Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Анхбаяр: Бэлтгэлээ хийлгүй нэг л өдөр өнжвөл хичээлээс хөөгдсөн юм шиг мэдрэмж төрдөг

МУБИС-ийн Биеийн тамирын сургууль 60 жилийн түүхтэй. Энэ хугацаанд тив дэлхий, олон улсад нэрээ дуурсгасан олон тамирчин тус сургуулиас төгсөн гарсан. Одоо ч төгссөөр байгаа, цаашид ч төгссөөр байх болно. Спортын төрөл бүрээр оюутан элсүүлэн суралцуулж, дасгалжуулагч, тамирчин, спортын сэтгүүлч, багш бэлтгэн гаргадаг улсдаа спортын хүний нөөцийг бэлтгэн нийлүүлдэг томоохон төв гэж хэлж болно. Монголд ганцхан спортын сэтгүүлчийн анги энэ л сургуульд бий. Спорт хөөсөн хүн хэзээ ч буруу зам руу ордоггүй гэдэг. Энэ л эрдмийн өргөөнөөс спортын замналаа эхлүүлсэн алдартнууд олон. Монгол Улсын харцага, ардын багш Д.Сэрээтэр, З.Ойдов, Х.Баянмөнх гээд үе үеийн алдартнуудыг дуудаад дуусашгүй.

Сүүлийн үед монголд аэробик гимнастикийн спорт эрчимтэй хөгжиж байгаа. Спортын гимнастикаас арай хөнгөн төрөлд багтах энэ спорт тамирчинг эрүүл чийрэг зөв бие бялдартай болгодог. Энэ төрлөөр Монгол Улсын тамирчид ДАШТ-ийн хошой хүрэл медаль болон Ази тивийн аварга, мөнгө, хүрэл медалийг жил бүр хүртдэг гэж хэлж болно. Дэлхийн таван тивд жигд хөгжсөн байдлаар нь шалгуур тавин, 100-аас доошгүй улсад тухайн спорт хөгжсөн байвал олимпийн төрөлд багтах магадлал өндөр. Аэробикийн спорт ч олимпийн төрөлд багтаж болзошгүй. Одоогоор олон улсын олимпийн хороонд таницуулах төрлөөр явж байгаа. Дэлхийд хэр тархацтай байна, хэдэн оронд түгэн дэлгэрсэн байгаа судалгаа хийж байгаа аж. Хэрэв дээрхи шалгуурт хүрсэн байвал олимпийн төрөлд багтана. Аэробик олимпийн төрөлд орж чадвал манай улсын тамирчид монголынхоо төрийн далбааг олимпийн тэнгэрт мандуулж чадах орны тоонд зүй ёсоор орно. Энэ төрлийн багш дасгалжуулагч, тамирчин, шүүгч хангалттай бий.

Энэ сарын 10-ны өдөр МУБИС-ийн аэробикийн нээлттэй тэмцээн болсон юм. Тэмцээнд 16 байгууллагын 160 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй, хос, гурвал, багийн төрлөөр таван насны ангилалд өрсөлдлөө. Ая нь ритмтэй. Эхнээсээ дуусах хүртэл зогсолтгүй хурд хүч, тэсвэр тэвчээр, тэнцвэр, тасралтгүй хөдөлгөөн шаардах энэ спортын төрлийг үзэхэд цаанаасаа л эрч хүч мэдрэгдэж, омогшил төрмөөр…

Тэмцээний үеэр МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спортын тэнхимийн багш Г.Болортулга ярихдаа “МУБИС-Оpen” тэмцээнийг энэ жил анх удаа зохиож байна. Цаашид уламжлал болгон зохионо. Аэробикийн спорт хүүхдийн бие бялдрыг жигд хөгжүүлж, тэсвэр тэвчээр, хатуужил суулгадаг. Мөн зан харилцааны тал дээр ч эерэг нөлөөтэй. Нийтэч, тусч, хөдөлмөрч багаар ажиллах чадвар суулгаж, юманд өөриймсөг, мэдрэмжтэй хандах байдлыг олгодог. Одооны хүүхдүүд компьютерт их донтдог, тэнэдэг, хэнэггүй болж байна. Аэробикоор хичээллэснээр цагийг үр дүнтэй өнгөрөөх, цагаа зохицуулж сурах, байнгын дэлгэц ширтхээс илүү зааланд бэлтгэл хийж, бие бялдраа зөв тэгш хөгжүүлэхэд өндөр ач тустай спорт юм гэлээ.

Аэробикоор хичээллэсэн хүн хөдөлгөөний маш сайн эвсэлтэй болдог. Ер нь энэ спортоор хичээллэсэн ямар ч хүн бүх төрлийн бүжгийг төвөггүйхэн бүжиглэдэг. Ямар ч бүжгийг маш хурдан сурч, бүжиглэж чаддаг. Хүнд уян хатан чанар, тэнцвэртэй байх чадвар суулгана. Спорт аэробикоос гадна эрүүлжүүлэх аэробик гэж бий. Энэ нь спорт төрлөө бодвол хөнгөн ритмтэй. Хөдөлгөөн удаан, хөгшин хүмүүс болон хөдөлгөөний дутагдалд орсон суугаа ажилтай хүмүүст тохироно. Стемптэй аэробик гэх бас нэгэн төрөл бий. Энэ нь спорт аэробикийг бодвол арай хөнгөн. Гэхдээ маш сонирхолтой. Бусад төрлөөсөө хөнгөн хэдий ч дасгал хөдөлгөөний хувьд олон хувилбартай. Үзэхэд нэн сонирхол татам төрөл юм. Хичээллэхэд ч урамтай.Аэробикоор хичээллэхийг хүссэн хүүхдүүд нийслэлийн ерөнхий боловсролын 5, 34, Гёте, И Эс Эм сургуулиуд, Лайт клуб, Гёнер клуб, МУБИС-ийн Биеийн тамирын сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургуулиудын клубуудэд хамрагдан сурах боломжтой ажээ.

ЕБ-ийн тавдугаар сургуулийн 10д ангийн сурагч, Лайт клубын тамирчин Б.Анхбаяр “Би гуравдугаар ангиасаа аэробикийн спортыг сонирхон хичээллэсэн. Аэробик тэсвэр хатуужил, уян хатан чанар, багаар ажиллах чадвар, боловсон зан, ах захаа хүндлэх олон чанарыг суулгадаг. Ер нь спорт гэдэг хүнд зөв дадал зуршил суулгадаг. Ямар нэгэн асуудал гараад нэг л өдөр бэлтгэлээ хийхгүй өнжвөл хоолоондоо цадаагүй ч юм шиг, хичээлээ хийгээгүй ч юм шиг, багшдаа загнуулаад хичээлээс хөөгдсөн ч юм шиг мэдрэмж төрдөг. Эрч хүч, эрүүл бие хаа, өв тэгш хүмүүжлийг энэ спорт надад олгосон. Би энэ спортоор хичээллэсэндээ үнэхээр баярладаг. Энэ замд хөтөлсөн эгчдээ талархаж явдаг юм. Цаашид олон улс, тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан сайн тамирчин болохын төлөө хичээнэ. Зүтгэнэ. Бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийх болно. Үүгээрээ багш, гэр бүл, өвөө эмээгийнхээ ачийг хариулна даа л гэж боддог” хэмээв.

Gankhuyag Bolortulga-н зураг.

Gankhuyag Bolortulga-н зураг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *