Categories
мэдээ улс-төр

Т.Аюурсайхан: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 40 орчим гишүүн оролцохгүй

УИХ-ын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Өнөөдөр Монголын төрд маш тодорхой үйл явцууд өрнөж байна. Тиймээс олон нийтэд бодитой мэдээлэл хүргэхээр хэвлэлийнхэнд хандлаа. Монгол төр гацаж байна. Засгийн газрыг огцруулах саналыг нэр бүхий УИХ-ын 26 гишүүн 11 дүгээр сарын 19-нд УИХ-ын дарга М.Энхболдын хамтаар гарын үсэг зурж өргөн барьсан байгаа. Цаашдаа УИХ-ын дарга Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудад захирагдаж ажиллах ёстой. Нийтийн сонсголын тухайд Ж.Батзандан гишүүн тэргүүтэй УИХ-ын гишүүдийн өгсөн албан тоотыг хуулийн дагуу хэлэлцээгүй. Үүний дараа Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын гишүүдийн нийтийн сонсгол хийх тухай 60 тэрбумын асуудлыг хэлэлцээгүй нь хуульд заасан эрхийг нь зөрчсөн. Мөн ээлжит бус чуулган хуралдуулах нэр бүхий гишүүдийн саналыг авч хэлэлцээгүй. Тиймээс УИХ-ын дарга М.Энхболд хууль тогтоомжоо зөрчсөн гэж УИХ-ын гишүүд бид үзэж байна. Хамгийн сүүлд Засгийн газрыг огцруулах саналыг нэр бүхий УИХ-ын 26 гишүүн 11 дүгээр сарын 19-нд УИХ-д өргөн барихад УИХ-ын дарга М.Энхболд өөрөө гарын үсэг зурсан атлаа уг албан тоотыг хүлээн авч, хурлыг удирдахаар зэхэж байгаа нь Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.3-т заасан заалтыг ноцтой зөрчлөө. Тиймээс дээрх зөрчлүүдийг арилгах ёстой. УИХ-ын дарга бол Үндсэн хууль болон бусад хуулиудыг чандлан мөрдүүлэх үүрэгтэй. Энэ утгаараа бид ашиг сонирхлын зөрчилтэй УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. УИХ-ын даргын бүх үйлдэлд ард түмэн дүнгээ тавьсан. Хариуцлагын асуудал ярихаар УИХ-ынхаа гишүүдийг талцуулдаг, хуваадаг, нэг талд нь ордог явдлыг бид тэвчихгүй. Энэ зөрчлийг арилтал УИХ-ын 40 орчим гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй. УИХ-ын дарга УИХ-ын тухай хуулийн 10.2-т заасны дагуу өөрийн хүсэлтээрээ албан үүргээ хүлээлгэж өгөх ёстой. УИХ-ын даргыг чөлөөлсний дараа, ашиг сонирхлын зөрчил арилсны дараа бид чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох болно” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *