Categories
мэдээ улс-төр

Европын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрыг нээв

Европын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрыг албан ёсоор нээж, тууз хайчлах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тус арга хэмжээг нээж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Европын Комиссын Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн асуудал эрхэлсэн комиссар (сайд) Нэвэн Мимица нар үг хэлэв.

Европын Холбооноос Монгол Улсад суурин Төлөөлөгчийн газраа нээсэн нь Монгол Улстай хийх харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч буйн илрэл болохыг Төрийн нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв. Тэрбээр Европын Холбоо болон түүний гишүүн улсуудтай хөгжүүлж буй харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд Төлөөлөгчийн газар чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Европын Комиссын комиссар Н.Мимица Европын Холбоо Монгол Улстай хөгжүүлж буй харилцаагаа бэхжүүлэн шинэ шатанд гаргахыг зорьж, Монгол Улс, Европын Холбоо хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх, иргэд хоорондын харилцааг дэмжихэд онцгой анхаарч ажиллаж буйгаа онцлов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *