Categories
мэдээ нийгэм

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ховд аймагт ажиллав

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам тэргүүтэй өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховд аймагт ажиллалаа. Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд тус Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга буюу үйлдвэрлэл дэд бүтэц, эдийн засаг хариуцсан дарга Пак Хон Жин, ЭСЯ-ны Ерөнхий Консул Жон Хён Гү, Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга буюу соёл, боловсрол, улс төрийн асуудал хариуцсан дарга Ким Сог Ху нар болон элчин сайдын яамны зарим ажилтнууд багтсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллав.

Айлчлалын хүрээнд 11 сарын 21-ны өдөр Жаргалант сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж Койкагийн сайн дурын ажилтны ажиллаж байгаа ажлын явцтай танилцлаа. Үргэлжлүүлээд Дөргөн сумын УЦС-ын үйл ажиллагаатай танилцаж, Дөргөн сумын удирдлагуудтай уулзсан юм. Дөргөний УЦС-ын хувьд Баруун бүсийн эрчим хүчний системийн 30 хувийн хэрэглээг хангадаг бөгөөд 40 гаруй ажилтантайгаар ажиллаж байгаа Ховд аймгийн томоохон бүтээн байгуулалтын нэг билээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажилтай танилцсан Элчин сайдын зүгээс манай улсын хөнгөлөлттэй зээлээр олгогдох хөрөнгө оруулалтыг бас энэ мэт эрчим хүч, дэд бүтэц, бүтээн байгуулалтын үр ашигтай зүйлд хөрөнгө оруулах нь зүйтэй байна. Танай аймгийн зүгээс санал тавьбал бид төслийг судалж үзээд дэмжиж хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцолж байлаа.

Ийнхүү айлчлалын хоёр дахь өдөр буюу 11 сарын 22-ны өдөр болсон аймгийн удирдлагуудтай уулзах уулзалтанд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан нар болон бусад холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо. Уулзалтаар аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, цаашид хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийгдэх шаардлагатай зарим ажлуудаа танилцуулав. Тухайлбал, Ховд аймаг БНСУ-ын аль нэг хот дүүрэгтэй найрамдалт харилцаа бий болгож хамтын ажиллагаатай болоход анхаарч ажиллахыг хүсэхийн сацуу боловсролын салбарт буюу оюутан, залуусыг БНСУ-д суралцуулахад тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Мөн эрүүл мэндийн салбарт нэгдүгээрт: БОЭТ-д Нөхөн сэргээх, сувилахуйн мэргэжилтэн, Рентгэн техникч, Нийгмийн эрүүл мэндийн ажилтан зэрэг мэргэжилтэй хүмүүсийг Койка олон улсын байгууллагын шугамаар Ховд аймагт ажлуулж газар дээр нь эмч мэргэжилтнүүдийг сургах, хоёрдугаарт: Ховд аймгаас Зүрх судас, дурангийн нарийн мэргэжлийн эмчийг Солонгос улсад сургахад дэмжлэг үзүүлэх талаар санал хүргүүллээ.

Түүнчлэн Ховд аймаг нь агаар, орчны бохирдол өвлийн улиралд их байдаг учраас энэ тал дээр хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэхэд таатай хүлээж авна гэдгээ аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ онцолж байв. Мөн аймгийн төвийн дэд бүтцийг сайжруулах буюу гэр хорооллыг төвлөрсөн шугам сүлжээнд холбож иргэдийн ая тухтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллах өргөн боломж байгааг хэлсэн юм.

Цаашлаад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлж харилцан туршлага солилцож, үйлдвэрлэл бүтээмжийг нэмэгдүүлэхэд аймаг орон нутгийн зүгээс дэмжин ажиллах боломжтой юм. Мөн Ховд аймгийн хувьд жилийн дөрвөн улиралд иргэдийг тасралтгүй хүнсний нарийн ногоогоор хангах Хүлэмжийн аж ахуй нэн шаардлагатай байгаа учраас энэ салбарт хөрөнгө оруулалт хийхэд бүх талаар дэмжихээ аймгийн Засаг дарга илэрхийллээ.

Харин БНСУ-ын Элчин сайдын яамнаас энэ удаад ирж байгаа өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховд аймагт ажиллах хугацаандаа манай аймагт хийж хэрэгжүүлэх, хамтран ажиллах ямар боломж, эрэлт хэрэгцээ байгааг судалж, газар дээр нь танилцаж байгаа юм. Ирэх 2019 онд Солонгос улс Чингис хааны үеэс Монгол улстай хамтын ажиллагаатай болсны 800 жилийн ой, 2020 онд БНСУ, Монгол улстай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү ойн хүрээнд хамтын ажиллагаагаа уламж бататгаж, шинэ түвшинд хүргэх зорилготой байгаагаа онцолж байлаа. Мөн БНСУ-аас Монгол улсад айлчилж буй аялагчдын тоо жил тутам нэмэгдэж байгаа бөгөөд жилд дунджаар 70,000 орчим Солонгос иргэн Монгол улсад аяласан байгаа учраас эдгээр аялагчдыг аялах, монгол оронтой танилцахад орчуулагчдыг нэмэгдүүлэх эрэлт хэрэгцээ байдаг гэнэ. Тиймээс баруун бүсийн их сургууль болсон Ховд их сургууль дээр өмнө нь байсан Солонгос хэлний тэнхимийн үйл ажиллагааг сэргээж цаашид солонгос хэлний сургалтыг сайжруулах шаардлага байгааг онцолж байв.

Түүнчлэн ирэх хоёр жилийн хугацаанд БНСУ-аас Монгол улсад нийтдээ 700 сая долларын хөнгөлөлттэй зээл олгогдох бөгөөд эхний ээлжинд ирэх жил 500 сая долларын дэмжлэг үзүүлэх юм байна. Тиймээс энэ хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтыг зөв ашиглаж аймаг орон нутагтаа хөрөнгө оруулалт хийх өргөн боломж байгааг хэлж байв. Ингээд Ховд аймгаас хамтран ажиллах санал, санаачилга дэвшүүлж саналаа ирүүлэхийг онцоллоо.

Элчин сайдын яамны ажлын хэсэг үргэлжлүүлээд Хөгжил Политехник коллеж, Ховд их сургууль, Цагдаагийн газрууд дээр ажиллаж, танилцах, харилцан хамтын ажиллагааныхаа талаар санал солилцлоо гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *