Монгол Улсын Хилийн тухай хууль, Засгийн газрын 2018 оны арваннэгдүгээр тогтоол “Цэргийн гэрээт албыг хаах журам”-ыг үндэслэн ХХЕГ-ын даргын тушаалаар “Цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах журам”-ын дагуу гэрээт хилчний албыг зохион байгуулж байна. Гэрээт хилчний алба хаах сонирхлоо илэрхийлсэн хугацаат цэргийн алба хаагч, иргэдийг цэргийн гэрээт алба хаагчаар сайн дурын үндсэн дээр журмын дагуу бие бялдрын хөгжил, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшин, мэргэжил, ёс зүй, сахилга, сэтгэл зүйн байдал гэсэн үзүүлэлтээр сонгон шалгаруулалтыг явуулж, сургалтад хамруулж буй аж. Хил хамгаалах байгууллагын хэмжээнд 2007-2018 онд гэрээт хилчний албанд нийт 3500 гаруй хугацаат цэргийн албан хаагч болон иргэдийг сонгон шалгаруулалтад хамруулснаас 3300 гаруй нь гэрээт хилчнээр алба хаажээ. Хил хамгаалах байгууллагад ахлагчийн бүрэлдэхүүнд орох хүсэлт гаргасан 553 гэрээт хилчдийг ахлагчийн албан тушаалд томилон хилийн отряд, заставт харуулын дарга, жолооч, хөгжимчин зэрэг мэргэжлээр ажиллуулж байна. ХСИС-ийн Хилийн сургууль, ОХУ-ын Курган, Калининград хотын Хилийн дээд сургуульд 70 гаруй гэрээт хилчин суралцаж Хил хамгаалах байгууллагын офицерийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа ажээ. Гэрээт хилчнээр алба хаах хүсэл сонирхолтой залуусыг арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл ХХЕГ-ын байранд бүртгэнэ. Тиймээс хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, бие бялдрын ерөнхий шалгуур үзүүлэлтийг хангасан 29 хүртлэх насны залууст гэрээтийн албаны үүд хаалга нээлттэй. Мөн эрүүл мэндээр цэргийн жинхэнэ албанд тэнцэх тухай цэргийн эмч нарын комиссоор орж тэнцсэн байх шаардлагатай юм байна.