Categories
гадаад мэдээ

Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн этгээдүүдэд цаазын ял төлөвлөжээ

Саудын Арабын Прокурорын газраас сэтгүүлч Жамал Хашоггийг хөнөөсөн хэрэгт холбогдсон таван хүнд цаазаар авах ял төлөвлөсөн талаар мэдээлснийг “CNN” агентлаг уламжлав.

Прокурорын газраас, сэтгүүлч Хашоггийг хөнөөсөн хэрэгт 11 хүнийг буруутган шалгаснаас тавыг нь “гэмт хэргийг захиалах, гүйцэтгэх” ажиллагаанд оролцсон хэмээн үзэж, цаазаар авах ялаар шийтгэхээр шийдвэрлэсэн талаар мэдээлжээ. Прокурор мөн сэтгүүлч амиа алдсан хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн аравдугаар сарын 2-ны өдөр Истамбул дахь Саудын Арабын консулын газар сэтгүүлч Хашогги гэмт этгээдүүдтэй “багагүй тэмцэлдэж”, улмаар амиа алдсан гэжээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр, Саудын Арабын прокурор “Жамаль Хашоггийн амийг хөнөөх даалгаврыг угсаа залгамжлах Хунтайж Мохаммед бин Салман бус, харин тагнуулын ажилтан өгсөн” гэж дүгнэсэн байна. Тус тагнуулын ажилтан нь Жамаль Хашоггийг Саудын Арабад эргүүлэн аваачих даалгавартай байсан гэж прокурорын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Мөн тэрбээр аравдугаар сарын 2-ны өдөр Истамбул хот дахь Саудын Арабын консулын газарт Жамаль Хашоггид үхлийн тариа тарьсан тухай дурдсан байна. Өнгөрсөн долоо хоногт сэтгүүлч Хашоггийн гэр бүлийнхэн Саудын Арабын эрх баригчдад хандан цогцсыг нь авч, оршуулах ёслол үйлдэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Туркийн тал “Сэтгүүлчийг амиа алдсаны дараа мөчлөн хувааж, дараа нь химийн тусгай уусмалд уусгасан” гэж мэдэгдсэн билээ ч тус мэдээллийг Саудын Араб батлаагүй байгаа юм. Сэтгүүлч Жамаль Хашогги амиа алдсан хэрэгтэй холбогдуулан АНУ-ын Сангийн яам Саудын Арабын 17 иргэнд хориг арга хэмжээ авсан талаар “ТАСС” агентлаг мэдээлжээ. .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *