Арванхоёрдугаар сарын 25-наас хоёрдугаар сарын 1-ны өдрийг хүртэл сурагчдыг амраана гэж Боловсролын сайд Ц.Цогзолмаа мэдэгдсэн ч албан ёсоор баталгаажаагүй байсан юм.
Уг асуудлыг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, сурагчдын хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг Ц.Цогзолмаа сайдын эрх мэдлийн хүрээнд шилжүүлэх чиглэл өгсөн байна. Энэ дагуу БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэ долоо хоногтоо багтаан тушаал гаргаж, сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулахаар бэлтгэж буй талаар албаныхан мэдэгдлээ. Одоогоор тушаалын төсөлд яамны удирдлагын багийн саналыг авч байгаа аж. Санал авч дууссаны дараа Ц.Цогзолмаа сайдын тушаал гарч, сурагчдыг сар гаруйн хугацаанд амраах шийдвэр албан ёсоор баталгаажих юм. БСШУСЯ-наас сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг арванхоёрдугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 15-ныг хүртэл гурван долоо хоног байхаар төлөвлөн баталсан. Гэтэл Эрүүл мэндийн яамнаас ханиад томууны дэгдэлт их өвлийн ид хүйтэн, утааны үеэр буюу арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл амраах санал гаргасан. Энэ асуудлаар Эрүүл мэндийн яам, БСШУС-ын яамны хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаад, сурагчдыг хоёр сар биш сар гаруйн хугацаанд амраах саналд нэгдсэн билээ.