Categories
мэдээ нийгэм

С.Саруул: Менингитийг тархи хөдөлсөн гэж андууран бариачид ханддаг

ЭХЭМҮТ-ийн Мэдрэлийн эсгэг судлалын тасгийн их эмч С.Саруултай менингит өвчний талаар ярилцлаа.


-Менингит өвчин болон түүний үүсгэгчийн талаар тайлбарлахгүй юу?

-Менингит буюу монголоор мэнэн гэдэг нь тархи, нугасны бүрхэвч хальсны үрэвслээр илрэх хүнд явцтай эрсдэл ихтэй өвчин юм. Менингит нь өнөөг хүртэл дэлхийн олон улс орнуудын хүүхдийн өвчлөл, нас баралтын шалтгаан болсоор байна.Эмнэл зүйд тархины зөөлөн бүрхүүлийн үрэвслийг менингит гэж авч үздэг. Шалтгааны хувьд энэ өвчин нь эмгэг төрөгч нян, мөөгөнцөр, вирусийн гаралтайгаар үүсдэг. Мөн гарал үүслээр нь анхдагчаар үүссэн, хоёрдогчоор үүссэн гэж ангилдаг. Анхдагчаар үүссэн менингит нь вирус, бактери, мөөгөнцрийн шалтгаантай. Өвчин үүсгэгч тархины бүрхэвчинд шууд сонгомолоор үрэвслийг үүсгэхийг анхдагч менингит гэж авч үздэг.

-Тэгвэл хоёрдогчоор үүссэн гэдгийг тодорхойлбол?

-Хоёрдогчоор үүссэн гэдэг нь биед байгаа голомтот болон ерөнхий халдварын хүндрэлийн үед (дунд чихний үрэвсэл, уушгины хатгалгаа,тархины гэмтэл, сүрьеэ, эхээс урагт дамжсан тэмбүү зэрэг халдварууд)цусаар дамжин тархины хальс үрэвсдэг.Тархины бүрхэвч хальсанд явагдах үрэвслийн онцлог, нугасны шингэнд гарах өөрчлөлтийн шинжээр нь шүүдэст болон идээт менингит гэж ангилдаг.

-Уг өвчин нь ямар замаар халдварладаг вэ?

-Агаар дуслын, хавьтал, цусны замаар халдварладаг.Өвчин үүсгэгч хамар залгиур, мөгөөрсөн хоолой, ходоод гэдэсний салст бүрхүүлд байрлан үрждэг. Тодорхой нөхцөл бүрдсэний дараа цус тунгалагийн замаар дамжин тархины бүрхэвчинд үрэвсэл үүсгэдэг. Үржих таатай температур нь 36-37 градус учраас хамар, залгиурт үржээд ханиах, найтах үед гадагш тархана. Өөрөөр хэлбэл, агаар дуслын замаар халдварладаг. Эсвэл хоёрдогчоор буюу бие махбодод байгаа халдвар архаг голомтоос (уушгины хатгалгаа, чихний идээт үрэвсэл, хамар дайврын үрэвсэл гэх мэт) цусаар дамжин үүсч болно. Тархины гэмтлийн үед шууд хавьтлын замаар үрэвсэл үүсдэг.

-Менингит өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Бие суларна, жихүүдэс хүрнэ, өндөр хэмээр халуурна. Толгой их хүчтэй өвдөнө. Дуу чимээ, гэрэлд мэдрэг болдог.Харж чадахгүй, гэрэлд нүд гялбах, бөөлжих шинж тэмдэг илэрнэ. Эмчийн үзлэгээр менингитийн үеийн булчин чангарлын шинжүүдийг илрүүлдэг. Харин менингококт менингитийн үед эдгээр шинжүүдээс гадна арьсан дээгүүр од хэлбэрийн цусархаг тууралт гардаг. Гол шинж тэмдэг нь цусархаг тууралт. Цэгчилсэн хэлбэрээс том одлог цус харвалтууд хонго, гуя, гар, мөч, цээжээр болон нүүр, зовхи, нүдний салстад сийрэг цөөн туурна. Тууралт нь халууралт эхэлснээс хойш 4-12 цаг, дунджаар 6-8 цагийн дотор гарч эхэлдэг. Арьсан дээрх том хэмжээний цус харвалт сүүлдээ үхжилт, тууралт үүсгэнэ. Булчингаар өвдөх шинж илэрнэ.

-Уг өвчнийг хэрхэн оношилдог вэ?

-Менингит өвчнийг тархи, нугасны шингэн авах шинжилгээгээр оношилдог. Энэ шинжилгээгээр тархи нугасны шингэний өнгө, тунгалаг чанар, бүтэц найрлагыг шинжлэн тархины зөөлөн бүрхүүл үрэвссэн эсэхийг илрүүлдэг. Өөрөөр энэ өвчнийг оношлох, орлуулах бусад шинжилгээ байхгүй.

-Эмчилгээний зарчмын талаар ярихгүй юу?

-Дээрх шинж тэмдгүүд илэрсэн үед эмчид нэн яаралтай үзүүлж, эмнэлгийн туслалцаа авбал өвчнийг эмчлэх боломжтой. Өвчний үед хэрэглэх эм тариа, тун зэргийг зөвхөн эмч заана.Үрэвслийн эсрэг антибиотик эмчилгээг хийдэг. Үүнээс гадна халдвар хордлогын эсрэг, биеийн дархлааг дэмжих, хордлого тайлах, вирусийн эсрэг, тархины үйл ажиллагааг дэмжих, шинж тэмдгийн эмчилгээнүүд хийдэг.

-Хүүхдүүдийн дунд энэ өвчний тохиолдол их байдаг уу?

-Дэлхийн олон улс орны бага насны хүүхдүүдийн өвчлөл, нас баралтын шалтгаан болсоор байгаа өвчнүүдийг нэг. Хүнд явцтай, эрсдэл өндөртэй өвчин. Манай орон Азийн бусад орнуудтай харьцуулахад өвчлөлтийн түвшин өндөр байна.

-Хүндэрвэл ямар аюултай вэ?

-Хүн амын эрүүл мэндийн боловсролын түвшингээс хамааран зарим хүн ямар өвчнөөр өвдсөнөө тоолгүй орхисоор эмч, эмнэлгийн байгууллагад оройтож ханддаг. Эсвэл дур мэдэн гэрээр эмчилдгээс болж энэ хүнд өвчний үед үзүүлэх эмнэлгийн тусламж хожимддог явдал гардаг. Менингит хүндэрвэл амь насанд аюултай. Эмчид үзүүлэх, эмнэлэгт хандалгүйгээр өөрөө дур мэдэн эмчилгээ хийх зэргээр цаг алдвал үхэлд хүрэх аюултай гэдгийг анхаараарай. Хөгжлийн бэрхшээлтэй болох, амь нас эндэх эрсдэлүүд үүснэ. Алимаар жишээ авч ярья л даа. Алимны хальс үрэвссэн байсан бол хүндэрч хальснаас дотогш хэсгийг ерөнхийд нь ялзруулдаг. Нэлэнхүйдээ тархи үрэвсэнэ гэсэн үг.

-Эцэг, эхчүүд хүүхдээ менингитээс хэрхэн хамгаалах вэ. Энгийн зөвлөгөө өгөхгүй юу?

-Хамар, хоолойн цочмог болон архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн зааврын дагуу бүрэн эмчлүүлэх. Өглөө босоод, орой унтахын өмнө бүлээн ус, сармис, нимбэг, царвангийн уусмалын аль нэгээр хоолойгоо тогтмол зайлах хэрэгтэй. Менингококкт халдварын эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна.

Мөн өрөө тасалгааг агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээг хоёроос доошгүй удаа хийх. Биеийн дархлааг сайжруулах, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх нь чухал. Улиралд тохируулан дулаан хувцаслах, хүйтэн сэрүүний улиралд малгай, ороолт, бээлийг заавал өмсөх, гараа тогтмол угаах хэрэгтэй. Илчлэг ихтэй, тэжээллэг хоол хүнс хэрэглэх, спортоор хичээллэж биеэ чийрэгжүүлэхэд анхаар. Хүн олноор цуглардаг газар, нийтийн арга хэмжээнд бага насны хүүхдээ дагуулж явахгүй байх. Түүнчлэн шүдний сойз зэргийг дамжуулан хэрэглэхгүй байх хэрэгтэй. Дээрх шинж тэмдгүүд илэрвэл эмнэлэгт хандахыг онцгойлон анхааруулъя. Менингитийн үед толгой өвдөж, бөөлждөг тул тархи нь хөдөлчихлөө гээд бариачид бариулдаг эцэг эхчүүд олонтаа. Эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ толгойг бариачид битгий бариулаач ээ гэж зөвлөе. Мөн мэргэжлийн хүүхдийн эмчид хандаж, оношлуулсны дараа эмчилгээ хийлгээч ээ гэж хүсч байна. Тиймээс хүүхдийнхээ биеийн дархлааг сайн байлгаж, улиралдаа тохируулж хувцаслах, тогтмол вакцинд хамруулах хэрэгтэй. Хүүхдийн суурь өвчнийг цаг тухайд эмчлүүлэхийг зөвлөж байна.

-Танай тасагт ямар өвчнүүдийг эмчилдэг вэ?

-ЭХЭМҮТ-ийн Мэдрэлийн эсгэг судлалын тасаг нь төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн бүх хүүхдүүдэд үзүүлж байна.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *