Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шатахууны үнэ буух боломж байгаа юу?

Ердөө хэдхэн хоногийн өмнө Олон улсын эрчим хүчний агентлаг газрын тосны зах зээлд нийлүүлэлт хангалттай хэмжээнд хүрлээ гэж олзуурхлаа. Ирэх өдөр, саруудад нийлүүлэлт энэ янзаараа байвал дараагийн хагас жилд нөөц өдөрт хоёр сая баррелаар нэмэгдэх төлөв гараад буй. Газрын тосны зах зээлд үүссэн энэ байдал удаан хугацаанд үргэлжилвэл “хар алт”-ны үнэ 2004 оных шиг огцом уруудаж магадгүй гэсэн өөдрөг таамаг ч дуулдаж эхлэв. Ямартаа ч сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явдлаас анзаарахад АНУ-ын Иранд тавьсан хоригийн эрчийг ОХУ-ын бодлого сааруулаад байна. Бүр тодруулж хэлбэл Ираны нийлүүлдэг хэмжээг нөхнө гэсэн хойд хөршийн мэдэгдэл газрын тосны үнэ буухад бодитой нөлөө үзүүллээ. ОПЕК гарцаа өсгөсөн, Ираны импорт огцом буух янзгүй байгаа, АНУ-д нөөц нэмэгдсэн, Вашингтоны эрх баригчид дотоодын үйлдвэрлэгчдэдээ гарцаа нэмэх чиглэл өгсөн, Трампын засаг захиргаа Саудын Арабын гарцыг өсгөх лобби хийх төлөвлөгөөтэй яваа, БНХАУ, Энэтхэг, Итали, Грек, Япон, БНСУ, Тайвань, Турк улс Америкийн Иранд тавьсан хоригийн гадна үлдсэн гэх мэт газрын тосны үнэ буух шалтгаануудыг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж эхэллээ. Ийм нөлөөгөөр газрын тосны үнэ сүүлийн хагас жилийн хугацаанд анх удаа 70 ам.доллараас уруудаад байна. Шинжээчдийн хувьд нефтийн ирэх саруудын үнийг онож таамаглахад хэцүү, маш тогтворгүй хэмээн тодотгож байгаа аж. Ердөө сар гаруйхны өмнө газрын тосны ханш 90 ам.доллар давж, 100 руу дөхнө гэсэн таамаг зах зээл дээр голлож байсан юм. Юутай ч шинэчилсэн прогнозуудыг ажиглахад газрын тосны үнэ 68-73, 69-75 ам.долларт хэлбэлзэнэ гэх таамаг давамгайлж эхэлжээ.

Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр буучихаад байхад шатахуун импортлогчид бензиний үнийг хэзээ буулгах вэ гэсэн асуулт олны анхааралд байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүртэл саяхан твиттертээ дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буусан учраас манай шатахуун импортлогчид бензиний үнээ буулгаарай гэсэн утгатай өгүүлбэр жиргэсэн харагдсан. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурснаас хойш хэдий хугацааны дараа манай улсад шатахууны үнэ буух боломжтой вэ гэсэн асуултад хариу хайлаа.

Энэ сарын 25 хүртэл шатахууны үнэ өсөхгүй, буурсан янзаараа үргэлжилвэл ирэх сарын сүүлээр худалдаанд гарах шатахууны үнэ хямдрах боломжтой юм байна. Бүр тодорхой тайлбарлая. Арванхоёрдугаар сарын газрын тосны үнийг тогтоохын тулд өмнөх сарынх нь буюу энэ сарын 25-ныг хүртэлх ханшийг харж байж тогтоох нь. Шатахуун импортлогч компаниудын тухайд сар бүрийн 15-нд “Роснефть” рүү төлбөрөө ам.доллараар шилжүүлдэг гэж манай сонин өмнө нь мэдээлсэн. Тэгэхээр энэ сарын 25-наас хойш ирэх сард шатахуун хэдээр зарах ханш тодорхой болж, манай улсын импортлогчид ирэх сарын 15-нд “Роснефть” рүү шатахуун худалдаж авах мөнгөө шилжүүлнэ гэсэн үг. Дараагийн процесс нь “Роснефть”-д захиалгаа өгөх. Импортлогчид энэ сарын 25-30-ны хооронд захиалгаа өгөх нь. Ер нь шатахуун импортлогчид сар бүрийн өдийд захиалгаа өгдөг юм билээ. “Росфнефть”-ийн тухайд захиалгын дагуу үйлдвэрлэхээс эхлээд тээвэрлэж оруулж ирэх хүртэл тодорхой хугацаа ордог байна. Тэр бүх хугацааг тооцвол хямд үнээр авсан шатахуун ирэх сарын сүүлээр ирж, дараа жилийн нэгдүгээр сарын эхээр худалдаанд гарч эхлэх нь. Дэлхийн зах зээлийн ханшийг дагасан шатахууны үнийн өсөлт манай улсад дараа сарынх нь сүүлээр мэдрэгддэг гэж энэ зах зээлийнхэн онцолж байна. Шатахууны үнэ нэмэх шийдвэр сарын сүүлээр гардаг нь ийм шалтгаантай аж. Дахин тодруулж хэлэхэд дэлхийн газрын тосны зах зээл дээр таамаг эвдсэн өөрчлөлт энэ сарын 25 хүртэл гарахгүй л бол ирэх сарын сүүл, дараа жилийн нэгдүгээр сарын эхээр шатахууны үнэ буух нь тодорхой болжээ.

Ам.долларын ханш өсвөл бага хэмжээгээр, буурвал энэ оны эхэнд ямар байсан хэмжээ рүүгээ очно гэсэн таамаг дуулдаж байна. Долларын ханш энэ янзаараа байвал хилийн үнэ яаж буухаас хамаарч буулгах хэмжээгээ тогтоох бололтой. Ам.доллар 2400 руу уруудсан нөхцөлд шатахууны үнэ энэ жилийн эхнийх шиг 1730 төгрөг рүү буух боломж бий гэсэн тооцоо гарчээ. ОХУ-аас шатахуунаа ам.доллараар худалдаж авдаг учраас шатахууны үнэ долларын ханштай шууд хамааралтай байдаг. Импортлогчид шатахуун худалдаж авах ам.доллараа тодорхой хүүтэйгээр арилжааны банкуудаас зээлж авдаг гэсэн шалтгаан бас бий.

Бид ам.долларын ханшийн ирэх оны таамгийн сонирхохоор “Голомт” банкны ахлах шинжээч Г.Ганзоригт хандсан юм. Тэрээр “Ам.долларын ханшид нөлөөлдөг гурван үндсэн хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт, Монгол Улсад орж, гарч буй ам.долларын урсгал чухал. Үүнийг төлбөрийн тэнцлийн данснаас харж болно. Яг өнөөдрийн байдлаар энэ үзүүлэлт манай улсыг ам.долларын гарах урсгалтайг харуулж байна. Хоёрдугаарт, хүлээлт гэж зүйл чухал бий. Хэрэв иргэд, аж ахуйн нэгжүүд ханш өснө хэсэн хүлээлттэй болчихвол шуудхан ам.доллар авч даръя гэж бодно. Үүнээс нь болж зах зээлд долларжилт бий болж, ханш өсөх шалтгаан үүсдэг. Гуравдугаарт, шок нөлөөлөл чухал нөлөөтэй. Засгийн газар унах, эсвэл ам.долларын ханштай шууд хамааралтай биш ямар нэгэн сөрөг мэдээ гарахад ханш савладаг. Энэ нь ханшийн хүлээлттэй төстэй мэт боловч яг ч бас тийм биш. Урт хугацаанд ханш өснө гэсэн хүлээлт иргэдэд үүсэхээс илүүтэйгээр ам.долларыг эрсдэлээс хамгаалах хэрэгсэл болгох зорилгоор худалдаж авдаг. Ирэх жил ам.долларын ханш ямар байхыг сая хэлсэн гурван шалтгаантай холбож тайлбарлая. 2019 онд Монгол Улсад томоохон өр төлөлт байхгүй. Худалдааны тэнцэл талдаа таваарын ханш тогтвортой байвал ашигтай гарах хүлээлт бий. Хөрөнгө оруулалтын хувьд мөн л эерэг талдаа байх болов уу.

Ингэхээр зөвхөн эхний шалтгааны хувьд бол ам.доллар тогтвортой байх суурь нөхцөл бүрджээ. Харин хүлээлтийн хувьд арай өөр зураг гарч байгаа. Бид хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгаа гэж хийдэг. 1000 иргэнээс авдаг юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд ам.долларын ханш өснө гэж хүлээж буй иргэдийн тоо улам бүр нэмэгдсээр байна. 2017 онд нийт иргэдийн 41 хувь нь ам.доллар өснө гэж хүлээж байсан бол 2018 оны гуравдугаар улиралд 54 хувь болчихсон. Төгрөгт итгэхээ больж байгааг харуулсан тоо. Тэгэхээр хоёр дахь шалтгааны хувьд ирэх онд ам.долларын ханш өсч таарах нь. Гурав дахь шалтгаан болох шок нөлөөлөл 2019 онд тийм ч таатай харагдахгүй байна. Учир нь ирэх он сонгуулийн өмнөх жил. Улс төрийн хувьд тогтворгүй байдал үүсгэх сонирхол хаа сайгүй бий болж байна. Энэ нь ханшид сөргөөр нөлөөлөх боломжтой” гэсэн хариу өглөө. Эндээс анзаарахад ам.долларын ханшийг өсгөдөг гурван шалтгааны хоёр нь тааруухан байна. Сая дурдагдсан хоёр том эрсдэл ирэх саруудад эерэг зүг рүүгээ эргэхгүй бол ногоон валютын ханш өсөх эрсдэлтэй гэсэн үг.

Шатахууны үнэд нөлөөлөх дараагийн том шалтгаан нь татвар. Засгийн газар, Сангийн яам газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ буурлаа гэсэн шалтгаанаар онцгой албан татвараа сэргээчихвэл шатахууны үнэ зах зээлээ дагаад буух боломжгүйд хүрч мэдэх нь. Засгийн хувьд сонгууль дөхсөн учраас ийм эрсдэл хийхгүй нь тодорхой байх. Онцгой албан татвар сэргэхгүй бол шатахуун импортлогчид бензин, дизелийн үнээ дэлхийн захын ханшийг дагаад буулгах нь бас тодорхой байна. Тэгэхээр ам.долларын ханш л шатахууны үнэд сөргөөр нөлөөлөх ганц шалтгаан болж магадгүй нь. Ам.долларын хувьд гадаад эрсдэл бийг бас онцолъё. АНУ-ын Холбооны нөөцийн банк ирэх саруудад бодлогын хүүгээ ойрхон хугацаанд гурван удаа өсгөнө гэсэн таамаг шинжээчдийн дунд бий. Хэрвээ энэ таамаг үнэн бол ногоон валютын ханш ирэх онд дэлхий даяар чангарах эрсдэл байгаа. Ам.долларын дэлхийг хамарсан ийм чангаралтад өртөмтгий хэсэгт манайх шиг үйлдвэрлэл сул хөгжсөн, импортоос өндөр хамааралтай улс орнууд багтдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *