Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-аас “Хариуцлага нэхэх бүх ард түмний цуглаан”-ыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Цуглаанд Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо, “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөн, Аж үйлдвэрийн зөвлөл зэрэг иргэний нийгмийн байгууллагууд нэгдсэн байна.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр “Энэ онд 134 ААН ЖДҮХС-гаас 74.1 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Үүнээс 122 нь УИХ, ЗГ-ын гишүүд Төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компани байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатарын эхнэрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК өнгөрсөн онд 1 тэрбум, энэ жил 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Мөн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн хамаарал бүхий “Тээвэр ачлал” ХХК 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан ч дээрх компаниуд ЖДҮ-ийн тухай хуульд заасан 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой байх болзлыг давсан байна. Үнээний фермер байгуулна гэж зээл аваад үйл ажиллагаа явуулаагүй компани ч байна. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий “Доктор МЭИК” ХХК авсан зээлээ энэ сард төлсөн. Одоогоор ЖДҮХС-д 20 тэрбум төгрөг эргэн төвлөрсөн байна. Зээлээ эргүүлж төлөхгүй байгаа маш олон компани бий. ЖДҮ эрхлэгчдэд зориулсан мөнгө эдгээр албан тушаалтнуудын хамаарал бүхий компанид хууль бусаар очиж байгааг иргэд бид зүгээр хараад суух ёсгүй. Иргэдээ хуулиар дарамталж хариуцлага тооцдог. Гэтэл Засгийн газар нь сайдтайгаа, УИХ нь гишүүнтэйгээ хариуцлага тооцдоггүй. Тиймээс ард түмэн зориулалтын бусаар ашигласан мөнгөө эргүүлэн төлөхийг шаардаж, тэднээс харицлага нэхэн жагсаж байна” гэлээ.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ НЗД-аас жагсаал цуглаан хийх зөвшөөрөл хүссэн байна. Засаг дарга хүсэлтийг хүлээн авч зөвшөөрөл олгожээ. Тэд цуглаанаараа дамжуулан Засгийн газарт дараах 5 шаардлагыг хүргүүлж байгаа аж.
- ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох газрууд нь хариуцлага тооцох
- Мэдээллийн давуу байдлаа ашиглан авсан зээлээ төрийн өндөр албан тушаалтнууд яаралтай эргэн төлөх
- Сангийн яамнаас ЖДҮХС-д хийсэн шалгалтын дүнг олон нийтэд танилцуулах
- Тус сангаас зээл олгох төсөл шалгаруулалтыг ил тод, олон нийтэд танилцуулах
- Баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан хуулиудыг УИХ яаралтай хэлэлцэхийг шаардана гэв.
Цуглаан 16 цаг хүртэл үргэлжилнэ.