Арилжааны банкуудад олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг дөрвөн хувиас нэг хувьд хүргэж буулгаснаар санхүүжилтийг одоогийн түвшнээс хоёр дахин нэмэх боломжтой болсон талаар Монголбанкнаас мэдээлэв.
Энэ дагуу жилд гарч буй 300 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт 600 тэрбум давах боломжтой болох юм байна. Ипотекийн санхүүжилтийг нэмэгдүүлж, хүртээмжийг өсгөх Эдийн засгийн байнгын хорооны тогтоол батлагдаад байгаа бөгөөд тогтоолыг хэрэгжүүлэхээр Сангийн яам, Монголбанк хамтран ажиллаж буй аж.
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэхээр болсон ч төсвийн алдагдлын түвшин нэмэгдэх учраас энэ ондоо Монголбанк хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болсон байна. Бодлогын хүүгээс 10 нэгж хувиар бага хүүтэй санхүүжилт олгосноор Монголбанкны алдагдал өсөх ч нийгмийн ач холбогдолтой хөтөлбөрийг санхүүжүүлэх нь зүйтэй гэж Төв банк үзжээ.