Categories
мэдээ спорт

Түргэн болон түргэвчилсэн тоглолтын Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн болж байна

Түргэн болон түргэвчилсэн (рапид, блиц) тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд болж байна. Монгол Улс тунхагласны 94 жилийн ойн баярыг тохиолдуулан, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй энэхүү тэмцээнд 110 гаруй шилдэг шатарчин оюун ухаанаа уралдуулж байна.

Их мастер Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул, А.Энхтуул, Б.Амина тэргүүтэй шатарчдаас гадна ахмад, өсвөрийн олон улсын цолтой мастерууд, 1800-гаас дээш чансаатай шатарчид оролцож буй юм.

Дэлхий нийтээр шатрын тэмцээнийг стандарт, рапид, блиц гэсэн гурван төрлөөр зохион явуулдаг бөгөөд өнөөдрийн рапид, блиц төрөл нь тамирчдаас хурдан сэтгэх чадвар, аваалж самбаа, хурдан хөдөлгөөн шаарддаг онцлогтой, үзэгч олонтой тэмцээн юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд У.Бямбасүрэн тэмцээнийг нээж үг хэлэхдээ,

-Анхдугаар үндсэн хуулиа баталж, Монгол Улсаа тунхагласан баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн цогцолборт зохион байгуулж байна. Энэ тэмцээнд өндөр чансаатай тамирчид оролцож, цар хүрээ нь жилээс жилд нэмэгдэж байна гэдгийг тэмдэглээд тамирчдад спортын амжилт хүслээ.

Тэмцээн хоёр өдөр үргэлжилж, маргааш аваргууд тодорно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *