буй тухайн хүний үнэлэмжээр тодорхойлогддог. Энэ утгаар бол бусдыгаа бодохгүй зөвхөн өөрийгөө бодох нь явуургүй болж хувирна. Бусдыг бодох хариуцлагын мэдрэмж аль ч үед амьд байх ёстой. Уламжлалт нийгэм маань хамтач, бусдыг байнга тооцохыг шаарддаг байсан шүү дээ. Хамтач нийгэмд хамт л зүтгэхгүй бол зарим талаар учир дутагдалтай. Харин орчин үеийн нийгэмд хувь хүнийг хэт дөвийлгөх хандлага бий. Бид чухам энэ нийгэм рүү шилжиж байгаа. Үүний сөрөг үзэгдлүүд илэрч байгаа хэрэг. Төлөвшиж цэгцрэхэд хугацаа хэрэгтэй.

-Манайхан чадаж байгаа юманд арга байхгүй гэсэн үзэл гаргаж өөрийнхөө эрх ашгаар бусдыг хохироох байдал ажиглагдах юм. Энэ юутай холбоотой вэ?

-Ойлголтуудаа буруу ойлгож, буруу хэрэглэж байгаа нь нөлөөлж байгаа болов уу. Эерэг утгаар хэрэглэвэл зөв. Хэн нэгэн хүн эрдмийн ажил хамгаалахдаа ном журам, шаардлагын дагуу бүхнийг хийгээд явахад хэн ч зогсоож чадахгүй. Ийм утгаар ойлговол дээр юм шиг. Одоо муу юман дээр их хэрэглээд байх шиг. Өөрийнх нь хэрэг бүтвэл бусад нь хамаагүй гэж үзээд байна л даа. Гэхдээ бусдын оронд өөрийгөө тавиад бодож үзэх хэрэгтэй. Энгийн жишээ татахад ЖДҮ-гээс зээл авсан УИХ-ын гишүүдийг дурдаж болно. Тэд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн оронд өөрсдийгөө тавьж үзэх хэрэгтэй. Таныг жижиг, дунд үйлдвэр эрхэлж байхад хэн нэгэн эрх мэдэлтэн албан тушаалаа урвуулан ашиглаж, авах ёстой байсан зээлийг тань авчихсан байвал яах вэ? Арга байхгүй явдал мөн үү? Ёс зүйн утгаар яривал бусад хүн өөрт чинь яаж хандаасай гэж хүсч байна, бусдад яг л тэгж ханд. Үүнийг эртний дорно дахины Күнзийн сургаалд Өөрт тохиохыг хүссэнээ бусдад үйлд. Өөрт тохиохыг хүсээгүйгээ бусдад бүү үйлд гэж хэлсэн байдаг. Өндөр албан тушаалд, эрх мэдэлтэй байгаа хүмүүсийг залж жолоодох ёс суртахууны хүчтэй үр нөлөөтэй уламжлал байхгүй л бол тэд нийтийн баялгаас хумслах хандлагатай байдаг гэдэг. Хүн ёс зүйн дээд үнэлэмжүүдтэй байж муу зүйлээс хол байна. Хууль, дүрэм, журам үүний эсрэг ганцаардана. Хуулийг өөрсдөдөө тааруулаад өөрчлөөд байдаг шүү дээ. Хуулиас илүү үйлчлэх зүйл нь хувь хүний ёс суртахуун юм. Ийм ч учраас монголчууд эртнээсээ хүн байх, хүмүүжлийн тухай онцолдог байсан. Монголчууд эрдэм гэж ярьдаг. Эрдэм гэдэг дан ганц шинжлэх ухааны мэдлэгийг хэлж байгаа юм биш. Хүнд хүндэтгэлтэй хандаж чаддаг байдал ч эрдэм мөн. Мэдээж шинжлэх ухааны боловсрол эзэмшихгүй бол дан ганц сайхан сэтгэлтэй байгаад асуудлыг шийдэж чадахгүй.

-Монголчууд дэлхий дээр цөөхүүлээ. Бид танихгүй элэг нэгтнүүдээ дайсан гэж үзэж хоорондоо хар яр гэсэн өнгө аястай харьцах юм. Үүнд юу нөлөөлж байгаа бол?

-Түүх уншихад Монголчууд хамтач бие биенээ гэсэн хүмүүс байсан юм шиг харагддаг. Орчин үед нийгмийн харилцаанаас болоод ч тэр юм уу, замын хөдөлгөөнд оролцож байхдаа ч хүлээцтэй биш болсон нь ажиглагдаж байна. Жаахан л юм болоход хоорондоо барьцалдаад яахаас ч буцахгүй байх юм. Энэ нэг талаараа хотжиж байгаагийн сөрөг үр дагавар болов уу. Өнөөгийн нийгэмд бид бие биенээ хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Бид уг нь бие биедээ итгэдэг, найддаг байсан нь харагддаг. Б.Ринчен гуай Монголчуудын за андгай буй за хэмээсэн нь үүнтэй л холбоотой болов уу. Сайн сайхан үнэлэмжээ зүлгэж, өнгө оруулж, үргэлжлүүлж авч явах нь бидний зорилго. Сайн юм гэдэг хичээл зүтгэлээр бий болдог бол муу юм аяндаа л бий болчих хандлагатай. Гэхдээ буруугаар замнах үед дотроос маань үүнийг зогсоож чадах ёс зүйн хүчтэй үнэлэмж бидэнд хэрэгтэй. Бидний хоорондын таагүй харилцаа түр зуурын үзэгдэл болов уу. Залуу үе өөр болно гэдэгт найдаж явдаг. Хүүхэд биднийг харж суралцах учраас сайнаар үлгэр дуурайл болох л хэрэгтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *