Categories
мэдээ улс-төр

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Кипр Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Кипр Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Антонис Тумазисыг Итгэмжлэх жуух бичиг барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайд А.Тумазис Итгэмжлэх жуух бичгийн хувийг Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнд гардуулж, Монгол Улсад томилогдон ажиллах болсондоо сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Элчин сайд Монгол, Киприйн харилцааг цаашид эрчимтэй хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа мэдэгдэв.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Элчин сайд А.Тумазисд ажлын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ түүнийг Элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэж буйг илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *