МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай нэр холбогдоод буй гишүүдийг шалгаж, ёс зүйн хариуцлага хүлээлгэн, улмаар гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагыг хүргүүлж байгаа аж.
Тэрээр “Би энэ мэдээллийг намын даргын хувьд биш харин УИХ-ын гишүүний хувьд хийж байна. Өнөөдөр ЖДҮДСангийн асуудалд Засгийн газар, УИХ-ын түвшинд олигтой арга хэмжээ авч чадахгүй байна. Энэ асуудал зөвхөн Хөдөө аж ахуйн сайд Б.Батзоригийг огцруулаад зогсох асуудал биш ээ. Үүнд намууд, ерөнхий сайд нар энэ асуудлыг хөндөж ЖДҮХСангийн асуудлыг яагаад ярихгүй байна, ард түмэнд мэдэгдэл хийхгүй байгаа юм бэ гэдэг нь өөрөө асуудал болчихоод байна. Тиймээс УИХ дарга, Ерөнхий сайд , МАН-ын дарга Хүрэлсүх нарт ЖДҮ-ийг тойрсон асуудал нийгэмд бухимдал үүсгэж байгааг зогсооход тодорхой арга хэмжээ авч ажиллах ёстой гэж үзэж байна. Иймд та бүхнийг энэ асуудлыг анхаарч энэ талаар тодорхой мэдээлэл хийхийг шаардаж байна.
Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч бид хоёр шүдгүй арслан шиг байна. Хий л ярихаас цаашгүй байна гэж саяхан ярьсан. Яагаад ингэж үзэж хэлж байгаагаа тайлбарлах хэрэгтэй. Уг нь улсын ерөнхий прокурор зэргийг томилох, өөр бусад зүйлсийг эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх, хууль ёсны дагуу ажиллах бүрэн эрх мэдэл байгаа. Үүнээс илүү ямар эрх мэдэл хүсээд байгааг нь ойлгохгүй байна.” гэлээ.
Мөн УИХ-ыг тараах ерөнхийлөгчийн саналын талаар“ УИХ-ыг тараах хүсэлтийг Ерөнхийлөгч гаргах эрхтэй. Үүнийг хэрэгжүүлэх, тараах эсэхийг УИХ өөрөө мэдэх хуультай байдаг” гэв
-Засгийн газрын огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл байна гэсэн асуултад: Одоогоор тийм яриа гарсан. Үнэн эсэх нь тодорхойгүй байна. Надад УИХ-ыг тараах талаар гарын үсэг зурах асуудал ирээгүй байна гэж хариулав.
Б.ОЮУНЖАРГАЛ